Нийгэм7 хоногОрон нутагФото сурвалжлага

“Атар 60” фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсад  Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөний Уран зургийн Галарейд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ. Нээлтэд ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, үе үеийн газар тариалангийн салбарын төлөөлөл оролцлоо.

Тус үзэсгэлэнд Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн үе, 1900-1945 он буюу Монголын газар тариалангийн эхэн үе, 1959-1975 он буюу Атрын нэгдүгээр аян, газар тариалан хөгжсөн үе, 1976-1990 он буюу Атрын хоёрдугаар аян, газар тариалангийн хөгжил, эрчимжилт, 2008 оноос Атрын гуравдугаар аян ба газар тариаланийн сэргэлт гэсэн үечлэлээр харуулсан байна.

Мөн монголчуудын эртний газар тариалан эрхэлж байсныг харуулсан уран  зургийг дэлгэж, Чингисийн үеэс эхлэн 1911 он хүртэл газар эзэмшиж байсан түүхэн тайлбарыг бичсэн аж. Тухайлбал, 1212 онд Чингис хааны зарлиг бууж, Алтайн Абухай уулын ард /одоогийн Завхан голын хөндий/ цэргийн хүнсний зориулалтаар тарианы аж ахуй байгуулж, шадар түшмэл Чингай чинсанд даалгасныг, 1337 онд Тогоон төмөр хааны зарлигаар Монгол нутаг зөвхөн малын бэлчээрт зориулагдах болсныг, 1420 онд Монгол ар, өвөргүй болон Зүүн гар гэсэн гурван хэсэгт хуваагдаж, өөр өөрсдийн нутаг оронд тариа ногооны үйл эрхлэх оролдлого гарч эхэлсэн тухай түүхийг харуулжээ.

Түүнчлэн 1580 онд Автай сайн хааны үед монгол, хятад иргэд холилдон нутаглаж байсан Хэрлэн голын орчмоор олс, буудай тарьж байсан түүхийг ч бичжээ. 1680-аад онд Ойрадын Галдан бошигт хаан Ховд, Орхоны орчмоор усалгаатай тариалан хөгжүүлж байсан, Халхын Өндөр гэгээн Занабазар хаан тусгай тариачдыг бэлтгэн Бороо гол, Борнуур, Ийвэн, Бургалтайн нутагт сүм хийдийн хэрэгцээний тариа тариулж байсныг ч дурдсан байна. 1709 онд “Халх журам” хуулинд тариалангийн талбайд мал орж сүйтгэхийг хориглож, хүн амд тариалан заавал эрхлэхийг даалгаж байжээ.

1850 оны үед Буйр нуур орчмоор нутаглаж байсан Тогтохтөр ван /То ван/ өөрийн хошуунд амуу тариа тарих болж, хошууныхаа хэрэгцээг хангаад зогсохгүй зэргэлдээ хошуундаа худалддаг байсныг болон 1911 онд Богд хааны засгийн газраас тариаланг хөгжүүлэх, тариаланд ашиглаж болох газрыг аймаг, хошуу бүрт бүртгэж байсныг ч үзэж болно.

Атарт ирсэн залуусын ор, ширээ, данх, сав суулга, хөвөн хүрэм бүхий өрөө ч 1959 онд үзэгчдийг хүргэнэ. Оросын мэргэжилтэн механикжуулагчдыг дагалдан атар газар хагалж, тариа тарьж, будаагаа хурааж байгаа атарчин залуусын  түүхийг гэрэл зураг бүхэн тод өгүүлнэ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version