Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиодог билээ.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, “Оюунлаг” клубээс хамтран Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг өнөөдөр (2019.11.17) Төрийн ордонд зохион байгууллаа.
Оюутан, залуусын санал санаачилгыг олон нийтэд хүргэх, төрөөс баримталж буй залуучуудын хөгжлийн бодлогын талаар тэдний үзэл бодол байр суурийг сонсох, нэгдэн нягтрах, тулгамдаж буй бусад асуудлыг хэлэлцэж, гарц шийдлээ олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор уг чуулганыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Уг чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Монгол Улсын гавьяат багш Д.Оюунхорол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Халиун, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Батдорж болон их, дээд сургуулиудын шилдэг 800 оюутан оролцов.
Монгол Улсын нийт хүн амын 25.5 хувийг 15-29 насны залуучууд эзэлдэг. Гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтдаг гэсэн үг юм. Түүнчлэн 2018 оны байдлаар манай улсад нийт 94 их, дээд сургууль, коллежид 157 мянга гаруй оюутан залуучууд суралцаж байгаа гэсэн статистик мэдээ бий.
Чуулганыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Монгол Улсын гавьяат багш Д.Оюунхорол “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.
Д.Оюунхорол: Хэн нэгнийг хууралгүйгээр, өөрийн ирээдүйгээс “хулгайлахгүйгээр” суралцах хэрэгтэй
Тэрбээр, “Төрөөс боловсролтой, мэдлэгтэй, ёс суртахуунтай иргэнийг бэлтгэх зорилтыг тавин ажиллаж байна. Нөгөө талаас залуучуудын үүрэг хариуцлага, идэвх санаачилга чухал. УИХ-аас 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргасан нь бүс нутагтаа төдийгүй олон улсад бие даасан хуультай болсон цөөн улсын нэг болсон. Мөн төрөөс оюутнууддаа оюуны томоохон хөрөнгө оруулалтыг хийх Боловсролын зээлийн санг байгуулснаар 2018 онд нийт 9231 оюутанд 13.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин 2020 оны улсын төсөвт залуучуудад чиглэсэн үйл ажиллагааны төсвийг өмнөх оноос 2 дахин нэмэгдүүлэхээр тусгалаа. Мөн Засгийн газраас “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төрөөс оюутан, залуучуудад зориулж буй олон төрлийн хөтөлбөр, хөнгөлөлт, үйлчилгээг үнэ төлбөргүй зүйл гэж үзэхээс илүүтэй та бүгдийн ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж зөв ойлгож, үр дүнтэй ашиглах хэрэгтэй” гээд өөрийгөө, ээж аавыгаа хууралгүйгээр, боловсрол оюунд тань оруулж байгаа хөрөнгө оруулалт, хөдөлмөрийг салхинд хийсгэлгүйгээр өөртөө үнэнчээр суралцахыг оюутнуудад захив.
Чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Оюунлаг оюутны оролцоо Монгол Улсын хөгжилд” сэдвээр илтгэл тавьсан юм.
Г.Занданшатар: Боловсролын шинэ хандлагыг төлөвшүүлэхэд оюутнуудын манлайлал чухал
– Дэлхий дахинд өрнөж буй эдийн засгийн өсөлт, техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлтийн үйл явц шинэ мянганы залуучуудаас шинэ сэтгэлгээ, зорилго, тэмүүлэлтэй байхыг шаардаж байна. Өөрийгөө дайчилж, сахилга баттай, авьяас, ур чадвараа хөгжүүлж суралцахаас гадна, бүтээлч сэтгэлгээгээр аливаад хандах хэрэгтэй. Дэлхий нийт дипломыг биш ур чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеэ дүүрэн тэмүүлэлтэй, хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтай болгон хөгжүүлэх ёстой. Авьяас чадварыг дэлхий нийтээр үнэлж байна. Үнэхээр авьяастай бол 12 настай хүүхдийг ч ажилд авч болдог болсон. Технологийн IV хувьсгалын энэ эринд хиймэл оюун ухааны хөгжил үсрэнгүй байх болно. Инновац- шинэ сэтгэлгээ хөгжлийн гол хүч болно. АНУ, ОХУ-д хийсэн судалгаануудаас харвал 2050 он гэхэд АНУ-ын ажлын байрны 50 хувь автомат роботоор солигдоно гэсэн дүн гарсан бол ОХУ-ын 280 компанид хийсэн судалгаагаар боловсон хүчний хомсдолоос илүүтэй авьяасын нөөцийн хомсдол үүснэ гэж дүгнэсэн байна.
Эдүгээ дэлхий даяар Технологийн IV хувьсгал эрчимтэй өрнөж байна. Хиймэл оюун ухаан, роботын үйлдвэрлэл, их өгөгдөл боловсруулалт, виртуал бодит байдал, генийн инженерчлэл зэрэг шинэ нээлт, технологиуд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна.
Ийм нөхцөлд дэлхийн улс орнуудтай ижил түвшинд өрсөлдөхүйц түвшний боловсрол, мэдлэг, чадвар эзэмшсэн иргэд л улс орны өрсөлдөх чадварыг сайжруулж, цаашдын хөгжил цэцэглэлтийн ирээдүйг тодорхойлох болно.
Сургууль төгссөний батламж болох гэрчилгээ, дипломыг биш ур чадвар, авьяасыг чухалчилдаг боллоо. Оюутан залуусынхаа авьяас билиг, бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлж, тэтгэн хөгжүүлэх, багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаардаг дадал хэвшил бий болгоход онцгой анхаарах нь чухал болжээ.
Их өгөгдлийн сан бий болгох замаар сурах үйл ажиллагааг дэмжих, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэх нь бидний гол зорилго болж байна.
Дэлхий нийтийн энэ чиг хандлагатай хөл нийлүүлж, өөрсдөдөө эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Боловсролын салбарын шинэ хандлагыг өөрийн улсдаа бий болгоход оюутнуудын манлайлал чухал. Боловсрол бол хувь хүнд чиглэсэн, үе тэнгийнхэнтэйгээ хамтран суралцах тасралтгүй үйл ажиллагаа болж байна. Монголын оюутан залуучууд та бүхний оюун тархи, зүрх сэтгэлээс Монгол эх орны маргаашийн хувь заяа, хөгжил дэвшил шалтгаална. Үүнийг бид “Монгол тэмүүлэл” гэж нэрлэж байгаа юм гэлээ.
Харилцан хяналттай, тэнцвэртэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийлээ гэв
Үндсэн илтгэлийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөснийг тэрбээр дурдаад, энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсан. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсныг тэрбээр онцлов.
“Олон хүний хамтын хөдөлмөр, ард иргэдийн итгэл зүтгэлийн дүнд тогтвортой хөгжлийн үндэс тавигдах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Ингэснээр хариуцлагатай, тогтвортой, хяналттай төр бий болох боломж бүрдэж, хууль эрх зүйн хувьсгал хийгдэх эхлэл тавигдаж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зорилт хангагдсан гэж үзэж байгаа. Тиймээс оюутан залуучууд та бүхэн уншиж, судалж, үе тэнгийнхэндээ дэлгэрүүлж тайлбарлаж өгөхийг хүсье” гээд зорилготой, тэмүүлэлтэй суралцаж, амжилтад хүрэхийг ерөөв.
Дашрамд тэмдэглэхэд, 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурлаас энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.