Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэмЭнэ сардОрон нутагФото сурвалжлага

Хөвсгөл аймгийг дархан цаазат аймаг болгохыг уриалж, тайван жагсаал зохион байгуулав

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод өчигдөр “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас санаачлан “Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгаль, цэнгэг уст Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалж, Хөвсгөл аймгийг Дархан цаазат аймаг хэмээн зарлаж, уул уурхайгүйгээр хөгжүүлэх ёстой” хэмээн уриалсан тайван жагсаал, цуглаан зохион байгууллаа.

Энэхүү тайван жагсаалд “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын гишүүд, Эх оронч Монгол хүүхэд “Хөх цэрэг” аялал ТББ-ын гишүүд, Хөвсгөл аймгийн Оюутны холбооны залуус болон орон нутгийн иргэд оролцов. Нутгийн ард иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, лицензийг цуцлах ажлыг эхлүүлж байгаад талархал илэрхийлж, онгон дагшин байгаль, цэнгэг уст Хөвсгөл нуурыг хамгаалах үйлсэд нэгдэж гарын үсгээ зуран тус үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжин хэлэхдээ “Манай Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл ТББ маань лиценз нэртэй цаасаар эзлэгдсэн Хөвсгөл аймгийн газар нутгийг чөлөөлөх зорилгоор тэмцлийн галыг эхлүүлэхээр Чингүнжавын талбайд ирээд байна. Манай ТББ байгаль орчны чиглэлээр Монгол Улсын өнцөг булан бүрт очиж ажилладаг. Бид “Ноён Уулаа аварья” хөдөлгөөн, “Босоо Монгол” ТББ-ын нөхөдтэйгээ хамтран Ноён Уулаа хамгаалах тэмцэлд манлайлан оролцож байсан. Энэ тэмцэл өргөжин улс даяар, дэлхийн хэмжээний болсны үр дүнд Ноён уулаа хамгаалж аварч үлдэж чадсан. 2019 онд бид Сэлэнгэ аймгийн нутагт байгаа бүх хууль бус уул уурхайнуудыг зогсоохоор тэмцсэн. VI сараас эхлэн тэмцсэн энэхүү тэмцлийн үр дүн гарч төрийн өндөрлөгүүдэд уг мэдээллийг хүргэж, тэд зохих арга хэмжээг авч хамтарч ажилласаны үр дүнд Сэлэнгэ аймгийг ямар ч хууль бус нинжагүй болгосон. Энэ бол бидний хамтын тэмцлийн үр дүн.

Өмнө нь Сэлэнгэ аймагт 500 орчим техниктэй 100 гаруй хууль бус уурхай байсан. Ажилчид нь хэдэн мянгаараа тоологдохоор байсныг болиулж, Сэлэнгэ аймгийг хамгаалж чадсан. Энэ ажил үйлсээ бид нар дуусгаад Хөвсгөл аймагт ирээд байна. Би өөрөө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул хүн. Хөвсгөл аймагт байгаа 27 тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилго тавиад ямар ч уул уурхайгүй аймаг болгох тэмцлийг эхлүүлж байна. Бид бүх аймаг, орон нутагт ажилладаг байсан. Энэ удаад Хөвсгөл аймгийг онцолсон нь нэгд, би энэ нутгийн хүн. Хоёрт, Монгол Улсдаа нэг ч гэсэн аймгийг бүрэн бүтэн авч үлдэе, Далай ээжээ хайрлая, Хөвсгөл нутгаа бүхэлд нь хамгаалья гэж зорьж байна. Нутаг нутагтаа хүмүүс тэмцлийн галыг асаагаасай, бид нар шиг тэмцээсэй. Бид Хөвсгөл аймгийн 27 тусгай зөвшөөрөл, лицензийг хүчингүй болгож, Хоймор нутгаасаа тэмцлийн галыг асааж байна. Энэ гал маань өргөжин, дүрэлзэн бүх нутагт асаасай гэж хүсэж байна. Хөвсгөлчүүд бүгдээрээ нэгдээрэй. Дараагийн удаад Цогтой тэмцэгч Чингүнжавын талбайгаа дүүргэж, олуулаа болж өргөжөөсэй, бүх нутагт орон нутгаа хамгаалаасай гэж хүсэж байна” хэмээн онцолж байлаа.

Хөвсгөл аймагт зохион байгуулсан тайван жагсаалын үеэр “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын гишүүд, Эх оронч Монгол хүүхэд “Хөх цэрэг” аялал ТББ-ын гишүүд, Хөвсгөл аймгийн Оюутны холбооны залуус хамтдаа Мөрөн хотын хогийг түүсэн юм.

Энэ үеэр “Ногоон ирээдүй бидний ирээдүй

                  Байгаль орчноо хайрлан хамгаалъя

                  Хогийг хашраая” хэмээн уриа хэлж, Мөрөн хотын төв талбайд түүсэн хогийг цуглуулсан юм.

Мөн Мөрөн хотын гудмаар явж, Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгаль, цэнгэг уст Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалж, Хөвсгөл аймгийг Дархан цаазат аймаг хэмээн зарлаж, уул уурхайгүйгээр хөгжүүлэх ёстой. Энэ үйл хэргийг дэмжиж байвал гарын үсгээ зурахыг санал болгон 3000 орчим иргэдийн гарын үсэг цуглуулсан юм. Тайван жагсаалыг зохион байгуулсанаар Хөвсгөлчүүдийг төрсөн нутгаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж, мөн бусад аймаг сумдад ийм санал санаачлага гаргана гэдэгт итгэж буйгаа зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

 

П.Нарандэлгэр

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version