Нийслэлийн алслагдсан хэсэг рүү орж, гарахад иргэний холбогдох бүх бичиг баримтыг шалгаж нэвтрүүлнэ
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын тавдугаар хуралдаанаараа тууш замын болон 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буюу улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл БҮРЭН ХОРИГЛОХ шийдвэр гарсан. Мөн дээрх өдрүүдэд галт тэрэгний хөдөлгөөнийг ч хориглосон.
Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл /Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарам/-ийн хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавина.
Иймд иргэдийг батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.