Төрийн албан хаагчид “Төрийн түшмэл эрдэнэ” нэртэй сүлд дуутай боллоо
“Төрийн түшмэл эрдэнэ” хэмээх уг дууны шүлгийг МУСГЗ Д.Дашдондов, аяыг МУУГЗ Б.Бямбабаяр нар бүтээж МУГЖ Ц.Төвшинтөгс дуулжээ. Уг дуу төрсөн түүхээс товч дурдахад, 2016 онд Орхон аймагт болсон Төрийн албаны зөвлөгөөний үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг МУСГЗ Дамбийн Дашдондовтой уулзаж, танилцан “Манай улсад төрийн албаны шинэчлэл шаардлагатай байна. Та олон сайхан дууны үг бичсэн. Монгол улсын төрийн албанд зориулж дууны шүлэг бичиж өгөөч” гэж хүсэлт тавьжээ. Үүний дараа СГЗ Д.Дашдондов шүлгээ бичээд Орхон аймгийн Төрийн албаны дарга Д.Соёлчхүү болон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нарт үзүүлж улмаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригт илгээсэн байна. Ийнхүү Монгол улсын төрийн бүх албан хаагчдад зориулсан “Төрийн түшмэл эрдэнэ” дуу бүтжээ.
Ташрамд дурдахад, 2016 оны зөвлөгөөний үеэр Орхон аймгийн төрийн албан хаагчид галт тэрэгний цагийн хуваарийг өөрчилж өгөх хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд тавьсан байна. Тодруулбал, Эрдэнэтээс Улаанбаатарт галт тэрэг өглөө 5 цаг 40 минутад очдог хуваарийг өөрчилж өгөхийг хүсчээ. Үүний дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 2017 оны 1 дүгээр сард Зам тээврийн хөгжлийн сайдад албан бичгээр уламжилсан байна. Ийнхүү холбогдох байгууллагууд арга хэмжээ авч энэ сарын 2-оос Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг 21 цаг 30 минутад хөдөлж маргааш өглөө нь Улаанбаатарт 7 цаг 55 минутад очихоор болж өөрчлөгджээ.
ТӨРИЙН ТҮШМЭЛ ЭРДЭНЭ
(Төрийн албаны дуу)
Цуутай дээдсээс өртөөлсөн
Өндөр төрдөө зүтгэх бахдалтай
Суутай түмнээс хайрласан
Ариун итгэлийг даах нуруутай
Алдхан биеийн алжаал яах вэ
Алдах эрхгүй тангараг бий еэ
Ахуй төрийн минь алтан аргамжаа
Алдуурч болохгүй андгай бий еэ
Орон гүрнээ дэвжээхийн
Ончийг олсон мэргэн бодлоготой
Олон түмнээ хөгжил өөдөө
Оройлж дагуулсан яруу үйлстэй
Дахилт
Зөрүү бурууд автахгүй
Зөвийг тунгаах үнэн жудагтай
Зорьсон үйлээс хазайхгүй
Зоны төлөө шамдах заяатай
Дахилт