Татварын тайлангийн систем шинэчлэгдэнэ
Татварын шинэ хууль энэ оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэн татвар төлөгчийн дугаартай болж, цахимаар татварын бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын татварын албаны тайлангийн систем болох www.e-tax.mta.mn сайтыг “Цахим татварын систем” болгон өргөжүүлж www.etax.mta.mn болгон өөрчилнө.
Цахим тайлангийн системд суурилан хийгдсэн Цахим татварын системд зөвхөн хувь хүн өөрийн бүртгэлээр нэвтрэх бөгөөд системд нэвтэрсний дараа байгууллагыг бүртгэх, эрхийг тохируулдаг болсноороо онцлог юм. Энэхүү систем нь татварын тайланг санхүүгийн программаас шууд илгээх, цахим төлбөрийн баримтын системийн өгөгдлөөс хялбаршуулсан тайланг бэлтгэдэг зэрэг давуу талтай юм. Мөн технологийн хувьд сайжирч, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт боловсронгуй болж, цахим гарын үсгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
Энэхүү шинэчилсэн системийг 2020 оны 02 дугаар сарын 02-ноос эхлэн системд бүртгүүлэх, нэвтрэх байгууллагын эрх холбох, эрхийн тохиргоо хийх, АТӨЯХ-ийн албан татвар төлсөн төлбөрийн баримт хэвлэх зэрэг үйлдлийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд 2019 оны жилийн эцсийн тайлангийн хугацаа дууссаны дараа шинэ системд бүрэн шилжинэ.
Тиймээс татвар төлөгч та бүхэн etax.mta.mn сайтад хандан дараах үйлдлүүдийг урьдчилан хийж шаардлагатай байгааг анхаарна уу? Үүнд:
1. Хувь хүн шинэ системд бүртгүүлэх
2. Бүртгэлийн дагуу системд нэвтрэх
3. Нэвтрэн орсны дараа татвар төлөгч аж ахуйн нэгжийг бүртгэх
4. Эрхийн тохиргоо хийх
Монголын татварын алба нь Татварын удирдлагын нэгдсэн системийг өнгөрсөн онд ашиглалтад оруулснаар нэгдсэн мэдээллийн баазтай болж мэдээлэл солилцооны хурд нэмэгдэж, татвар төлөгчдөд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Шинэчлэгдэж буй Цахим татварын системд нэвтэрсэн хаягаар www.etax.mta.mn, www.itax.mta.mn болон ebarimt аппликейшн гэсэн гурван системд нэг нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрдэг болох юм .