Байгаль орчинНийгэмФото сурвалжлагаНийслэл

Дулааны алдагдагдлаа бууруулсан “Загвар өрх”

Жил бүрийн өвөл агаарын бохирдол, утааны асуудал нийслэлчүүдийн ярьдаг мөнхийн сэдвүүдийн нэг болоод удаж буй. Тиймдээ ч төр засаг, дүүрэг хороод утаа, агаарын бохирдлыг бууруулах ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаад иргэд олон нийт анхаарлаа хандуулсаар ирсэн. Холбогдох албаныхан жил бүр л утааг бууруулах янз бүрийн санал санаачлага гаргаж, ажил хэрэг болгож буй ч түүхий нүүрсний хэрэглээ буураагүй тул утааны асуудал яригдсаар л байв. Өнгөрсөн жилүүдэд төслийн зуухны үр дүнд түүхий нүүрсний шаталт илүү сайжирч, үнс нурам гарах нь багассан, галлагаа хийхэд амар хялбар болсон талаар иргэд өгүүлдэг.

Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд төслийн зуухаар гэр байшингаа дулаацуулах болсноор галлагаа хорондын зай уртсан утааны гаралт тодорхой хувиар буурч байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Харуулдан тандалтын аппаратын дүнгээр гаргасан байдаг. Харин энэ жилийн хувьд нийслэлийн гэр хорооллийн иргэд шахмал түлш хэрэглэх болсноор утааны гаралт буурсан үзүүлэлтүүд гарч байгаа нь сайн үр дүн. Үүнээс гадна өөр нэг чухал арга зам нь гэр байшингаа 24 цагийн туршид дулаан байлгахын тулд дулаанаа алдагдалгүй болгох юм.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгчид, “Монгол Базальт” ХК-тай хамтран “Дулаалгын аян”-ыг хэрэгжүүлж байгаа аж. Аяны хүрээнд тус дүүргийн 16 дугаар хорооноос сонгогдсон “Загвар өрх” болох Ц.Ганхуягын байшин сууцтай танилцсан юм. “Дулаалгын аян”-ны хүрээнд байшин сууцны дулаалга хийлгэсэн 13 “Загвар өрх” сонгогдсон бөгөөд тэдний амьжиргааны түвшинг харгалзаж, ИТХ-аараа хэлэлцэж айлуудаа сонгосон аж.

Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн гэр, байшин сууцны дулаан алдагдалтыг үнэ төлбөргүй хэмжиж өгөх  бөгөөд Монгол  Базальт ХК-тай холбогдон хаягаа хэлээд бүртгүүлэх аж. Мөн дулаан алдагдлаа бууруулахаар чулуун хөвөн худалдан авах бол Чингэлтэй дүүргийн иргэдэд 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. “Загвар өрх”-үүдийн байшин сууцыг дулаалахад дунджаар 3.5-7.1 сая орчим төгрөг зарцуулах бөгөөд иргэд чулуун хөвөнгөө аваад өөр бусад материал ашиглан дулаалвал өртөг доошлох боломжтой гэнэ. Мөн дулааны алдагдлаа бууруулах хүсэлтэй ч санхүүгийн боломж багатай иргэдэд зориулан “Ногоон зээл” олгох асуудлыг судалж байгаа аж.

Улмаар айл өрхүүд дулаан алдагдлаа шийдчихвэл, зуухаар галлагаа хийлгүй, агаар хөрсний бохирдолгүй орчинд, цахилгаан халаалттай, орон сууцнаас ялгаагүй болно гэдгийг албаныхан хэлж байлаа.  Энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Т.Идэрцагаан нар оролцов. Мөн дүүргийн 7-19 дүгээр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Иргэний танхимын ажилтнуудад “Дулаалгын аян”-ы ач холбогдол, үр дүнтэй танилцсан юм.

Хамгийн эхэнд “Монгол Базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй, “Дулаалгын аян”-ны хүрээнд байшин сууцны дулаалга хийлгэхээр 16 дугаар хорооноос сонгогдсон “Загвар өрх” болох Ц.Ганхуягийнд очсон. Тус “Загвар өрх” нь амины сууцаа чулуун хөвөнгөөр дулаалж, дулаан алдагдлыг бууруулснаар хоногт хэрэглэдэг түлшний хэрэглээ 60-75 хувиар буурсан болохыг өрхийн гишүүд өдөр тутмын тэмдэглэл, тооцоо судалгаанд тулгуурлан танилцуулж байлаа.

Монгол Базальт компанийн хамт олон анх 11 дүгээр сард хэмжилт хийхээр ирэхэд гадаах агаарын температур дунджаар -15 хэм байсан ба байшин доторх дулааны алдагдал 60-70 хувьтай гарсан юм. 10 гаруй жилийн өмнө  баригдсан уг байшингийн үндсэн ханыг банзаар барьж шавардсан, ханын зузаан 24-26 см гэнэ. Харин одоо өдөртөө гадаа хүйтэн ч байшин доторх дулааны алдагдал байхгүй болсоныг хэмжигч багажаар баталгаажуулсан юм.

Цонх хаалганы битүүмжээ сайжруулж, хана, шал, цонхны дулаалга хийсэн хэсэгт дулааны алдагдалгүй болсон. Дулааны алдагдлыг бууруулахдаа гадна хананд 15 см чулуун хөвөн хийж, өнгөлгөөний материалаар өнгөлж, дээврийн хөндийд 20 см дулаалга хийсэн. Сууринд полистрол дулаалгын материал хийсэн. Нойтон технологи байхгүй учраас өвөл хийхэд асуудалгүй.  Өдөрт 6 удаа  галладаг байсан бол одоо 2 удаа галладаг болсон. Өмнөх жилүүдэд жилдээ 6 тонн орчим нүүрс хэрэглэдэг байсан бол одоо 60-70 хувь түлш түлэх тооцоо гарч байгаа. Түүнчлэн байшингийн, гадна үзэмж сайжирч, үнэ цэнэ нэмэгдсэн.

Мөн ямар ч хүйтэн үед дотор дулаан алдахгүй, ая тухтай, тохитой өвөлжиж, үр хүүхэд минь өвдөхгүй боллоо. Хамгийн гол нь нүүрс түлээний хэрэглээ багасахаар үнс хаягдал багасаж, орчны бохирдол буурна. Нөгөө талаар тухайн айлд эдийн засгийн хэмнэлт маш ихээр гарч байна. Төр засгаас утаагаа бууруулаач ээ гээд яриад суулгүй, иргэд агаарын бохирдол хөрсний бохирдлыг бууруулахад өөрсдөө ямар оролцоотой байх ёстой вэ гэдгийг харуулсан ажил боллоо хэмээн гэрийн эзэд онцолж байлаа.

Иргэн Ц.Ганхуягын  хувьд дулаалга хийсэнээс хойшхи үр дүнг өдөр бүр дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж байгаа гэнэ. Ингэснээр “Загвар өрх”-ийг сонирхон ирсэн хүмүүст гарч байгаа үр дүнг харуулах боломжтой болжээ. Өмнө нь сард 240 орчим мянган төгрөгөөр 60 шуудай нүүрс, 30 шуудай модоор галлагаа хийдэг байсан ба дулаан алдагдал 70 хувь байсан бол одоо дулаан алдагдал 90 хувь багассан ажээ.

Айл болгон төр засгийг харж, орон сууцанд орох он жилүүдийг хүлээлгүй хямд өртөгөөр гэр байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах боломжтой ба ингэснээр түлш, түлээний хэрэглээ эрс багасаж, орчиндоо үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа томоохон ажил болно. Өдөр тутам иргэдтэй уулзаж, мэдээлэл өгдөг хүмүүс маань энд үзсэн харснаа хороон дээрээ очиж сурталчилах, түгээхэд анхаарахыг хүсч байна хэмээн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал хэлж байв.

48 мкв бүхий уг байшингийн дулаалгын материал болох чулуун хөвөн нь 2 сая төгрөгт багтсан бөгөөд бусад материал ажлын хөлс зэрэгтэйгээ 7 сая гаран төгрөг болсон гэнэ. Энэхүү дулаан алдагдлыг бууруулах төслийн ажлын үр дүн ямар байгааг эхлээд  хороодын хэсгийн ахлагч нартаа, дараа нь “Нийтийн эргүүлүүд”-эд танилцуулж, иргэдэд мэдээлснээр одоогоор гурван өрх дулаалга хийлгэхээр болсон гэдгийг 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн хэлж байлаа.

Иргэн Ц.Ганхуягийн гэрт орж дулааны алдагдал ямар байгааг Монгол Базальт ХК-ийн механик конструктор, инженер Г.Баасандорж шалгасан. Энэ үеэр “Өглөө 6 цагт гал түлсэн гэж байна. Өдрийн 14 цаг гэхэд тасалгааны темрератур +30 хэм. Түлшний хэрэглээ бага болохоор гэр доторх ая тух ч сайхан болсон байна. Орой 18 цагийн үед галлахад маргааш өглөөний 06 цаг хүртэл дулаан байна. Анх биднийг шалгахад зуухны дээд талын дам нуруу дагасан зайгаар дулаан алддаг байсан. Одоо зуухны дээд хэсэгтээ 28-30 хэм буюу дундаж байна. Зуухны буйран дээр +229 хэм буюу  хоол хийхэд хангалттай гал байна. Цонхны хажууд 1 хэм л хасагдаж байна. Дээврийн дулаалга, ханын дулаалга нийлсэн учраас булангуудаар их дулаан алддаг байсан нь хэвийн болсон байна” гэлээ.

Энэхүү хэмжилтийн дараа 16 дугаар хорооны Иргэний танхимд  “Монгол Базальт” ХК-ийн чулуун хөвөн болон дулаан алдагдлыг бууруулах талаар мэдээлэл, сургалт болсон юм. Сургалтын эхэнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн.

Тэрбээр хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн 170 мянга гаруй мянган иргэдээс 70 гаруй хувь гэр хороололд амьдардаг. 35 мянган өрхийн 26 мянган гаруй өрх нь гэр хороололд амьдардаг гэсэн үг. Чингэлтэй дүүрэг маань агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Дүүрэг маань үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, дүүргийнхээ гэр хорооллын  айл өрхүүдийн өмнөөс гэрээ хийж Монгол Базальт ХК тай хамтран ажиллаж байна.

Гэр хорооллын айл өрхүүдийн байшинг дулаалах талаар сурталчилан иргэдийг дулаалгын аянд хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, агаарын бохирдлыг бууруулах нь ганцхан төр засгийн  хэрэг биш гэдгийг иргэдэд сайн ойлгуулж ярьж байна. Төр засаг бодлогын хүрээнд мэдээж дэд бүтцээ хөгжүүлэх, шугам сүлжээг татах, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах, дулаан цэвэр бохирын шугаманд холбох, орон сууцжуулах зэрэг том асуудлуудыг хийж таарна.

Харин иргэд өөрийн байгаа орчиндоо энэ утаа, хөрсний бохирдлыг багасгахад анхаарах хэрэгтэй. Наад зах нь бохир усаа ил задгай асгахгүй байх, үнс нурмаа цацахгүй илүү дутуу утаа гаргахгүй байх зэрэг асуудалд иргэд анхаарч хамтарч ажиллаж байж үр дүн гарна. Гэр хорооллын  агаар хөрсний бохирдлын эрсдлийг хамгийн түрүүнд иргэд өөрсдөө үүрч байгаа. Яагаад гэвэл нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай хог үнс бохир усаа асгаснаар халдварт өвчин үүсэх зэргээр эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй  байдгаас болж тухайн иргэд  л эрүүл мэндийн асуудалд эхэлж орно.

Тиймээс иргэд олон нийттэйгээ хамтран ажиллах зорилгоор хамгийн эхэнд “Дулаалгын  аяны хүрээнд Чингэлтэй дүүрэг Монгол Базальт ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг хэлцлүүд байгуулсан. Уг хэлцэлд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд дулааны материалыг үнийг хямдруулж иргэдэд аль болохоор хүндрэлгүй байх гэсэн чиглэл барьсан. Мөн дүүрэг хорооноос иргэдийн судалгааг гаргаж холбогч гүүр болон ажиллаж байна.

Иргэд шууд компаниудтай ганц нэгээрээ ярилцаад шийдэлд хүрэхэд үнэ өртгийн болон өөр бусад хүндрэлүүд гардаг. Тэгвэл дүүрэг хороо хамтран ажилласны дүнд үнэ ханш буусан. Одоогоор 30 гаруй өрх дулаалгын аянд хамрагдаад байшингаа дулаалаад байна. Гэр хорооллын иргэдийн нийтийн дарга нар  Дулаалгын аянд хамрагдсан айл өрхүүдээр очиж танилцуулаад ирлээ. Бид иргэдэд энэ тухай мэдээллийг сайн хүргэж, дүүрэг, хороодтой хамтран ажилласанаар энэ ажил сайн урагшилна гэж бодож байна” гэлээ.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version