Орхон аймагт үерийн далан барих ажлын судалгаа эхэллээ
Орхон аймагт үерийн нэгдсэн далан барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах компанийн төлөөллүүд аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Уг ажлыг “Европын сэргээн босголтын банк”-тай хамтран ажилладаг компаниуд гүйцэтгэх юм. Тодруулбал, төслийн зөвлөх болон судалгааны ажлыг “Sweco” групп, “Монкансалт”ХХК, санхүү, эдийн засгийн судалгааг “БДО” ХХК хийнэ. “Sweco” групп нь Дани улсад төвтэй 15 мянган ажилтантай олон улсын байгууллага юм. Дээрх гурван байгууллага хамтран Орхон аймагт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн судалгаа, үерийн далан барих, инженерийн шугам сүлжээг тэлэх техник, эдийн засгийн үзүүлэлтийг гаргах юм. Уг ажлыг “Европын сэргээн босголтын банк” санхүүжүүлэх ажээ.
Орхон аймагт сүүлийн таван жилд есөн удаагийн үер, усны гамшиг тохиолдсоны улмаас долоон хүний амь эрсэдсэн юм. Иймд 2015 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Хотын үерийн хамгаалалтын далан суваг”-ийн ажлын зургийг боловсруулсан ч хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас уг ажлыг эхлүүлж чадаагүй юм. Зураг төсөвт туссанаар Эрдэнэт хотод нийт 44.6 км үерийн хамгаалалтын далан барихад 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа юм.