Дарханчууд хотынхоо бүтээн байгуулалттай танилцав
Дархан хот үүсэн байгуулагдсаны 58 дахь жилийн ой маргааш тохионо. Энэ өдрийг угтан өнөөдөр /2019.10.16/ иргэдийн төлөөлөл болох 70 орчим хүн Дархан хотод өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах аяллыг хийлээ.
Энэ хүрээнд Олон Улсын жишигт нийцсэн 2200 хүний суудал бүхий Спорт цогцолборын ажил, Олон улсын худалдааны төвөөс 15 дугаар баг хүртэлх 1.55 км хатуу хучилттай авто зам, Нийтийн эзэмшлийн байруудын гадна фасад засвар, гэрэлтүүлгийн ажил, аймгийн Нэгдсэн эмнэлгийн замын өргөтгөл, Ахмад настны асрамж, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх “Геронтологийн төв”-ийн барилгын явц, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, Хараа голын гүүрнээс Ширээ нуруу хүртэлх 1.709 км хатуу хучилттай авто зам, Дархан сумын 1,2,3 дугаар багийг холбосон хатуу хучилттай авто зам, Дахин төлөвлөлт 60 айлын орон сууц, Багийн хөгжлийн төвүүдийн барилга, Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ зэрэг томоохон бүтээн байгуулалтуудтай танилцлаа.
Иргэдийн зүгээс …Өөрсдийн амьдардаг орчин тойронд хийгдэж байгаа ажлуудыг мэдэхээс, бусад баг, хороололд өрнөж буй бүтээн байгуулалтыг төдийлөн мэдэхгүй өнгөрөх тохиолдол олон байдаг бөгөөд бүрэн дүүрэн мэдэхгүй атлаа шүүмжлэх нь ч их байдгийг хэлж байлаа. Тиймээс интернет ашигладаггүй, телевизор төдийлөн үздэггүй иргэдийг ялангуяа ахмадуудыг бүтээн байгуулалтуудаар аялуулах, танилцуулах ажлыг зохион байгуулах нь чухлыг онцлов.
“Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн хугацаанд аймгийн хэмжээнд олон бүтээн байгуулалт үе шаттайгаар өрнөж байгаа юм. Энэ онд Орон нутгийн төсөв, Улсын төсөв, гадаадын зээл тусламж зэрэг хэд хэдэн эх үүсвэрийн хөрөнгө оруулалттайгаар 300 орчим төсөл хөтөлбөрийг 70 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжүүлсэн талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн Бодлого, Төлөвлөлтийн Хэлтсээс мэдээлэлж байна.