“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аянд Орхон аймагт 2800 хүүхэд хамрагджээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Орхон аймагт 2800 хүүхэд үзлэгт хамрагджээ. Энэ нь нийт үзүүлэх ёстой 2-6 насны 10200 хүүхдийн 27 хувь нь л юм.
Үзлэгийн үеэр нийт хүүхдийн 86 хувь нь шүдний цооролттой, эмчлэх зайлшгүй шаардлагатай гэж гарсан бөгөөд дунджаар нэг хүүхдийн 6-8 шүд цооролттой байжээ. Иймд хүүхэд бүрт 60 мянган төгрөгийн эмчилгээ хийсэн байна. Цаашид үзүүлж чадаагүй олон хүүхэд байгаа ч ЭМЯ-наас олгодог санхүүжилт нь дууссан тул эмчилгээ хийж байсан таван эмнэлэг хүүхдүүдэд төлбөртэй үйлчилж эхэлжээ. Мөн хүүхдээ үзүүлэх эцэг, эхийн тоо ч буурсан байна. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлж санхүүжилтыг нэмэхийг шүдний эмч нар болон иргэд аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас хүсчээ.