Төрийн жинхэнэ албаны шалгалтад 8891 хүн оролцож байна
УИХ-аар Монгол улсын Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байна. Үүнтэй уялдуулан Ерөнхий шалгалтыг Улсын хэмжээнд жил бүр нэгдсэн журмаар зохион байгуулдаг. Төрийн албаны Ерөнхий шалгалтын гол зорилго нь төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэхэд чиглэдэг.
Улс орны хэмжээнд нийт 8891 хүн бүртгүүлсэн бол манай аймгаас 320 гаруй иргэн бүртгүүлжээ. Өнөөдөр Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн танхимд нэг ээлжиндээ 65 хүнийг оруулж, 5 ээлжээр шалгалтыг авч дуусгах юм. Тус шалгалт улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд манай аймгийн хувьд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүүгийн тушаалаар томилогдсон Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс, Төрийн аудитын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.
Түүнчлэн БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүн Г.Бадамдулам ирж хяналт тавьж байна. Өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хурлын танхимд Төрийн жинхэнэ албаны Ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдэд зориулсан зөвлөмж өгч уулзалт зохион байгуулсан билээ. Шалгалтын даалгавар хүн тус бүр өөр байх бөгөөд цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх юм.
Тус шалгалт нь Ерөнхий мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, Монгол, хэл бичгийн шалгалт гэсэн гурван бүрэлдэхүүн агуулгатай байна. Ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэд шууд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохгүй. Харин төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу тухайн албан тушаалын тусгай шалгалтаар нөхөх юм.