Нийгэм7 хоногБоловсрол

Их дээд сургуулиудад CDIO стандартыг амжилттай нэвтрүүлсэн гэж дүгнэв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Ж.Хатанбаатар Сингапурын Темасек сангийн нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Станли Лийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Сайдын зөвлөх Ж.Хатанбаатар Монгол Улсын их дээд сургуулиуд CDIO арга зүйг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Сингапурын Темасек санд  талархал илэрхийлж, энэ хөтөлбөрийн чанар, стандартыг улам бэхжүүлэхийн тулд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Сингапурын Темасек сангийн нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Станли Лий хэлэхдээ “Үр дүнд суурилсан арга зүй буюу CDIO хөтөлбөрийг Азийн зарим улсад хэрэгжүүлдэг ч Монгол улсад илүү үр дүнтэйгээр хэрэгжиж чадлаа. Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны бодлогын дэмжлэг том нөлөө үзүүлсэн” хэмээн онцолсон. Мөн тэрээр цаашдын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх боломжтой хэмээн   үзэж буйгаа илэрхийлсэн юм.

БСШУСЯам Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2015 оноос “Үр дүнд суурилсан сургалтын CDIO стандарт, арга зүйг” ШУТИС, ХААИС, МУИС-ийн 5 хөтөлбөрт нэвтрүүлэн, 2018 оноос “Ахисан түвшний CDIO” арга зүйг төрийн өмчийн 6 их сургууль ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС-д нэвтрүүлж дуусаад байна. Төслийн хүрээнд дээрх сургуулиуд Сингапурын Темасек сан, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын политехникийн экспертүүдээс арга зүйн цуврал сургалтуудыг авч мастер багш нарыг бэлтгэн, хөтөлбөрүүдээ шинэчлэх ажлуудыг хийгээд байна.

Энэхүү 2 шатны төслийг БСШУСЯ-ны ДБШТ-ийнхүрээнд АХБ-ны санхүүжилттэйгээр Сингапурын Темасек сан, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын политехникээс арга зүйн цуврал сургалтын дагуу багш нараа бэлтгэн, хөтөлбөрүүддээ хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд 21-р зууны бүтээлч ур чадвартай, эерэг хандлага, төлөвшилтэй, манлайлагч, нийгмийн эрэлтэнд нийцсэн чадамжтай, сэтгэгч-зохион бүтээгч-хэрэгжүүлэгчийг бэлтгэх замаар үндэсний аж үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгөх сургалтын арга зүйг инженерийн боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх зорилготой ажилласан байна.

CDIO стандарт арга зүйд ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС-ийн 120 багшийг сурган, CDIO-ийн 52 мастер багш бэлтгэж, Боловсролын хөтөлбөр боловсруулах, сургалтын орчныг загварчлах, үнэлгээ хийх, сургахуйн арга зүйд их дээд сургуулийн 3000 орчим профессор багшийг сурган, багшлах боловсон хүчнийг чадавхижуулсан аж. Үр дүнд суурилсан арга зүйн хөтөлбөрөөр суралцсан оюутнуудын идэвх сайжирч, суралцах сонирхол нэмэгдэн, дадлагажих боломж бүрдсэн, тэдний амжилт ахисан зэрэг үзүүлэлт нь энэхүү арга зүйн үр дүн гэдгийг талууд онцолж байна.

Т.Хэрүүга: Оюутнууд маань  илүү бүтээлч болж, шинэ мэдлэгийг эрж хайж байна

/ХААИС-ын захирал, Монголын их дээд сургуулиудын консерциумын ерөнхийлөгч/

Монголын  Их дээд сургуулиуд дээр CDIO хөтөлбөр хэрэгжээд 3 жил болж байна. Бэлтгэл ажил эрт эхэлсэн.  Энэ хөтөлбөр нь сургалтын технологийг шинэчлэх, оюутнуудад өгч байгаа үр өгөөжийг нэмэгдүүлэх, багш оюутан хоорондын амьд харьцааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бид номноос голдуу заадаг байсан бол оюутнуудыг аль болох өөрөөр нь, гараар нь бариулж хийлгэхэд анхаарч байна. Ингэснээр оюутнууд маань  илүү бүтээлч болж, шинэ мэдлэгийг эрж хайж, багштайгаа ярилцаж, бодит мэдээллийг их авч байна. Үр дүнд нь манай сургалтын хөтөлбөрт нилээдгүй шинэчлэл хийгдэж хичээлүүдийн лекц семинарын харьцааг өөрчилж байна.

Багш нар маань сургалтын арга барилдаа өөрчлөлт орууллаа. Их дээд сургуулийн багш нар Монголдоо болон Сингапурт очиж сургалтанд хамрагдаж,  мастер багш нар болж байна. Мастер багш болсноор сургагч багшаар ажиллах эрхтэй болж, бусад багш нартаа  сурсан мэдлэг мэдээллээ түгээх, туршлагаа хуваацаж байна. Сүүлийн жилүүдэд CDIO хөтөлбөр их дээд сургуулиудын багш нарын дунд маш хурдтай, чухал шинэчлэлийг хийх боломж олголоо.

Тиймээс бид өнөөдөр Сингапурын Темасек сангийн удирдлага болон Сингапурын Политехникийн сургуулийн захирлуудтай уулзаж, дараагийнхаа төсөлийн хүрээнд юу хийх вэ гэдгийг ярилцаж байна. Цаашдаа бид дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, үнэлгээ магадлан итгэмжлэхтэй холбоотой асуудлуудыг төслйин хүрээнд хамруулж, хамтад нь зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн.

Т.Амаржаргалан: Сургуулийн танхимд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нь их үр дүнтэй арга зүй байлаа

/БСШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга, Доктор профессор/

Манай улсын дээд боловсролын салбарт хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол төгсөж байгаа залуучууд маань ажлын  байранд тэнцэж байна уу, хөдөлмөрийн соёлд суралцсан уу. Ажлын байранд очоод шууд ажиллах бүтээлч ур чадвартай болсон уу гэдэг асуудал яригддаг. Тэгвэл яамнаас хэрэгжүүлж байгаа үр дүнд суурилсан боловсролын бодлогын  хүрээнд багш нарын арга  зүйг сайжруулах 12 стандарт гэдэг дэлхий нийтийн санаачлагыг бид хэрэгжүүлсэн.

2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ ажлын эхний үр дүн гарч бидний анхны төгсөлтүүд гарсан.  Төгссөн хүүхдүдийн амжилт биднийг үр дүнтэй ажилласаныг харуулж байна. Тухайлбал,  ШУТИС-ын Нэхмэлийн үйлдвэрийн технологийн ангийн оюутнууд энэ арга зүйгээр суралцаж төгсөөд 100 хувь ажлын байртай болсон байна. Саяхан Монгол Улсад зохиогдсон Робокон тэмцээний үр дүнг харж болно. Сургуулийн танхимд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх замаар бодит үйл ажиллагааны ур чадвар олгох арга  зүй нь их үр дүнтэй байна.

Инженер хүн асуудлыг олж хардаг, үүнийхээ дагуу сэтгэдэг, загвар дизайн төсөл зохиодог. Түүнийхээ дагуу бодит бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгодог зарчим дээр суурилсан инженерийн боловсролыг олгож байна гэсэн үг. Хөндлөнгийн  үнэлгээ талаас нь харвал энэ арга зүйгээр явсан 6 их сургуулийн 5-6  хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдчихлээ.

Тухайлбал, 9 хөтөлбөр дотоодод, 2 хөтөлбөр ОУ-д магадлагдав (МУИС-ийн “Электроникийн инженер”, ШУТИС-ийн “Оёмол бүтээгдэхүүний технологи”, “Шим тэжээл судлал”, ХААИС-ийн Агрономи, Байгаль хамгаалах технологи, Зоо инженер технологи, Бараа түүхий эдлэлийн технологи, Цахилгаан хангамжийн инженер, Бараа түүхий эд судлалын технологи  хөтөлбөрүүд дотоодод, ШУТИС-ийн “Цахилгаан холбоо”, ХААИС-ийн “Механик инженер” хөтөлбөр 2018 онд Олон улсын ABET магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдлээ. Олон улсын инженерийн хөтөлбөрт магадлан итгэмжлэгдэж чадаж байгаа нь энэ арга зүйн чухал үнэлгээ, үр дүн гэж харж байна. Цаашид энэ арга зүйг илүү өргөн хүрээтэй түгээн дэлгэрүүлэх, тогтвортой авч явахад анхаарах нь чухал. Үүнд манай багш нарын  оролцоо болон сургуулиудын идэвх чармайлт маш их хэрэгтэй.

 

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version