“Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөл”–ийн чадавхийг бэхжүүлэх сургалт боллоо
GIZ буюу Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр /ЭТИС/, аймгийн ЗДТГ хамтран “Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах гурван өдрийн сургалт зохион байгуулж байна.
“Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөл”-ийн гол зорилго нь тухайн орон нутгийн бизнесийн таатай орчинг бий болгоход чиглэж байгаа бөгөөд анх Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймагт ЭТИС-ын дэмжлэгээр байгуулж байсан бол өдгөө Өмнөговь, Орхон аймагт уг зөвлөлийг байгуулж үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
ЭТИС хөтөлбөр нь Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Бизнес хөгжлийн төв” байгуулж 300 мянган еврогийн сантай “Инновацийн сан”-аас 21 төслийг бүрэн санхүүжүүлж бизнесийг нь дэмжсэн байна. Мөн Өмнөговь аймагт хоёр сая ам.долларын төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт 90 мянга, ХАА, ногоон технологийг дэмжиж 150 мянга, ЖДҮ-ийг дэмжиж 120 мянган еврогийн санхүүжилтийг олгоод байгаа ажээ. Эдгээр санхүүжилт нь буцалтгүй гэдгээрээ бусад олон улсын хөтөлбөрөөс онцлог юм.
“Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөл”-ийг тухайн орон нутгийн ИТХ-ын дэргэд байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын орлогын 70 хувийг жижиг, дунд үйлдвэрийнхэн бүрдүүлдэг тул тэднийг дэмжих нэн шаардлагатай байгаа аж. Иймээс ИТХ-ын дэргэд “Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөл”-ийг байгуулж орон нутагт нь тохирсон үйл ажиллагаа, төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллах юм. Үүнд ЭТИС хөтөлбөр мэргэжил, арга зүйн хувьд тусалж цаашдын үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ.
Орхон аймгийн ЗДТГ уг зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж эхний сургалтаа зохион байгуулж байгаа нь энэ юм.