Нийгэм7 хоногБоловсрол

Говь-Алтай, Завхан аймгийн их сургуулийн багш нар сургалтад хамрагдлаа

БСШУСЯ, АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр “Орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотноо /2020.01.15-16/ зохион байгууллаа. Тус сургалт нь орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих, сургалтын шинэ арга технологийг танилцуулах, харилцан сайн туршлагаа солилцох, нээлттэй боловсрол, мэргэжлийн ёс зүйн асуудлуудын талаар нэгдсэн ойлголт, шинэ мэдлэг, мэдээлэлтэй болох, орон нутгийн их, дээд сургуулиудын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

Сургалтад МУИС-ийн салбар Завхан сургууль, АШУҮИС-ийн салбар Говь-Алтай аймгийн Анагаахын сургуулийн тус бүр 20, нийт 40 багш, мэргэжилтнүүд, удирдах ажилтан нар хамрагдлаа. Сургалтын үр дүнд хөдөө орон нутгийн их дээд сургуулийн багш, удирдлагуудад багшийн хөгжлийг дэмжих тухай хууль эрх зүй, сургалтын шинэ арга технологи, нээлттэй боловсролын талаар цэгцтэй нэгдсэн ойлголт өгч, энэ чиглэлийн санаачилгуудыг зөв чиглүүлж, хамтран ажиллах юм. Ингэснээр дээд боловсролын сургалтын байгууллагын багшид тавигдах шаардлагыг хэлэлцэж, мэргэжлийн ур чадвараа сайжруулах сургалтын хөтөлбөрийн  дотоод чанарын баталгаажуулалтыг ханган ажиллаж сургалтын чанарт ахиц гаргахад баг хамт олноороо ажиллах, тэргүүн туршлага судлах боломж бүрдэнэ.

Р.Чанцалдулам: Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд багш нарыгаа

дэлхийн хэмжээний профессорууд болгоход анхаарч байна

/ХААИС-ын Сургалт эрхэлсэн дэд захирал/

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хүрээнд БСШУСЯ-наас сүүлийн жилүүдэд дээд боловсролын шинэчлэлийн төслийг санаачлан хийж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг төслийн хүрээнд их дээд сургуулийн багшийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр маш олон сайхан арга хэмжээ сургалтууд зохиогдож байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн их дээд сургуулийн багш нарыг чадавхижуулах, багшийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар орчин үеийн их дээд  сургууль, сургалтын байгууллагын багш гэдэг ямар чадамжтай, ямар хүн байх вэ гэдэг талаар бид ярилцлаа. Их сургуулийн багш хүн  нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэгийн хувьд өөрсдөө зохих чадамжтай ур чадвартай, түүнийгээ байнгын тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай. Энэ бол нийгмийн  хэрэгцээ. Чадварлаг сайн мэргэжилтэн бэлтгэе гэвэл багш нар эхлээд өөрийн ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Бид өмнө нь оюуны чадамжтай, тухайн салбар болон мэргэжлийнхээ хүрээнд мэдлэг ур чадвартай, заах  арга зүйтэй байвал их сургуулийн багш байх боломжтой гэж үздэг байсан.

Харин одоо их сургуулийн багш хүн судалгааны чадамжтай байхыг шаардах болсон. Судалгаан дээр суурилсан шийдвэр гаргалтуудыг хийж, шинжилсэнээ оюутнуудад таниулахын тулд багш хүн энэ чадварыг эзэмших хэрэгтэй. Нөгөө талаар хувь хүний хөгжлийн хувьд зөөлөн ур чадварыг эзэмших шаардлагатай. Ингэхдээ багаар ажиллах ур чадвартай болгох, системтэй боддог ур чадвартай болгох, бусдыг ойлгодог ур чадвартай болгох хэрэгтэй. Энэ ур чадвар нь ямар ухагдахуунтай, ямар хэмжүүрээр тухайн оюутны багаар ажиллах ур чадварыг хэмжих вэ гэдэг нь их чухал. Тухайн оюутны бусдыг ойлгож байгаа хандлага, чиглэлийг хэрхэн хянах вэ гэдэг нь бидний хувьд нилээн тулгамдаж байгаа асуудал.

Уг асуудлыг тодорхой болгох зорилгоор БСШУСЯ-аас санаачлан саяхан ажлын  хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь дээд боловсролын сургалтын байгууллагуудын “Багшийн хөгжлийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх чиглэлд анхаарч, багшийн зохих чадамжийн хүрээ, багшид тавигдах нийтлэг шаардлага, үнэлэх үнэлгээний арга зүйг боловсруулна. Судалгаанд суурилсан их сургуулиуд нь судлаач багшийг арга зүйн хувьд хэрхэн яаж дэмжиж ажиллах юм, багшлахуйн буюу идэвхитэй сургалтын арга зүйг эзэмшүүлэхэд их сургуулийн багшийн юун дээр анхаарах юм зэрэг асуудлын хүрээнд ажлууд хийж байна.

Ер нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн их сургуулийн багш байна гэдэг их чухал. Нэр хүндийн асуудал. Аль нэг сургууль дээр үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн  ахлах багш байх заавал ёстой. Энэ бол Монгол Улсын төрийн маш чухал бодлогын нэг байх ёстой. Гадаад харилцаа улам бүр нээлттэй болж байгаа өнөө үед их дээд сургуулийн багш нь ахлах зэрэгтэй эсвэл профессор байвал тухайн хүнийг Монгол Улсын профессор гэдэг байдлаар л хандана. Их дээд сургуулийн багш нарын мэдлэг ур чадвар, бусадтай харилцах харьцаа, зөөлөн ур чадвар дэлхийд үнэлэгдэх болчихсон өнөө үед энэ асуудлыг цогцоор нь харах ёстой. Тиймээс багш нарыгаа дэлхийн хэмжээний, үндэсний хэмжээний профессорууд болгоход энэ бодлого маш чухал үүрэгтэй гэж үзэж байна.

М.Банзаагаяа: Багш нарыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар

олон сайхан мэдлэг, мэдээлэл өгсөн сургалт боллоо

/АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал,

АУ-ны доктор, профессор/

Багш хөгжлийн төвийн хөгжлийг дэмжсэн БСШУСЯ-ын энэ бодлогыг манай бүс нутагт үйл ажиллагааг явуулж байгаа их дээд сургуулиуд дэмжиж, хэрэгжүүлэн ажиллаж байна.  Хамгийн гол нь багшийг яаж хөгжүүлэх, багшийг яаж дэмжих вэ гэдэг асуудал нь чухал байдаг. Энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа БСШУСЯ, Дээд боловсролын шинэчлэл төслийн багийнханд талархаж байна. Энэ ажлыг хийхэд Азийн хөгжлийн банкны санхүүжилт маш том дэмжлэг болж байна. Оюутны амралтын үеэр манай сургуулийн 20 багш энэ сургалтад ирж оролцож  байна.

Манай сургууль энэ хичээлийн жилийг багшийн заах  арга зүйг сайжруулья, багш нарыг дэмжье гэсэн чиглэл рүү анхаарч, зорилго тавьж ажиллаж байна. Орон нутгийн их дээд сургуулиуд бид дотооддоо сургалтууд нилээдгүй хийдэг. Энэ удаад мэдээллийг богино хугацаанд багш нарт хүргэж, олон улсын туршлагаас суралцаж, БСШУСЯ-ны баримталж байгаа бодлого чиглэл, багш нарыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар олон сайхан мэдлэг, мэдээлэл өгсөн сургалт боллоо гэж бодож байна. Тухайлбал, практик, заах арга зүйд ямар  шинэчлэлүүд орж ирж байна, энэ шинэчлэлийг бид нар өөрийн сургуулийн онцлогт тохируулан хэрхэн хэрэгжүүлэх, орон нутгийн  их дээд сургуулиуд хэрхэн баг болж ажиллах, цаашид хэрхэн хөгжих вэ зэрэг олон чиглэлээр ахиц дэвшил гарсан сургалт  боллоо гэж дүгнэж байна.

Д.Алтанхуяг: Их дээд сургуулиуд маань дэлхийн хэмжээний өрсөлдөх чадвартай

мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургалтын чиг хандлагыг өөрчлөх нь зүйтэй

/Монгол Улсын Их Сургуулийн салбар Завхан сургуулийн захирал/

Азийн хөгжлийн  банкны санхүүжилтаар БСШУЯ-нд Дээд боловсролын  шинэчлэл төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөлийн үр дүн хөдөө орон нутагт ч үр өгөөжөө өгч байна. Уг төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн их дээд сургуулиудад сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжийн  шинэчлэл хийгдсэн. Нөгөө талаар багш нарын багшлах, сурган заах аргын хувьд өөрчлөлт, шинэ хандлага авчирсан гэж хувьдаа үздэг. Энэ удаагийн сургалтаар төслийн багийн гишүүд маань өөрсдийн гадаадын их дээд сургуулиудаас сурсан туршлагуудыг бид бүхэнтэй хуваалцлаа. Мөн өнөөгийн  дэлхийн боловсролын чиг хандлага хаашаа чиглэж байгааг буюу сурган заах арга зүйн хувьд, сургалтын технологийн хувьд ямар өөрчлөлт гарч буйг харьцуулан хэлж, бидэнтэй харилцан ярилцаж, мэдээлэл хуваалцаж байгаад баяртай байна.

Оюутнууд уламжлалт танхимын сургалтын зарчмаар сурч боловсорч байгаа ч өнөө цагт  энэ хэв шинжийг өөрчилж, оюутнуудад зориулсан идэвхитэй сургалтын ямар арга зам байж болох, суралцаж байх хугацаандаа ямар чадвар чадамжуудыг бий болгож төгссөх юм гэдэг нь их чухал ойлголт юм. Мөн нийгмийн хөгжлийн чиг хандлагатай хэрхэн уялдах вэ гэдэг асуудал дээр ч нилээн сайн зөвлөгөө, сургамж мэдэж авлаа. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө сурган заах аргын хувьд юуг анхаарч ажиллах вэ гэдэг мэдээлэл туршлага, кейстэй боллоо. Өмнө нь оюутнууд тухайн цаг үедээ  тохирсон мэдлэг мэдээлэл авч хичээл чармайлт гаргаж, суралцдаг байсан.

Харин өнөөгийн оюутнуудын хувьд мэдлэг, мэдээлэл нь глобалчлагдаж, цахимжсан хүсээн зүйлээ хайгаад унших боломж дүүрэн байна. Ийм нөхцөлд оюутнуудын сурах арга барил, мэдлэг олж авах арга зам нь өөрчлөгдөнө. Тиймээс оюутны энэ хүсэл сонирхол  дээр тулгуурласан орчныг бүрдүүлж байж, оюутны сургалтыг өгч, мэдлэг түгээх нь маш чухал асуудал юм. Энэ бол яах аргагүй цаг үеийн буюу нийгмийн шаардлага болсон. Нөгөө талаар улс орны хөгжлийн гол түлхүүр нь дээд боловсролтой мэргэжилтнүүд байдаг. Тэгэхээр  төгсөж гарч  байгаа мэргэжилтнүүд маань өндөр ур чадвартай, бүтээлч  болон төгсөхийн тулд өнөөгийн боловсрол олгож байгаа их дээд сургуулиуд маань дэлхийн хэмжээний өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чадамжтай байхын тулд  өөрсдөө шинэчлэл хийж, сургалтынхаа чиг хандлагыг өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version