УИХ7 хоногУлс төр

АБГББХ: Хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны анхны хуралдаан өнөөдөр /2020.01.02/ 13 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан. Европын холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гаргах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 157 дугаар захирамжийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд дэлхийн 130 гишүүн улстай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуух гишүүн гарсангүй. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханаас төслийн 2 дугаар зүйл 1.4 дэх заалтад “Аль нэг талын засаг захиргааны онцгой бүс, орон нутгийн засаг захиргааны нэгжээс ногдуулсан энэ зүйлийн 1.3 дахь заалтад хамаарах татварууд” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан.

Монгол Улс нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны гишүүн орон болох Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай улс төр, худалдаа эдийн засаг, соёлын салбараас гадна батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж байна. Манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр орны зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарын сайд танилцуулгадаа онцоллоо.

Мөн 2019 оны 07 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотноо хоёр талын ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр 2013 онд яамд хооронд байгуулсан санамж бичгийг “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болгон түвшин ахиулах талаар харилцан тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийг БНСВУ-ын Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн. Батлан хамгаалах яам Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын холбогдох яамдын саналыг авч нэгтгэн, Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцсон гэж байлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2019 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийж, айлчлалын үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, ойрын хугацаанд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа аж.

Уг төсөл нь 8 зүйлтэй бөгөөд хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн талууд зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, мэдээлэл харилцан солилцох, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, цэргийн эмнэлэг, цэргийн сургалт, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах аж үйлдвэр зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдээр харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version