Хүүхдийн спортын VI наадамд медалийн тоогоороо Орхон аймаг дэд байрт орлоо
Монголын Хүүхдийн спортын VI наадам энэ сарын 6-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Уг наадамд оролцсон Орхон аймгийн тамирчдыг эцэг эх, багш, төр захиргааны байгууллагын төлөөлөл угтан авлаа.
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн баг тамирчдаас үзүүлсэн амжилт, медаль хүртсэн байдлаараа Орхон аймаг 2 дугаарт эрэмбэлэгдэж бахдам амжилтыг үзүүллээ. Тодруулбал, Орхон аймгийн баг тамирчид 19 алт, 16 мөнгө, 20 хүрэл медаль хүртжээ.
Тэр дундаа сагсан бөмбөгийн төрөлд Орхон аймгийг төлөөлж 4 баг оролцон, бүгд медальт байранд шалгарсныг багш, дасгалжуулагчид онцолж байлаа.
Монголын Хүүхдийн спортын VI наадамд тус аймгаас зуны 19, өвлийн 2, нэмэлт 6, паралимпийн 4 төрлөөр 250 гаруй хүүхэд, 50 орчим багш дасгалжуулагч өрсөлдсөн юм.
Эдгээр тамирчдын хувцас хэрэглэл, бэлтгэл болон тэмцээний үеэрх байр, хоол, унааны зардлыг Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-аас санхүүжүүлжээ. Мөн “Ачит ихт” ХХК болон Ерөнхий боловсролын сургуулиуд мөнгөн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллажээ.