НийтлэлНийгэмХууль эрх зүйЭнэ сард

Хүүхэд, хөгшдийг хүндлэх нь буюу хотын соёл

Миний бичих гэж буй энэ сэдвийг нялх үрээ өсгөн гэртээ сууж үзсэн, одоо гэртээ сууж байгаа ээжүүд бараг бүгдээрээ мэдэрсэн гэж бодож байна. Монголчууд бидний өвөг дээдэс, эртнээс нүүдэлчин удмын ёс заншлаар айлд зочлохдоо айлын гэр бараанаас нэлээд зайдуу зассан морины уяанд дөхөж ирээд, “Нохой хорио” хэмээн гэрт буй эздийг сандрааж тэвдээлгүй, аажуу тайвнаар дуудан мэндчилдэг байсан уламжлалтай.

Харин өнөөдөр морь хэмээх сайхан нөхрөө төмөр хүлэгээр сольж, хотжсон иргэд суурин газрын соёлд суралцахгүй машиныхаа дуут дохиог хаа л бол хаа хангинуулан, бараг л хэн их сүртэй чанга дуутай дохиотойгоороо бие биенээ дээрэлхэх аяс үзүүлнэ. Гэвч энэ нь нялх нярайгаа унтаж байх үед цонх салхивчаа нээж агаар оруулж суусан ээжийг бухимдуулж, гадаа салхилж суугаа хүүхэд хөгшдийг тавгүйтүүлж, айлгаж түгшээдэг нь харамсалтай.

Жолооны сургалтад бүтэн суусан жинхэнэ жолооч бол хороолол дунд дуут дохио дуугаргахгүй байх, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зэрэг энгийн дүрмүүдийг мэдэж суралцаад төгсдөг. Гэтэл олигтой хичээж сураагүй, ямар нэг аргаар жолоо мушгих эрх авсан зарим нь өөрийнхөө тэргийг хүний машин таглаад урагш хойш нь хаашаа ч хамаагүй харуулаад орхичихдог. Тэгтэл өөр нэг яарсан сандарсан, бухимдсан нэгэн ууртай нь аргагүй дуут дохиогоо хангинуулж гардаг.

Энэ үйлдлийг сайн ухаж бодвол гэртээ, гадаа агаарт унтаж буй нялх нярайг цочоон сэрээх нь нэг төрлийн ХҮЧИРХИЙЛЭЛ болно. Хотжиж, хотын иргэн болж амьдрахдаа хүн бүхэн нийгмийнхээ урсгалд хөл нийлүүлж, монгол хүний ёс жудагийг эрхэмлэн, бусдыг хүндэтгэн амьдраасай хэмээн хүсэх юм.

Бид өнөөдөр ардчилсан нийгмийг байгуулж байна гэдэг ч ардчилал гэдэг хэн ууртай, хэн эрх танхи нэгэн хаа яваа газраа өөрийн хүслээр аливаад хандаж, ээж аавдаа эрхэлсэн айлын эрх хүүхэд мэт дураар авирлахын нэр биш байлтай. Та өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж болох ч хэн нэгэнд саад болох ёсгүй. Таны эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг ардчилсан нийгмийн хууль байдаг гэдгийг сануулахыг хүсэж байна.

Нэг жишээ татъя, би Япон оронд оюутан болон очиход биднийг “Сургууль, дотуур байр хоёрын хооронд энэ л гудамжаар явна шүү” гэж зааж өгсөн юм. Харин монголчууд бид орон зайн баримжааг хурдан олж, метроны буудлаас тэр замаар нь явахад нэлээд тойруу байгааг мэдээд хэд хоногоос өөр шулуухан дөт зам олоод ангийнхандаа хэлж тэр замаараа явцгаах болов.

Мэдээж оюутан бид залуу хүмүүс учир зам зууртаа ярилцаж хөгжилдөн дуу чимээ жаахан ихтэй. Гэтэл төд удалгүй хөтөч багш маань бидэн дээр ирж, “Энэ замаар оюутан сурагчдыг явуулах зөвшөөрөл аваагүй юм. Та нар үнэхээр явахыг хүсэж байвал цэцэрлэгт хүрээлэнд яваа мэт чанга дуугаар бие биенээ дуудах, хэт чанга ярилцах, инээлдэхийг хориглоно. Учир нь энэ гудамжинд маш олон өндөр настанууд амьдардаг, амгалан тайван байдлыг нь алдагдуулж болохгүй” гэсэн юм.

Энэ л СОЁЛ, хүн хүнээ хайрлах хүнлэг сэтгэл, эрх чөлөөний илэрхийлэл юм гэдгийг тур үед л ухаарсан билээ. Та ч бас энэ талаар сайтар бодоод үзээрэй …

О.Оюун

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
4 Жил

соёлжих хэрэгтэй, зөв шүү маш их хэрэгтэй мэдээлэл байна аа

Back to top button
wpDiscuz
1
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version