Ерөнхийлөгч реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Өрлөг жанжин Зэлмийн мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Монгол Өв” реалист уран бүтээлчдийн холбоо хамтран “Монгол бахархал: Их эзэн Чингис хаан ба өрлөг жанжид” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм уран бүтээлчид ээ,
Хүндэт зочид оо,
Бүтээл туурвилаа улс үндэснийхээ өв болгохоор санаа, зорилго нэгдсэн “Монгол Өв” реалист уран бүтээлчдийн холбооны уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлье.
Төрт ёсны түүх, монголын ард түмний амьдрал уламжлал, ёс, зан заншлын их өв санг Та бүхэн уран бүтээлийнхээ сэдэв болгосон нь чухал ач холбогдолтой юм.
“Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно” гэж заасан байдаг. Үүнийг хичээнгүйлэн мөрдөж, сахин хэрэгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг байх учиртай.
Эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ойн өдөрт зориулан зохион байгуулж буй “Өв” уран бүтээлийн үзэсгэлэн үндэсний уламжлал, эх түүх, соёлоороо бахархах, эх оронч үндэсний үзлийг түгээн дэлгэрүүлэхийн нэгэн бахархалт дуурайл болж байна.
Ур ухаан, зүрх сэтгэл, оюун билгээ Монголын уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, дээдлэн хүндлэхэд зориулсан бүх уран бүтээлчдэд талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын өв соёл өнө мөнх орших болтугай.
Баярлалаа” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа уран бүтээлчидтэй уулзаж, зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.