Алслагдсан аймаг сумдад 27 түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Улсын Төсвийн хөрөнгөөр Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 2 жилд /2018, 2019 оны байдлаар/ 172.60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлтийг эрүүл мэндийн байгууллагуудад хийгээд байна. Тухайлбал ШУГТЭмнэлэгт 4.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн MRI, Ангиографийн аппарат, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 825 сая төгрөгийн өртөг бүхий Компьютер Томографийн аппаратыг тус тус суурилуулж ашиглалтад оруулсан бол, Дорнод аймаг дахь БОЭТ-д вакум мэс заслын өрөөг 600 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгөөд байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын автомашины парк шинэчлэлтийн хүрээнд 2018, 2019 онд нийт 160 гаруй 8.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомашиныг нийлүүлээд байна. Зайн оношилгоо хийх боломжтой эмнэлгийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг Булган, Увс, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг нийслэлийн зарим дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд, туулах чадвар сайтай автомашиныг 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт нийлүүлсэн аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай эмнэлгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг шат дараатайгаар хийж байна.
Өнөөдрийн хувьд Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай байсан яаралтай эрчимт эмчилгээний тоног тоног төхөөрөмжүүд болон дурангийн оношилгооны болон бусад нийт 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдэд хүлээлгэн өгч байна. Ингэсэнээр улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудын автомашины парк шинэчлэлт 90 гаруй хувьтай хийгдэж байгаагийн зэрэгцээ өвөлжилтийн бэлэн байдлыг бүрдүүлж байгаа юм.