НийгэмЭнэ сардНийслэл

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх цогц шийдлүүдтэй танилцав

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан нар НЗДТГ-аас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг 2025 он хүртэл хөгжүүлэх цогц шийдлүүдтэй өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уулзалтын эхэнд  “Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг хийсэн.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд Хотын захиргаа УИХ, Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран зөв гарц, шийдлийг шат дараатай хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Үүрэг даалгавар өгснөөс хойш үндсэндээ дөрөв, тавхан сарын хугацаанд бүрэн хэмжээний шийдлийг танилцуулж байгаа Хотын даргад болон төрийн албан хаагчдад Засгийн газрын зүгээс талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Мөн агаарын дүүжин тээврийн загвар, Хятад улсаас авч байгаа цахилгаан автобусыг Сүхбаатарын талбайд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор үндсэн гурван чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Нийслэлд өдөрт 650 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан байна. Жилдээ давхардсан тоогоор 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан бол 180 сая болж буурчээ. Энэ нь нийтийн тээврийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж буй юм. Мөн сүүлийн 10 жилд автобусны парк шинэчлэл хийгдээгүй. Одоо үйлчилгээнд явж байгаа 1100 автобусны 800 гаруй нь шаардлага хангахааргүй, актлагдахаар байгаа аж. Иймд 2020 онд 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай 600 ширхэг цахилгаан автобусаар парк шинэчлэл хийхээр хотын удирдлагууд төлөвлөж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 200 автобусыг оруулж ирэх юм байна.

Үүнээс гадна Улаанбаатар хотын нийтийн тээврийг зөвхөн автобусаар биш олон янзаар шийдэхээр төлөвлөжээ.  Түүний нэг нь агаарын дүүжин тээвэр аж. “Баянхошуу-Ханы материал-3, 4-р хорооллын эцэс”, “7 буудал-Дарь-Эх-Сансар” гэсэн чиглэлд агаарын дүүжин тээврийг явуулахаар төлөвлөсөн байна. Агаарын дүүжин тээврийн нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут байх аж. Харин дээр дурьдсан чиглэлүүдэд явах хугацаа нь 16 минут байх аж.

Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар, Сангийн яамаар дамжин хэлэлцэж шийдвэрлэсэн тохиолдолд бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэх бөгөөд 2021 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм байна.  Харин хотын төв зам буюу “Энхтайвны өргөн чөлөө”-гөөр цахилгаан соронзон галт тэрэг явуулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжинд “Амгалангаас-Таван шар” чиглэд уг соронзон галт тэргийг явуулах бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламжийг барих аж. Ингэснээр “Энхтайвны өргөн чөлөө”-ний авто замын ачаалал 68 хувиар буурна гэж тооцоолжээ.

Энэхүү галт тэрэг нь өдөрт 210 мянга хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна.  Хүлээлгийн хугацаа нь ойролцоогоор 3-5 минут байх аж. Цаашлаад “Их тойруу”-гаар цахилгаан соронзон галт тэргийг явуулахаар тооцож байгаа аж. Харин автобусуудыг нийтийн тээвэрт богино эргэлтээр явуулахаар төлөвлөжээ. Мөн  “Хан-уул-Нисэх” чиглэлд тусгай замын автобус явуулах аж. Өнгөрсөн 11 дүгээр сараас “Сургуулийн автобус”-ыг үйлчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  33 чиглэлд 5000 хүүхдэд үйлчилж байна. Иймэрхүү байдлаар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлэх аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version