Байгаль орчинНийгэмЭнэ сардОрон нутагФото сурвалжлага

Бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, малчид нэгдэхийн чухлыг ойлгов

Эх орны минь зүүн хязгаар нутаг Дорнодын уудам их талд нүүдэлчин монгол түмнийхээ соёл, уламжлалыг үргэлжлүүлэн, өвөг дээдсээс өвлүүлсэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ариун үйлсийн төлөө сэтгэл нэгдсэн Цагаан-Овоо сумын иргэдийн төлөөлөл нийслэл хотыг зорин ирцгээсэн билээ.

Тэд бол Дорнод аймгийн “Тал нутгийн бэлчээр ашиглагчдын холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Гэрэл тэргүүтэй тус аймгийн Цагаан-Овоо сумын Бэлчээр ашиглагч хэсгийн төлөөлөгч нар бөгөөд МБАНХ-нд сургалтад сууж, Төв аймгийн Өндөрширээт, Лүн, Заамар сумдад очиж, бэлчээрийн менежментийн чиглэлээр ажиллаж байгаа,  уул уурхай бүхий сумын байгаль орчны өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд малчдын байгууллага хэрхэн ажиллах боломжтой зэрэг сэдвээр туршлага судлахаар ирсэн юм.

Уулзалтын эхний өдөр /2019.11.07/ Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Сургалтын танхимд сургалтад суусан. Сургалтыг МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг эхлүүлж, малчдын дээвэр байгууллагын хувьд ямар үйл ажиллагаа явуулж ирсэн, юуг хийхээр зорьж байгаа зэргийг танилцуулж, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны судлаач, харилцаа, хамтын ажиллагааны ажилтан Бэлчээр хариуцсан мэргэжилтэн Д.Бурмаа Бэлчээр ашиглагчдын гэрээг хэрхэн байгуулах, гэрээний ач холбогдолын талаар мэдээлэл өгч, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Бэлчээр Ашиглагчдын Гэрээг ашиглан уул уурхайтай тэмцсэн туршлагаас хуваалцав. МБАНХ, малчдын байгууллагын зөвлөх Л.Ганцогт Түүхий эдийн мөшгих тогтолцооны танилцуулга, Түүхий эдийн мөшгих тогтолцоонд хэрхэн мэдээлэл оруулах, бүртгэх талаар мэдээлэл өгөв.

МБАНХ-ны Дундын Хоршооны санхүүгийн ажилтан А.Өнөрзул Түүхий эдийн мөшгих тогтолцоонд хоршооны мэдээллийг хэрхэн оруулах, бүртгэх талаар мэдээлэл өгсөн юм. МБАНХ-ны Зөвлөх Б.Мандах “Малчдын оролцоонд суурилсан малын чанар сайжруулах менежмент” сэдвээр, МБАНХ-ны Бэлчээр, Мал аж ахуйн зөвлөх Б.Мэнджаргал Бэлчээрийг сайжруулах замаар мал аж ахуйгаа эрхлэх чиглэлээр мэдээлэл өгсөн юм. Харин МБАНХ-ны Хоршооны зөвлөх Н.Баасанхүү “Санхүүүгийн эрх чөлөө”-нд хүрэхэд малчид хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, Ховд аймгийн Дөргөн суманд малчид уул уурхайтай тэмцсэн туршлагаас хуваалцсан билээ.

Хоёр дахь өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төлөөллүүд Төв аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн, Өндөрширээт сумын СБАХ-ны тэргүүн Ц.Оюун нарын хамт Лүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Ганбаатартай уулзаж, төр болон төрийн бус байгууллага, малчид хэрхэн хамтран ажилладаг талаар мэдээлэл сонсож, туршлага солилцсон юм.

Төв аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн: “Дорнод аймгийн АБАХ, СБАХ, БАХ-ын төлөөллүүддээ маш сайн хамтын ажиллагаатай төрийн байгууллагын төлөөлөл болгон С.Ганбаатар даргатай уулзуулж байна. Учир нь манай НАМЭМ төсөл Лүн суманд хэрэгжээгүй байхад өөрийнхөө санаачлагаар малчдыг нэгтгэн 9 БАХ байгуулсан, Хоёр ч удаа малчдын зөвлөгөөн зохион байгуулж, Бэлчээрийн гэрээгээ хийж дуусаад Газрын албаны LM программдаа шивүүлэх ажил үлдсэн. Мөн Сумын бэлчээр ашиглах журамтай болчихсон. Ирэх сард зохиогдох Иргэдийн нийтийн хурлаараа нэмэлт өөрчлөлт оруулна.

Төрийн дэмжлэг сайн байвал БАХ–ын гишүүд нь их идэвхитэй ажилладаг юм байна. Лүн сумынхан 2019 оны 6 сараас Дундын сангаа бүрдүүлж 12 сая төгрөг хуримтлуулсан. Нийт 315 өрх хамрагдан 30-100 мянган төгрөгөөр сангаа бүрдүүлсэн. Лүн сумынхан бэлчээрийн даац хэцүүдэж байна, туувар орж ирсээр малчдын амьдрал хэцүүдлээ. Одоо яах вэ гэж бидэнд хандсан. Тиймээс НАМЭМ, МБАНХ, Төв аймгийн АБАХ-нд өөрсдөө хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтэй зорилготой хүмүүстэй хамтран ажиллая гээд төслийн нэг сумаа болгон сонгосон”.

Дорнод аймгийн АБАХ-ны Гүйцэтгэх захирал Т.Гэрэл: “НАМЭМ төсөл манай аймгийн 5 суманд хэрэгжиж байгаа. Манай аймгийн статистикт дурьдсанаар 2018 оны байдлаар 7 сая 900 мянган га газарт 2 сая 733 толгой мал бэлчиж байна. Гэвч бэлчээрийн хэмжээ жилээс жилд хумигдаж, уул уурхай орж ирээд байна. Тиймээс Цагаан-Овоо сумын СБАХ, БАХ-ын гишүүд, малдчын төлөөлөл хамтран уул уул уурхайн үйл ажиллагаа бэлчээрт хэрхэн нөлөөлж хор нөлөө учруулдаг талаар үзэж харах, ямар арга хэмжээ авч байгаа туршлагаас судлах, Төв аймгийн Өндөрширээт сумын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах зорилгоор ирсэн. Манай хамт олон МБАНХ-аас Дундын сангийн хөтлөлтөө сайн хийсний урамшуулал 1 сая төгрөгийг хуваагаад авалгүй хадгалж байгаад энэ удаагийн аялалдаа зориулсан” гэлээ.

Төв аймгийн Лүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Ганбаатар: “Манай сум нь 2561 хүн амтай, 2.300,6 мянган толгой малтай, хээрийн бүсэд хамрагддаг, дэд бүтэц нилээн сайн хөгжсөн, зам дагасан зочид буудал хоолын газар олонтой сум. Энэ жилээс 80-100 га талбайг иргэддээ өгч, ногоон тэжээлийн ургамал тариалалт хийх болсон. Мөн энэ жил бүх БАХ-ын өрхүүдэд 2 га газарт тариалан эрхлэх журам баталж  өгснөөр айл бүр ногоон тэжээл тарьж, өвлийг өнөтэй давах бэлтгэлээ нилээн сайн хангасан.

Өнгөрсөн оноос бид БАХ байгуулж иргэдтэй уулзаж, багийн ИНХ–аар оруулж, яг одоогоор 13 БАХ байгууллаа. БАХ-ын хурал хийж, төлөвлөгөөнүүд гаргаж батлан хавар, намрын бэлчээрийг хэрхэн яаж ашиглах вэ гэсэн  нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан. Бэлчээр ашиглагчдын төлөвлөгөө гаргаснаар малчдыг хооронд нь хамтран ажиллах, хоршихыг дэмжих нь маш сайн туршлага гэж би үздэг. Тиймээс МБАНХ, НАМЭМ төсөлд хамрагдах хүсэлт албан ёсоор гаргаж, Төв аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотойгоо хамтарч  айлуудаар явж энэ талын мэдээллүүдийг өгсөн.

Шинээр байгуулагдаж байгаа БАХ–ууд маань сард нэг удаа хурлаа хийж, тэмдэглэл хөтлөн багийн даргадаа өгдөг. Багийн дарга нь бидэнтэй холбогдож тодорхой асуудлуудыг шийдээд явж байна. Энэ жил зуншлага боломжийн болсон учраас отор ихээр орж ирж байна. Ялангуяа Өвөрхангай аймгаас орж ирж байна. Хил залгаа Бүрэн сумын ургамлын гарц муу байсан тул малчид отороор их орж ирж байна. Энэ асуудлыг шийдэхэд БАХ-ийн хэрэг гарч байна. БАХ-ээрээ хуралдаж, тодорхой журам батлан түүнийгээ хэрэгжүүлж байна. Бэлчээрийн тухай хууль гарахгүй байгаа учраас журмаараа асуудлыг шийдээд явна.

Тухайлбал, хугацаатай үүрэг даалгавар өгч, бэлчээрийн даацдаа тохируулан малынх нь тоо толгойг тооцон төлбөр авч байгаа. Гэхдээ хонин толгойд шилжүүлээд бодоход 230-280 мянган төгрөгийн л төлбөр гардаг. Энэ тооцооллоор 3000 малтай айл отроор орж ирээд нэг адуу өгчихөд л манай нутагт өвөлжих болчихоод байгаа юм. Гэтэл өдөрт нэг хонь хэдэн кг өвс идэх вэ гэдгээр нь тооцохоор бид баяжчихаар. Гэвч энэ нь боломжгүй учраас төлбөр тооцооны журмаар л хариуцлага тооцоод явж байна. Мөн ИНХ–аараа баталсан Бэлчээр ашиглах журмын дагуу эрх үүргээ хэрэгжүүлж байна.

Одоо Бэлчээрийг ашиглуулах аймгийн Засаг даргын захирамж гарчихвал манай БАХ-уудад бэлчээрээ хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ. Манай сум Булганы Баяннуур сумтай хил залгаа. Малчид нь манай нутаг руу орж ирдэг асуудлыг Засаг даргатай нь уулзаж ярилцаж байж шийдсэн. Харин баруун аймгаас ирээд манай нутгаар дайраад зүүн аймгууд руу нүүж байгаа иргэдийн шилжилт хөдөлгөөнийг шийдэх ажил нилээн гардаг. БАХ-ийн гэрээ байгуулсаны үр дүн тэнд л гарч байна. Тиймээс төрийн байгууллагууд малчидтайгаа хамтран ажиллахгүй л бол бэлчээрийн хамгаалалт, нүүдэл суудал, отрын асуудлыг малчид дангаараа хичнээн ч хэлээд нэмэргүй” гэлээ.

Төв аймгийн Өндөрширээт сумын СБАХ-ны тэргүүн Ц.Оюун: “Өндөрширээт, Лүн сумын заагаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын голдуу малчид  орж ирдэг. Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс үүдэн өвчин орж ирээд байна гэдэг асуудал гардаг. Тиймээс Өндөрширээт  сум эрүүл бүс нутаг гэдэг утгаараа Цагдаагийн байгууллагын тусламж авч өөр аймаг сумаас нүүж ирсэн мал бүхий айл өрхийг нутаг дэвсгэрээсээ гаргах бүрэн эрхтэй.  Эхлээд нэг нь нүүж ирээд дараа нь нутгийнхаа хүнийг дууддаг. Нутгаасаа ирсэн хүмүүсээсээ хөлс авдаг.

Нэг айлыг өвөлжүүлэхэд тэдэн малтай бол тэдэн төгрөг, услахад тэдэн төгрөг гээд үнэндээ төрөөс илүү ажиллаж байна. Төр чадахгүй байгаа учраас ард түмэн авахаас өөр яах билээ. Төр хуулийн дагуу ажиллах нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй байгаа учраас ямар ч арга алга. Уг нь отрын малыг нөөц бэлчээртээ байлгаад малчдад нь тодорхой  хэмжээний мэдээлэл өгч, төрийн шийдвэрийг хүлээлгүй орон нутгийнхаа хэмжээнд шийдээд, ийм төлбөр төлчихвөл ирэх жил дахин ирэхэд нь орхисон сэг зэмийг нь усгаж, хог шороог нь цэвэрлэж, бэлчээрээ сайжруулахад зориулна гэвэл өгөхөд бэлэн байгаа. Гэтэл сум орон нутгийнхаа бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх бидэнд мөнгө өгөх нөхцөл бүрдээгүй учраас тэднийг дуудсан ганц айлд л мөнгө өгч байна.

Төв аймгийн АБАХ-ны тэргүүн Х.Мягмарсүрэн: “Хулгайтай тэмцэх алба, Мал хамгаалах малчдын бүлэг аймаг дээр байгаа. Мөн Отор нүүдэл зохицуулах журам батлагдсан байгаа. Отор нүүдлээр яваа малчдыг нэг замаар явуулах буюу айл айлын гадуур явахгүй отор нүүдлийн л маршрутаар л явуулна. Хаанаас ирээд хаашаа нүүж байгаа гэдгийг тэмдэглэнэ. Сүмбэр сумын хувьд Бэлчээр ашиглах гэрээгээ LM программд бүртгүүлсэн учраас БАХ нь хуралдаад энэ айлыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргаж чаддаг. Журамд 100 толгой малтай айл хүлээж авна гэж заасан байтал магадгүй нөгөө айл нь 1500 толгой малтай.

Мэдээж тэр айл хаачих вэ гэхэд 1 хониноос 500-1000 төгрөг авна гээд сумын Бэлчээр ашиглах журамдаа заачихсан байна. Тэр дагууд тухайн айл “Бид 4 сарын 10  хүртэл байя” гээд сар бүхэн мөнгө өгөхөөр болно. Малаа мөнгөнд шилжүүлээд сард тодорхой тооны мал өгөхөөр тохирч, түүнийг нь Дундын сандаа бэлэн мөнгө болгож оруулаад ирэх жил бэлчээр сайжруулахад зориулахаар асуудлыг шийдвэрлэсэн”.

Төв аймгийн Лүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Ганбаатар: “Үнэндээ отроор ирсэн хүмүүс аргаа бараад л ирж байгаа. Тиймээс отрынхон ном журмын дагуу мөнгө өгье гэдэг ч хэдэн төгрөг авсан болчихоод бэлчээрээ талхлуулна гэдэг үнэхээр хэцүү асуудал. Отрынхоны бүх бичиг баримтыг нь шалгахад бүрэн бүтэн, бүгд байдаг. Үнэхээр нүүгээд ирчихвэл ам бүлийн тоо, регистрийн бүртгэл авна. Магадгүй жирэмсэн эхчүүд ороод ирэх вий гэж харна. Нүүж ирээд манай нутагт төрчихвөл яана. Одоохондоо бид отроор ороод ирвэл хугацаатай шаардлага хүргүүлж, яах аргагүй суурьшвал төлбөр авч, тухайн БАХ-т нь өгөөд л явж байна. Аймгийн хэмжээнд Отор зохицуулах журам гэж гаргахгүй бол үр дүн бага байгаа.

Манай сумын Адуунчулуун БАХ-ийн нутагт уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Уурхайн талбай руу мал ороод байна гэдэг асуудал гараад саяхан БАХ дээр нь очиж хуралдсан. Хурлаар отор, хаваржилт зэрэг сэдвээр ярилцаж, уурхайн захиргаанд шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагадаа огтоно устгалын ажлыг хийхэд БАХ-т бензины асуудлыг шийдвэрлэхийг заасан. Ер нь БАХ-ийн малчид идэвхитэй байхад ажил урамтай, үр дүн ч өндөр байдаг. БАХ-ыг зөв зохион байгуулсанаар төрийн үйлчилгээг үзүүлэхэд ч их амар болж байна. Хурал цуглаан зохион байгуулна гэхэд БАХ-ийн ахлагч нарт хэлэхэд л хүмүүсээ идэвхитэй авчирдаг болсон.

Бид Бэлчээр  ашиглагчдын хэсгээ “Мал хамгаалах малчдын бүлэг” болгон ажиллаж байгаа. Намрын цагт хулгай их гардаг тул малын хулгайтай тэмцэх зорилгоор энэ бүлгийн малчиддаа тусгай хувцас өмсүүлж, үнэмлэх олгодог. БАХ-ийн өрхүүдээрээ орж, танай адуу тэнд, үхэр тэнд байна гэж хэлдэг. Маш их хулгай гардаг байсан ч сүүлийн үед зогссон гэж болно. Манай сум улс, аймгийн аварга мал хамгаалах бүлэгтэй боллоо. Цагдаад ч амар болсон. Малчдын  бүлэг хэсэгтэй нь уулзаад явахад цаашаа малчиддаа түгээчихдэг. Бүлгийн малчдад том зузаан дэвтэр гаргаж өгөөд аймаг сумын бүх дарга, мэргэжилтэн, албан хаагчдын утасны дугаарыг хавсаргаж, эргүүлийн хуваарийг нь гаргаж өгдөг.

Өдөр бүр 06-18 цагт эргүүлд гарч, гарын үсэг зуруулж, малчдын бүлгийн ахлагчдаа мэдээлэл өгдөг. Ийм сэжигтэй машин явсан, тэдний мал эзэнгүй явсаныг хүргэлээ гээд тэмдэглээд явчихдаг. Мөн им тамганы бүртгэл давхар явуулчихдаг. Малчид өөрсдөө им тамганы бүртгэл хийгээд гараараа зуруулаад авчихаар илүү зөв гардаг юм билээ. Сүүлийн  үед манай малчдын бүлэг зам дагуу их ажиллаж байгаа. Учир нь зам дагуу мал их дайруулж үхдэг. Баян сумынхан бүх үхэр, малаа фосфортой уяагаар бүсэлсэн туршлагыг нэвтрүүлэх гээд ярьж байна. Тэгэхгүй бол малчид хохироод байна”.

Энэхүү уулзалтын дараа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төлөөллүүд Төв аймгийн Заамар сумын газар нутаг, бэлчээр уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн хэрхэн өөрчлөгдсөнийг харж, нутгаасаа нүүж отор хийж яваа малчидтай уулзаж ярилцсан. Отрын малчид гэр бүл, үр хүүхдээ машиндаа суулгаж, мал сүргээ тууж, нохойгоо ачаад зүүн аймаг руу явж байна. Гэхдээ яг хаана очихоо шийдээгүй байгаагаа хэлж байсан. Тэдэнтэй Төв аймгийн АБАХ Х.Мягмарсүрэн, Өндөрширээт сумын СБАХ Ц.Оюун нар уулзаж хаанаас хаа хүрж яваа, мал эмнэлгийн бичигтэй эсэхийг лавлаж, малын эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй бол холын замд мал амьтны өвчлөл тархах магадлал өндөр байдаг талаар зөвлөмж өгсөн юм.

Дараа нь Өндөрширээт сумын нутагт байрлах НАМЭМ, МБАНХ-ны “Малчдад зориулсан бэлчээрийн судалгааны хяналтын талбай”–н ололт амжилт, гарсан үр дүнгийн талаар Өндөрширээт сумын СБАХ Ц.Оюун танилцуулсан билээ. Танилцуулгын дараа Өндөрширээт суманд очиж Төв аймгийн АБАХ, СБАХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм.

Төв аймгийн АБАХ-ны тэргүүн Х.Мягмарсүрэн: Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, адилхан л малчин хүмүүс учраас отор нүүдэл хийж байгаа хүмүүсийг хараад өрөвддөг. Нутаг орноо бодохоор оруулмааргүй байдаг ч адилхан монгол хүмүүс шүү дээ. Дорнод аймгийнхан та нар одооноос л эхэлж орон нутагтаа бэлчээрийн менежментийн асуудлаа зөв шийдээрэй. Дорнод аймагт Төв аймгийн малчид очлоо гээд байдаг үнэндээ баруун аймгийн малчид манайхаас танай руу очоод байгаа юм.

Бэлчээр ашиглах журмандаа л хэчнээн тоо толгой малтай бол оруулна, хэрвээ илүү бол тийм төлбөртэй байна гэдгээ оруулчих хэрэгтэй. Нөгөө талаар малаа чанаржуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Отор нүүдэл хийж байгаа малчид ихэнхдээ 1000 гаран хоньтой байдаг.  Үнэндээ мал оторт яваад их ядардаг. Тэрний оронд чанартай 300 хүртэлх толгой малтай, түүнийгээ нутагтаа маллаад байх боломжтой. Илүү гарсан малаа борлуулаад дансанд мөнгөө хийчихвэл хачин сайхан өсөөд л байж байна. Нутгаа орхихгүй. Нутагтаа байх шиг жаргал хаана байдаг юм. Захын хүн л дарамтлаж, бэлчээр талхаллаа гэнэ.

Отор нүүдлээс гадна өөр нэг чухал асуудлыг хэлмээр байна. Малчид малдаа тариа хийж хор нь гараагүй байхад идэж, сүү цагаан идээг нь хэрэглэж байгаа нь хорт хавдраар өвчилж, хараа муудах зэрэг олон өвчний шалтаг болоод байна. Саяхан манай аймгийн гурван суманд “Малын эрүүл мэнд”-ийн чиглэлээр сургалт явуулсан. Сургалтын дараа  зохион байгуулагчид малчдаас хэдэн асуулт асуусан. Борнуур сумынхан гэхэд дийлэнхдээ уушги, цусны цагаан бөөм өвчтэй гэдгийг тэр үед мэдсэн.

Тэгтэл эмч тайлбарлахдаа “Цусны цагаан бөөм өвчний шалтгаан нь бруцеллёзтой малынхаа сүүг уугаад байгаатай холбоотой. Тариа хийчихээд сар хүлээх ёстой” гэсэн. Гэтэл малчид “Сар үнээгээ саахгүй байж чадахгүй. 15 хоног бол яахав” гэж хэлэх хүн олон байсан. Эмч нар “Та 15 хоног тэсээд сүүгээ ууж эхлээд шинжилгээ өгөөд үзээрэй” гэсэн. Борнуур суманд 5, 8 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд цусны цагаан бөөмийн өвчтэй байна. Нэг нь 200 гаад үхэртэй, нөгөө нь хувийн компанийн үхрийг хариулдаг айлын хүүхэд.

Нэг нь Хөх хот явж 40 гаруй сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ч эдгэхгүй өвчин гэсэн. Нөгөө нь 60 сая төгрөгөөр  гадаад явж эмчлүүлэх болсон ч бүрэн эдгэхгүй гэсэн. Тэгэхээр бид малынхаа эмийн үйлчилгээг гартал хүлээх хэрэгтэй. Би ч гэсэн адуундаа 9 сар хүртэл таргалуулах гээд ивомек хийчихдэг байсан. Харин одоо эмчид үзүүлж, эм тариа хэрэглэх бол 30 хоногийн дотор уг малыг идшинд явуулах, сүүг нь ууж хэрэглэх хэрэггүй гэдгийг маш сайн ойлгож авсан. Нөгөө талаар вакцинаас үүдэн малын элэг, уушги муудчихдаг юм байна.

Гэтэл тэрийг нь бид өөрсдөө ууж идэхээр эргээд бидний эрүүл мэндэд нөлөөлөөд байна. АНУ-ын эрдэмтэд үхрийнхээ сүүг үйлдвэрт нийлүүлдэг нэгэн фермер залуугийн малд судалгаа хийсэн байна. Малдаа тариа хийж, эмч хоёр сар сүүг нь хэрэглэж болохгүй гэж захьсан. Харин тэр залуу 14 хоноод л тугалыг хөхүүлж, илүүг нь сааж аваад ах дүүсдээ тарааж, өөрөө цагаан идээ бэлтгэсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа бие нь муудаж эмнэлэгт үзүүлэхэд цусны цагаан бөөмийн өвчин туссан тул дэлхий даяар энэ талаар ярих болсон. Судалгаагаар 10 фермерийн 1 нь цусны цагаан бөөмний өвчтэй байдаг.

Энэ өвчний нууц үе 3 сараас 1 жилийн үргэлжилдэг. Тиймээс болж өгвөл эрүүл малыг тарих хэрэггүй, хийсэн бол тарианы хор гартал хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ бол одоо яригдаад байгаа эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсэнд хэрэглэх тухай асуудал юма. Улсаас хийдэг вакцин бол өөр. Тэд шаардлагатай газраа  л тариа хийж байгаа. Харин хүмүүс эднийд хийгээд манайд хийсэнгүй гээд өөрсдөө дураараа малдаа эм тариа хийчихдэг нь буруу гэдгийг маш сайн ойлгосон”.

Төв аймгийн Өндөрширээт сумын СБАХ-ны тэргүүн Ц.Оюун: “Юу нь болж, юун нь болохгүй байгааг та бүхэн өнжөөж амраасан хашааны талаар ярихад ойлгосон болов уу. Манай нутаг ямар байгаад ямар болчихов гэдгийг л гол нь анхаарах хэрэгтэй. Өөрийн орон нутгийн онцлогтоо тааруулаад ямар дүрэм журам мөрдвөл болох талаар ярилц. Ургамлын чанар гарц муудсанаар малын чанар муудсан байна. 5 жилийн өмнө манай нутгийн хурга 20 кг, төлөг 25кг, эм хонь 27 кг байсан. Одоо 25-27 кг татдаг шүдлэн хонь ч байхгүй болсон. Энэ бол өвс хөрсөнд ургаж байгаа ургамлын витаминлаг чанар багассан гэдгийг мэдрүүлж байна. Тиймээс бид одоо төлөг болголгүй, хурга байхад зардаг болсон. Яагаад гэвэл төлгийг нэг жил ургамал идүүлж шүдлэн болгоход дундаж жин 17 кг. Харин хавар төрсөн хургыг намар тэжээгээд борлуулахад дундаж жин 15 кг татаж байна.  Ердөө 2 кг-ийн зөрүүн дээр бүтэн жил хөрс эвдүүлж байхаар хургаа намар борлуулах нь илүү ашигтай болсон.

Амьдрал дээр ажил хэрэг болгох ийм л зүйлсийг анхаарах хэрэгтэй. Одоогоор танай хонь маланд ийм зүйл мэдрэгдэхгүй. Би Хөлөнбуйр суманд сүүлийн 3 жил очиж хадлан хадсан. Тэгэхэд хоол авч идэхэд идэх зүйл олдохгүй мах нь хуруу зузаан өөх ихтэй байсан. Гэхдээ ялгаа нь танай малын мах хар махтай. Харин манай малынх хар мах ч үгүй дан өөх. Зүгээр л өөхөн тарга. Өвлийн хамгийн анхны цас шуурганд л хавчийгаад эхэлнэ. Хавар ясандаа чөмөг суугаагүй хий өөхөн тарга авсан малын амт чанар ямар байх билээ. Хүн болгон тэрийг мэдэхгүй. Тэгэхээр та нар азтай байна.

Энэ сайхан төслийн хүчинд газар үзэж бодит амьдралд дээр үүссэн асуудлыг үзэж харж мэдэрнэ гэдэг азтай хэрэг. Үнэндээ малд махан тарга хамгийн хэрэгтэй зүйл. Мах нь ямар ч үед шуугдаж хайлахгүй, өөх мах алаглахыг л чанартай мах гэж хэлнэ. Энэ асуудлыг урд хөршийнхөн мэдээд стандарт гаргачихсан байна. Харин монгол малын мах дэлхийн зах зээлийн стандартад нийцэхийн тулд эмийн үлдэгдэлгүй, цэвэр байгалын бүтээгдэхүүн гэдгээрээ л үнэд хүрнэ. Урд хөршийнхөн малаа мах, өөх алаглан тарга тэвээрэг авдаг өвс тэжээлээ бэлдэж байна.

Монголчууд биднийг нэгтгэж байгаа гол зүйл бол нэг сэтгэлтэй, нэг санаатай байх. Баруун, зүүн, төвийн аймаг гэж ялгарах хэрэггүй, бид адилхан л монгол хүн, малчин хүн. Нэгдэхийн тулд бид яах ёстой юм. Нэхийний үнэ хямд байна гээд арьс шир, гэдэс гудамжинд хаяад, 76 гишүүн муу, муухай амьдруулж байна гээд муулж суугаад яах юм. Яах гэж 5000 төгрөгөөр дотоодынхоо үйлдвэрт өгдөг байсан нэхийг 7000 төгрөгөөр гадны хүнд өгсөн юм. Эх оронч  сэтгэлгээ бидэнд байхгүй учраас дотоодын үйлдвэртээ өгч байсан нэхийгээ үнэгүйдүүлсэн. Тэгээд үйлдвэрүүдийнхээ хаалгыг барьчих дээрээ тулсан нь 76–ын буруу юу, бидний буруу юм уу. Бодоод үзэхэд бид эх оронч сэтгэлгүй байгаагийн л жишээ.

Ирэх жил ноолуур дээр ч ийм асуудал үүснэ. Өмнөд хөрш маань дэлхийн номер нэг ноолуур гээд гаргачихсан байна. Биднээс 150 мянгаар аваад  явсан. Дотоодын үйлдвэрүүд 120 мянгаар авна гэхэд ахиу мөнгөөр гээд гадныханд өгсөн. Дээр дооргүй хэдэн төгрөгийн илүүг харсан энэ сонголтоос болж эх орон минь байхгүй болж, үндэсний үйлдвэрүүд зогслоо. Бид ч өөрсдөө амьдрахад хэцүү болно. Дэлхийн зах зээлд үнэлэгдэх бараа бүтээгдэхүүнгүй бол хэр удаан оршин тогтнох юм. Хэн хэнээсээ юм авах вэ. Тэгэхээр ирээдүйн төлөө бид бүгд нэг санаатай,  нэгдмэл, эх оронч сэтгэлтэй байх хэрэгтэй. 200 мянгаар авна гэж хэлсэн ч хамаагүй  монголдоо, дотоодын үйлдвэрүүдээ өгөх хэрэгтэй.

Урд хөршийнхөн манайхаас авсан ноолуураасаа 1 дүгээр зэргийг нь ялгаж үнэ хүргээд, 2-3 дугаар зэргийнх нь ноолуурыг бидэнд утас болгоод буцаагаад өгч байна. Харин бид их ноолуурыг өндөр үнэтэй аваад байгаа учраас 300 гр гардаг ямааныхаа ноолуурыг 700 гр болгох гээд эрлийзжүүлэх гээд явна. Биднийг будилж байх хооронд тэнд бужигнуулж байна. Биднийг нэгтгэсэн НАМЭМ төсөл, МБАНХ биднийг хооронд нь танилцуулж байгаа нь санаагаа нийлүүл гэсэн үг.

Тиймээс та бүхэн биднийг зорьж ирж, үзэж харж сонссоноороо санаагаа нэг болгох хэрэгтэй. Энэ жил Цагаан-Овоо суманд отор оруулна гэвэл оруулж, оруулахгүй гэвэл оруулдаггүй байх хэрэгтэй. Ямар стандартай хонины нэхий, ноос, ноолууртай  байх юм гэдгээ тодоорхойл. Тэрнийхээ хойноос яв. Хөрөнгө мөнгө босгох амархан. Харин босгосон зүйлээ яаж чанартай хадгалж, эх оронч байх вэ гэдгийг хаа хаанаа бодох хэрэгтэй. Бүх малчид ноолуураа тэрэнд өгөхгүй шүү гэхэд бүгд л өгдөггүй байх хэрэгтэй. Тэгж байж бид монголын уламжлалт аж ахуйгаа авч үлдэнэ. Тэгэхгүй арай үнэтэй авч байна гэж хэдэн биенээ дагуулж явж зарсаар байгаад өөрсдийгөө үнэгүйдүүлчихлээ. Тэрэнд 76 ямар ч хамаа байхгүй. Харин ч тэд дэлхийн зах зээлд гарах боломж бий болгочихсон.

Дорнод аймгийн Цагаан овоо сумын СБАХ-ны тэргүүн Б.Батмөнх: Манай сумын малын мах шууд өөхөн тарга авдаггүй. Хавар мал маань яргуй, хурдан цагаандаа цадаад дэс дарааллаараа таргаа авчихдаг учраас зөв махан тарга авдаг юм байна. Манайд суманд НАМЭМ төслийн хүрээнд цөм сүрэг гээд хуцны  үржил хийгдэж байгаа. Тэгэхээр бид бэлчээрийн чанарыг тодорхойлсон гурван төрлийн ургамлаа анхаарах хэрэгтэй юм байна. Манай сумын нэг багт баруун аймгаас ирсэн нэг өрх ирсэн. Заавал энд л амьдарна. Та нар ч гэсэн Улаанбатаар хотод очиж байр авдагтай л адилхан. Би хаана ч амьдрах эрхтэй Монгол хүн гээд хэлэхээр яах ч аргагүй л болсон.

Цагаан-Овоо сумаас ирсэн бид бүхэн та нарын туршлагаас суралцаж, илүү сайжруулах хөгжих боломжтой гэдгийг мэдлээ. Бид Төв аймгийн Лүн, Өндөрширээт, Заамар сумын нөхцөл байдалтай биечлэн танилцаж, одоо байгаа соргог бэлчээр нутгаа эзний ёсоор хайрлан хамгаалж, яаралтай зохицуулалт хийхгүй бол ямар болохыг бид сайн ойлгож мэдэрлээ. Зохицуулалтгүй бэлчээр ашиглалтаас үүдэн сэргэх чадвар нь хэрхэн доройтдог болохыг бодитоор харлаа. Отор нүүдэл бэлчээр нутгийг хэрхэн тахалдаг болохыг ч харлаа. Тиймээс нутаг орондоо очиж, малчиддаа зөв ойлгуулж, сумын удирдлагуудтайгаа хамтран ажиллаж, бэлчээрийн менежментийг сайжруулахын төлөө хамтран ажиллана” гэлээ.

Уулзалтын гурав дахь өдөр Цагаан-Овоо сумын төлөөллүүд Өндөрширээт сумын СБАХ Ц.Оюун болон малчдын байгууллагын тулгуур “Ширээт хөгжил” хоршооны аж ахуйн хашаа, дэлгүүр зэрэг үйл ажиллагаа явуулдаг бусад газруудтай танилцсан юм. Мөн Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Аглаг бүтээлийн хийдэд очиж, танилцсанаар туршлага солилцох уулзалт өндөрлөсөн билээ.  

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version