“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан төрийн 13 алба хаагч тангараг өргөлөө
Энэ сарын 11-нд тохиох “Эрдэнэт хотын өдөр” болон “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн өдрийг тохиолдуулан аймгийн Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолд нийт 13 албан хаагч оролцов. Тухайлбал, аймгийн ИТХ-ын Ажлын алба, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Жаргалант сумын ЗДТГ-ын алба хаагчид төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллахаа тангараглалаа. Орхон аймагт төрийн албанд 4000 гаруй алба хаагч ажиллаж байна.
“Эрдэнэт хотын өдөр”-ийг жил бүрийн 12 дугаар сарын 11-нд зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслол, Орхон аймаг, Эрдэнэт хотыг удирдаж байсан үе, үеийн удирдлага, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, үзвэр, үйлчилгээний газрууд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгжийг урамшуулдаг юм.