Налайхын замын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ
Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын нийт замын гүйцэтгэл 85 хувьтай байгаа аж. Харин далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан, замын хучилтын ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр тусзамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөжээ.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам ийм болно. Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаарт тушаалын дагуу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд түр хааж зам барилгын ажлыг хийж байгаа юм.
Нэмж мэдээлэхэд, уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа юм. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу талтай гэдгийг албаныхан тайлбарлаж байна.