Орон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

П.Алтангэрэл: Норовлин сумыг аялал жуулчлалын зангилаа хот болгоно

Хэнтийн аймгийн Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Олон улсын төсөл хөтөлбөрүүд Норовлин сумын хөгжилд багагүй хувь нэмэр оруулж байгаа талаар та онцолж байсан. Энэ талаар тодруулж өгөөч?

-2017 онд манай Норовлин сумын ард иргэдийн оролцоо, удирдлагуудын санаачлагаар нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, бүх нийтээрээ хэлэлцсэн. Цаашдаа байгаль орчин болон сумын газар нутгийн нөөцөд суурилан ямар төлөвлөлтүүдийг хийж болох, аль чиглэлээр хөгжвөл зохих вэ гэдгийг тогтож ярилцаж чадсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр яригдсан нэг чухал асуудал бол яах аргагүй бэлчээрийн менежмент буюу Бэлчээр ашиглалтыг хэрхэн үр дүнтэй болгох вэ гэдэг асуудал байсан.

Энэ хүрээнд бид ШХА-ийн НАМЭМ  төсөл, МБАНХ-той хамтран бэлчээрийг сайжруулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2018 оноос  НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөлтэй хамтран ажиллаж байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр сумын нийт газар нутгийнхаа бэлчээрийн даацыг хэрхэн зөв оновчтой тогтоох, цаашдаа даацдаа тохирсон мал аж ахуйг хэрхэн эрхлэх, талхалагдсан бэлчээрийг хэрхэн сэргээж дахин ашиглах зэрэг чухал төлөвлөлтүүд хийгдсэн. Мөн малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд  чиглэсэн ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна.

Малчдын хэсэг бүлгийг байгуулах, бэлчээрээ яаж зөв зохистой ашиглах вэ,  бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхэд байгаль орчинтойгоо хэрхэн уялдаа холбоотой байх вэ зэрэг сэдвүүдээр үе шаттай сургалтууд зааж байна. Улмаар малчдын хэсэг бүлгээс гарсан санал хүсэлтийн дагуу өвс тэжээлийн агуулах барих ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Мөн хадлангийн иж бүрэн техник хэрэгслийг худалдан авахаар төлөвлөөд байна. Малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр мал угаалгын байрыг шинээр сэргээн засах ажлыг хийхээр боллоо.  Малчдын сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий “Малчдын мэдээллийн танхим”-ыг бүрэн засварлан ашиглалтад орууллаа. Орон нутагт төслийн хоёр ажилтны орон тоог гаргаж, тэд маань Мал эмнэлэг үржлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Баг, Хэсгийн дарга нартайгаа хамтраад Бэлчээр зохион байгуулах ажлыг хийж байна.

Төслийн дэмжлэгийг үр дүнтэй ашиглаж, малчдын нийгмийн асуудлыг сайжруулах, малыг эрүүл байлгах, бэлчээрийг зөв зохистой ашиглах гэх мэтийн ажлуудыг хамтран хэрэгжүүлж байна. Манай суманд ЗЗБУХ төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн 18 сумын бэлчээрийн мэргэжилтэнгүүдийн туршлага солилцох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ сургалтаар бүс бүсээрээ хэрхэн яаж бэлчээрээ зөв зохистой ашиглаж сэргээж байна гэдгийг ярилцаж, харилцан туршлага солилцлоо.

-Норовлин сумын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна?

-Энэ жилийн хувьд манай суманд 180 мянган мал өвөлжинө гэсэн  тооцоо байгаа. Зуншлага сайхан байсан тул өвсний гарц ч сайн байлаа. Намрын  налгар өдрүүдэд 10 мянга гаруй байгалийн хадлан бэлтгэж авсан. Манай малчин өрхүүд ч өвс тэжээлээ маш сайн бэлтгэдэг, нэг айл хамгийн багадаа 300 бухал өвс бэлддэг. Сумын аюулгүй нөөцөд 5-8 мянган боодол өвс бэлтгэхээр төлөвлөж, урьдчилсан байдлаар 6 мянган боодол өвс, хивэг, тэжээлийн нөөц бүрдүүллээ.

Энэ оны төгсгөлд хадлангийн тоног төхөөрөмж ирчихвэл ирэх жилээс Малчдын бүлэг, хоршоодтойгоо нэгдээд ажлын байр гаргаж, Сумын аюулгүй нөөцийн хадлан тэжээл бэлтгэх, мөн бусад сумдуудад худалдан борлуулах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Бид сумынхаа бүх хүмүүсийг хоршооны зохион байгуулалтад оруулах гэж зүтгэлгүй итгэл үнэмшил нь төрсөн, ашигтай талыг нь олж харсан хүмүүстэйгээ эхлээд ажиллах зорилготой байна. Зөв сэтгэлтэй хүмүүс нь үлгэр дууриал болоод явахад бусад хүмүүс нь ч дагаад нэгдэнэ. Түүнчлэн ирэх жилээс Сум хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний санхүүжилтийг ч хоршоог хөгжүүлэхэд зориулахаар төлөвлөж байна. Хоршоо аяндаа хөл дээрээ босоод ирвэл мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, хамтдаа байгалийн бэрхшээлийг даван туулах, түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлийн үнэээр борлуулах боломжууд аяндаа шийдэгдээд ирнэ гэж хараад байна.

-Ажлын байрны дутагдалтай байдал нь орон нутгийн иргэд хот суурин газар луу нүүх олон шалтгаануудын нэг  байдаг. Танай сумын иргэдийн хувьд ямар байгаа вэ?

-Мал маллахаа болиод эсвэл хүүхдээ сургуульд оруулахаар нүүдэг тохиолдол бий.  Учир нь манай сумын сургууль 9 жилийн боловсрол олгодог байсан учраас  хүүхдээ ахлах ангид оруулахаар эцэг эхчүүд гэр бүлээрээ их шилжсэн. Гэхдээ одоо шилжилт  хөдөлгөөн зогссон гэж болно. Хот суурингаас эргэн ирэх нь нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт хамгийн чухал нь мэдээж ажлын байр. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд нэгд, мэдээж энэ хоршоог хөл дээр нь босгож, түүн дээрээ хоршиж ажиллах нь чухал. Малын гаралтай түүхий эдийн бэлтгэл хийх, мал мах бэлтгэх цэг зэргээр ажлын байр нэмнэ. Хоёрт, манай сум “Түүхэн аялал жуулчлалын төсөл” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх  мастер төлөвлөгөөг боловсруулж өнгөрөгч есдүгээр сарын 28-нд “Аялал жуулчлалын чуулган”-ыг БОАЖЯ-тай хамтран зохион байгууллаа. Энэ ажлын үр дүнд орон нутагтаа аялал жуулчлал эрхлэх сонирхолтой хүмүүс шилжин ирэх нь нэмэгдэнэ.

Мөн автомат шилжилт хөдөлгөөн буюу дотуур байрны хүрэлцээ хангамж болон ахлах ангид суралцах хүүхдээ дагаж шилжих тохиолдол байсан. Энэ асуудлыг үе үеийн Засаг дарга нар шийдвэрлэхээр ажиллаж, 2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хичээлийн байрыг ашиглалтад хүлээн авсан. 2016 онд Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дотуур байртай болсон. Энэ хичээлийн жилээс бид ЕБ-ийн 12 жилийн тогтолцоонд шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтээ аймгийн Засаг даргад уламжилсан маань амжилттай хэрэгжиж байна. Ингэснээр ахлах ангийн хүүхдээ дагаад аймаг болон Улаанбаатар хот руу шилжих биш сумандаа ахлах боловсролоо эзэмших  боломж  нээгдэн шилжилт хөдөлгөөн зогсоно гэж харж байгаа.

Засгийн газраас “Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг”-ийг тогтоож өгсөнтэй холбоотойтоор дэд бүтцийг шийдэн хатуу хучилттай  авто зам барих асуудал яригдсан. Чингис хотоос Дадал сум хүртэлх 258 км замын асуудлыг шийдвэрлэхээр болж, ирэх жилээс зам баригдаж эхлэн дэд бүтэц шийдэгдээд ирнэ. Дэд бүтэц хөгжихийн хэрээр орон сууцны асуудлыг шийдэж, орон нутагтаа шилжиж ирэгсэдийг дэмжин ажлын байрууд нэмэгдэх боломж байна. Энэ жилийн хувьд бид хувийн аж ахуйн нэгжүүдтэйгээ нэгдэн  сумандаа дулаан цэвэр усны нэгдсэн шугам холбож, 9 сарын 15-нд хүлээлгэж өгсөн. Эхний ээлжинд инженерийн шугам сүлжээнд холбож, төсөвт байгууллагуудын халаалтыг нэгдсэн байдлаар өгсөн. Цаашдаа хувийн орон сууцнуудыг инженерийн шугам сүлжээ, дулаан цэврээр хангах асуудал яригдана. Ингэснээр сум орон нутагт хямд өртөгөөр баригдсан орон сууцанд амьдрах боломж нээгдэх учраас иргэдийн шилжилт хөдөлгөөн эрс саарна гэдэгт итгэлтэй байна.

-Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ?

-Сумандаа“Аялал жуулчлалын чуулган”-ыг зохион байгуулж, аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжихөд бид юу хийх ёстой вэ гэсэн мастер төлөвлөгөөг боловсрууллаа. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэхэд Монголын нөхцөлд ямар байвал ая тухтай байх, алдаа оноо нь юу байна вэ гэдгийг бодлого  боловсруулагч БОАЖЯ болон аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран хэлэлцлээ. Түүнчлэн энэ үеэр аялал жуулчлалын бүс нутагт ирсэн жуулчдад ямар брэндийг санал болгох талаар ярилцаж, сумынхаа болон хотод байгаа хүмүүстэйгээ холбогдон үзэсгэлэн гаргалаа. Онон гол дээр спорт загас агнуурын аялал жуулчлал эрхэлдэг компанитайгаа хамтран ажиллах чиглэл барьж байна.

Ер нь аялал жуулчлал гэдэг гоё сайхан байшин барилга барихдаа гол нь биш, сум орон нутагт ийм  барилга барих боломж нь ч хаана билээ. Тиймээс энгийн иргэд, малчидтайгаа хамтран аялал жуулчлалыг хэрхэн яаж эрхлэх вэ гэдэг талаар судалж байна. Тухайлбал, гэр кемп, түүний стандарт ямар байх юм. Жуулчид ирвэл душтэй байх юм уу, оо-той байх юм у у гэдэг зүйлийг ярилцан, туршлага судлах компанитайгаа хамтран малчид иргэддээ харуулна. Унтлагын кемп нь ийм байна, гэр ресторан нь ийм байна. Душ халуун ус нойл нь ийм байна гэдгийг дэлгэн үзүүлнэ. Бидний мэдэлд Тусгай хамгаалалттай газрын “Орчны бүсийн сан” нэртэй тодорхой хэмжээний төсөв бий. Энэ сангаас иргэнд 3 сая, ААН–д 5 сая төгрөгийн хөнгөлттэй зээл гардаг. Тиймээс энэ чиглэлээр ажиллаж, малчны хотондоо жуулчлал эрхлэх сонирхолтой хүмүүстэй хамтран ажиллана.

Ялангуяа дотоодын аялагчид хөдөө ирж амрах  дуртай болсон байна. Амрана гээд ах дүү хамаатан садандаа бөөн чирэгдэл учруулдаг. Магадгүй зарим хүмүүст хөдөө ах дүү хамаатан садан ч байдаггүй. Ийм тохиодлолд малчин айл хажуудаа илүү гэр бариад тэндээ зочин хүлээн авч болно. Зуны аль ч цагт гэр бүлийн шинэ гишүүн мэт тодорхой хугацаанд амьдрахад малчдын орлого дэмжигдэнэ. Энэ асуудлыг бид малчидтайгаа яриад байгаа.  Та нар эхлээд өвөлжөөндөө байшингаа барьчих, өвөл ирсэн аялагч нар танайхаар хоноглоод явж байг. Ялангуяа өвлийн улиралд ирсэн дарга, албаны хүмүүсийг хонуулж байя. Сумын төвийн буудалд биш малчны хотонд буудаллаад тэр мөнгө нь малчны орлого болон үлддэг байх ёстой. Ийм байдлаар иргэдийн оролцоотой аялал жуучлал буюу Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна. Аялал жуулчлалын зам буюу Дадал сум хүрэхийн тулд Норовлин сумаар л дайрна. Тэгэхээр энэ зам дагуу бид юугаа борлуулах юм, айраг, цагаан идээ, төмс хүнсний ногоо борлуулах уу,  эсвэл морь, тэмээ унуулах уу гэх зэргээр аялал жуулчлалыг үйлчилгээ талаас нь илүү харж байгаа. Мэдээж түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэдэг утгаараа Их засаг цогцолбор баригдана. Түүнийг дагасан аялал жуулчлал хөгжиж, кемпүүд би болно. Манай суманд одоогоор зочид буудлын барилга баригдаж байна. Сумаас шилжиж явсан болон тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй барилга барих чадамжтай хүмүүс орон нутагтаа ирээд барилга байшин барих боломж бүрэн нээлттэй.

-Орон нутгаас ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Сумын хувьд төлөвлөлтийн зураглал гаргасан. Үүнд Норовлин сумыг аялал жуулчлалын зангилаа хот болгох зорилт тавьсан. Мэдээж энэ болно. Зам дагасан хот, жижиг суурингууд үүсдэг. Тиймээс бид төлөвлөлтөө гаргахдаа гэр хорооллоосоо тусдаа дэд бүтэц бүхий хороолол барихаар төлөвлөчихсөн. Энэ төлөвлөгөөг 2015  батлаад гаргачихсан юм. Харин одоо хаана нь ямар барилга барих талаар төлөвлөсөн дагуудаа бид эрчим хүч, дулаанаар хангана. Барилга барихыг хүсвэл газрыг нь үнэ төлбөргүй олгоно гэхдээ нэг шаардлага тавина. Та нар мКв-ийн үнийг тэдээс дээш байлгахгүй гэдэгт тохирно. Ингэж чадвал Норовлин сумын Улаанбаатар болон бусад газарт амьдарч байгаа иргэд энд тодорхой хэмжээний газраа аваад  зундаа ядаж ирээд хүүхдээ салхинд байлгах, аав ээжийгээ орон сууцанд оруулах, төрийн албан хаагч нар нь  байртай болох, лизингэд нь хамруулах дэмжлэг  бүрдэнэ.

-Орон нутгийн биш иргэд ажиллаж хөдөлмөрлөж, оршин суух боломж нь  байгаа юу?

-Байлгүй яахав. Бүх боломж бий.

-Төрийн тогтвортой байдал хүмүүсийн ажлаа хийхэд их чухал гэдэг. Таны хувьд 8 жил тасралтгүй Засаг даргаар ажилласанаар ямар үр дүнд хүрсэн бэ?

-Аливаа ажлыг явуулахад төрийн тогтвортой байдал их чухал л даа. Би энэ суманд анх Багийн засаг даргаас эхлэн ажлын гараагаа эхэлж байсан. Дараа нь Газрын даамал, Байгаль орчны байцаагч, Тамгын дарга гэж явсаар Засаг даргаар ажиллаж байна. Төрийн албанд 20-иод жил ажилласан байна. Энэ хугацаанд өмнөх үеийн дарга нарын төрийн тогтвортой байдал буюу залгамж халаа гэдгийг маш сайн бодож явдаг. Зүгээр нэг ганц жишээ,  шинэ хороо барихаар төлөвлөж байсан газарт өмнөх дарга нар газар олголт хийгдээгүй байсан. Яагаад өгөөгүй юм гэхээр энд ирээдүйд хот бий болно. Гэхдээ дэд бүтэцтэй болсон үед л газар олгох юм шүү гэсэн нэгдсэн бодлого байсан. Тэр нь залгамжилж явсаар өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайд өнгөрсөн 5 дугаар сард Норовлин суманд ажилласан. Тэгэхдээ нэг л үгийг хэлсэн. Төр тогтвортой байна гэдэг ийм байдаг. Норовлин сум хөгжсөн байна.  Сайхан болох гэж байна гэж онцолсон. Тэр ч бас зөв үг. Яагаад гэхээр нэг хүн ажил хийгээд эхлэхэд дөрвөн жилээр солигдоод байдаг. Нөгөөдөх нь өмнөх ажлаа үгүйсгэсэн байдлаар асуудалд хандаж ирсэн. Сүүлийн 20 гаруй жил ийм л байгаа.

Гэтэл манай суманд өмнөх үеийн ажил одоо ч ажил хэрэг болоод явж болж байна. Тухайлбал, Норовлин суманд Шинэ дэд бүтцийн хороолол барина гээд явж байхад 2014 онд сумын дахин төлөвлөлтийг хийсэн. Тэр дахин  төлөвлөлтийг одоо мөрдлөг болгоод зарим газарт нь хэсэгчилсэн өөрчлөлт хийгээд л явж байна. Сумын төлөвлөлт маш энгийн  ойлгомжтой байгаа. Орон сууцны хороолол нь энд байна. Эндээс хүмүүс байшин авч болох юм гэдэг нь харагдана. Сумын урд хэсэгтээ үйлдвэржсэн хороолол барина гээд анхнаасаа өндөр хүчдэл татахдаа тийш нь 380 вольт татаж оруулсан. Дараа нь бид 180 кВт –ийн  өртөггөл хийсэн. Тэр өргөтгөлийг үйлдвэрлэлийн бүсруугээ ойртуулсан. Цаашид тэнд мал нядалгааны цех, мах бэлтгэлийн хэсэг, боловсруулах үйлдвэр бий болно. Өвс тэжээлийн агуулах ч тэнд баригдана. Тэр үед үйлдвэрийн бүс нутгийн газар нь байна, цахилгаан нь хангалттай байна. Энэ болгон төр тогтвортой байх, тодорхой хэмжээний бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байгаатай л холбоотой.

Норвлин  суманд сүүлийн 19 жил буюу 2000 оноос хойш ямар нэгэн халаа сэлгээ хийгдээгүй. Зөвхөн тэтгэвэрт гарсан хүмүүс нь гарч, шинээр ажлын байранд орж байгаа. Ингэхээр мэдээж хүн хийж байгаа ажлаа мэддэг болж ирдэг. Мэдээж бүгд сайн байхгүй зарим нэг хүн жаахан ажилдаа дадаад тодорхой хэмжээнд хүрэхээрээ өөрчлөгддөг. Манайд бол тийм юм байдаггүй нэг ажлын байранд дээр 2 жил болж байж учир зүйгээ олдог.  Өмнө нь би зарим мэргэжилтнүүдийг алдчихдаг байсан. 2 жил болоод овоо бэлтгэгдээд  ирэхэд аймаг руу эсвэл хот руу шилжчихдэг байсан. Харин одоо бол харьцангүй тэр төрлийн шилжилт зогссон. Яагаад эгвэл сум гоё болох нь тодорхой болчихсон. 2007 онд л тогтой болсон ч зам ирэх нь тодорхой болсон тул сумын ирээдүй гэрэлтэй байна. Одоо бид 200 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Баруун талдаа 400  хүний суудалтай Соёлын төвийн зураг төсөл хийлгээд ирэх оны төсөвт суулгах гээд явж байна. Эмнэлгийн барилга өргөтгөл хийх гээд төсөвт суулгасчихсан байна.  Дээр нь  хоршоондоо мал угаалга, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулдаг болчихвол малчид идэвхитэй болно.

12 жилийн сургалттай болчихлоо. 80 хүүхдийн шинэ дотуур  байр нь байна. Тэгэхээр сумаас шилжих, сум эзгүйрэх тухай асуудал биш суманд шилжиж ирэх, сумын хүн ам нэмэгдэх гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Яахав автомат шилжилт хөдөлгөөн бий. Отор нүүдэл дагасан шилжүүлэг хийгддэг. Монгол Улсын иргэд нутаг дэвсгэртээ хаана ч оршин амьдрах эрхтэй гэсэн зүйл заалтаар Шилжилт хөдөлгөөнийг шийддэг. Увс, Булган, Ховд, Баянхонгороос ирж байна. Тэд шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж байгаа. Гэхдээ бид нэг л шаардлага тавьдаг. 1-2 оороо ирэхгүй гэр бүлээрээ үр хүүхэдтэйгээ шилжиж ир. Үр хүүхдээ сумын сургуульд өг. Тэгж ирсэн хүн тогтвор суурьшилтай амьдарч, явчихна гэсэн хүний сэтгэлээр биш өөриймсөг байдлаар асуудалд хандана. Өмнө нь ганц нэг хүн баахан малтай ирээд явчихдаг. Тэрний оронд хүүхэд гэр бүлтэйгээ хүрээд ир. Мэдээж та хаана нь ч амьдарч болно, гэхдээ бид бас нутаг орноо бодох ёстой. Таны отрын бүс нутаг  биш ийм учраас гэдгийг ойлгуулж 10 гаруй айл нүүж ирсэн. Хүүхдээ дотуур байр, цэцэрлэгт өгч байна. Энэ бол сайн тал. Мэдээж бэлчээр ахиж мал оруулахааргүй байгаа ч малыг автоматаар цөөлөх боломжгүйгээс хойш байгаа бэлчээр дээрээ зөв менежмент явуулж чадах юм бол бид оршин тогтноно. Тиймээс л бэлчээр нутгийг хайрлан хамгаалж, зөв голдиролд нь оруулахаар зорьж байгаа учраас төсөл хөтөлбөрүүддтэй хамтран ажиллаад байгаа юм. Маш олон аймаг сумдын туршлагаас хуваалцаж байна. Бид тэр бүр очиж, харж үзээд явахгүй учраас тэр аймгийн тэр суманд ийм туршлага байна гэдэг нь бидэнд таалагддаг.

-Малчид төсөл хөтөлбөртэй хамтран ажилласнаар зүгээр л тухайн өрх айлын  амьдрал өөрчлөгдөж, үр шимийг нь хүртэж байгаа асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй гэж боддог. Учир нь малчин хүн гэдэг нэг талаараа монголчуудын хоол хүнсний чухал хэсгийг хариуцаж яваа  хүмүүс шүү дээ?

-Тэгэлгүй яахав. НАМЭМ төсөлтэй хамтран ажиллаж байгаагийн нэг шалтгаан нь малын эрүүл мэндийн асуудал. Малчдын өсгөж үржүүлж, хүнсэнд нийлүүлж байгаа малын маханд антибиотикийн үлдэгдэл үлдээд байгаа юм биш биз. Ямар хугацаатай эм бэлдмэлийг хэрэглэх ёстой юм. Ямарыг нь хэрэглэхгүй байх ёстой юм. Малчид “евомек” гэдэг тариаг маш сайн гээд бүгд л малдаа тарьцгаадаг. Хэдий хугацааны дараа малаас тэр тарианы хор нь гардаг болохыг мэдэхгүй байж зах зээлд борлуулж байна. Тэгэхээр малчин хүн гэдэг нэг талаасаа үйлдвэрлэгч юм шиг боловч нөгөө талаасаа яалт ч үгүй  Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангаж байгаа хүмүүс. Гол цөм нь. Тэгэхээр энэ хүмүүс 5 хоногийн өмнө малдаа антибиотик таричихаад малаа зараад явж байж болохгүй. Тэрийг л малчдад сайн ойлгуулахад  энэ төсөл хөтөлбөрийн үр ашиг гарч байна. Энэ маань нэг талаараа эх оронч үзэл болох юм.

-Ярилцсанд баярлалаа.  

П.Нарандэлгэр

.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version