Ангирт багийн бэлчээрийг өнжөөж амраасан туршлагаа хуваалцав
Монголчууд эрт дээр үеэс мал сүргээ хариулахдаа цаг улиралдаа тохируулан нүүдэллэж бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, өнжөөж сэлгээж ирсэн уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль цаг уур, нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалан малчид нүүдэл суудал болж, бэлчээрийг өнжөөж амраах нь багассанаас бэлчээр талхлагдах болсон. Энэ асуудлыг шийдэхээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд анхаарч, орон нутгийн малчидтай уулзалт хийж, бэлчээрийн талхлагдалт ямар хэмжээнд байгаа, хэрхэн өөрчлөгдсөн. Бэлчээрээ өнжөөж амрааснаар хэрхэн сэргэх чадвартай байгаа зэргийг хэлж ярьж, үр дүнтэй тохирсон алхамуудыг хийж байна. Үүний нэгэн жишээ нь НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн зээлийн хөрөнгөөс санхүүжигдэх IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийг онцолж байна.
IFAD буюу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл /нэмэлт санхүүжилт/ нь Архангай аймгийн Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сум, Дорнод аймгийн Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин сум, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад тус тус хэрэгжиж буй. 2019-2021 оны хооронд хэрэгжих уг төслийн зорилтот сумдад малчдын бүлгүүдийг байгуулж, бэхжүүлэх, хоршоо болгон хөгжүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон “Хөгжлийн оньсон түлхүүр төв” ТББ-уудын түншлэл хамтран ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд “Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүрэлдэхүүн хэсгийн сумдын ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн” Хэнтий аймгийн Норовлин суманд 2019.09.12 ны өдөр зохион байгуулагдсан юм. Энэхүү уулзалт зөвөлгөөнд төсөл хэрэгжиж буй 6 аймгийн 18 сумын төслийн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
Зөвлөгөөний үеэр Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт багийн бэлчээрийг өнжөөж амрааснаар хэрхэн сэргэсэн, ямар саад бэрхшээл тулгарсан зэрэг ажлын арга туршлагаасаа хуваалцсан юм. Ангирт баг нь 353 хүн амтай, 70 малчих өрх, 46,8 мянган толгой малтай аж. Ангирт багийн төвийн байрыг 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангаар байгуулсан бөгөөд хурлын заал, багийн эмчийн өрөөтэй. Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн малчид гэрийн нөхцөлд хийсэн гар урлалаын бүтээгдэхүүн, сүү цагаан илдээ, жимс жимсгэнэ ногоо хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.
Норовлин сумын БУУАӨДЗ бүрэлдэхүүн хэсгийн ажилтан Н.Батхүү хэлэхдээ “Норовлин сумын Ангирт баг нь баруунаас зүүн тийшээ 40 өөд км хойноос урагшаа 90 орчим км газар нутгийг хамарсан. Урд үзүүр хэсэгтээ говирхуу, хойд талдаа уул устай жимс жимсгэнэ ургадаг хангай газартай. Цагаан зээр, үнэг, хярс, чоно, бор гөрөөс, баавгайтай. Чөлөөлсөн бэлчээрийн хувьд сүүлийн 4-5 жил малчин өрхүүд усаа дагаад зусдаг байсан. Урагш Буянтын булаг гэдэг задгай устай бэлчээрт өвөл зунгүй амьдарч, малаа бэлчээж талхалсан. Зүүн талд ч мөн адил их малтай айлууд өвөлжиж хаваржиж зусдаг байсан нийт 45 га бэлчээрийг чөлөөлсөн. Өмнө нь уг бэлчээр талхлагдаад улаан халцгай 6 сар гэхэд өвс ч ургаагүй байсан” гэв.
Түүний дараа Ангирт багийн Засаг дарга Д.Шижирмөнх хэлэхдээ “Манай баг дээр 2018 оноос Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл хэрэгжиж байна. Тус төсөлтэй хамтран 2019 оны 6 сард багийн хурал хийж, бэлчээр чөлөөлөх хил заагийг баталж, 6 сарын 21 нээс 8 сарын 21 ны хооронд хэрэгжүүллээ. ЗЗБУХ төслийн Хэнтий аймгийн хариуцсан мэргэжилтэн Н.Батхүү болон Норовлин сумын ажлын хэсгийн мэрэгжилтэнүүдтэй хамтран багийн 45 мянган га талбайг чөлөөлсөн. Ангирт багийн чөлөөлсөн бэлчээр нь Ангиртын хоолой, Буянтын хөндийн, Таван толгойн хөндий Бүрдийн хөндий, Асгана, Тохой, Энгэр булгийн баруун хажуу зэрэг малчдын өвөлжөө хаваржааны нутгийг бүрэн чөлөөлж чадсан.
Багийн хурлаар хэлэлцээд “Бэлчээрийг бүрэн утгаар нь чөлөөлье” гэж тохирсон. Ингэхдээ төлөвлөсөн газраасаа дахин 3 км илүү гадагш тэлж хилийн зааг тогтоосон. Тэгээд айл өрхүүдээр явж, багийн хурлын шийдвэрийг хэлж, хил хязгаар нутаг нь энэ байна, эндээс гадагш бэлчээрээ чөлөөлөх хэрэгтэй гэдгийг зураг үзүүлэн сануулах уулзалт хийсэн. Манай багийн нутаг дэвсгэрт 70 өрх байдаг, зундаа отроор ирсэнтэйгээ 80 аад өрх болдог. Нийт 227 гектар талбайд 70 өрх чөлөөтэй бэлчээрлээд байх нутагтай усаа бараадаж амьдарч ирсэн. Тиймээс газрын зургаар зааж энэ газраа чөлөөлж, нүүх боломжтой гэж устай цэгүүдээ тогтоож харуулсан.
Энэ жилийн хувьд бороо хур сайтай байсан тул задгай устай газрууд руу нүүдэл хийсэн. Хамгийн холдоо 60-70 км нүүсэн. Тэдгээр айлууд 8 сарын 20 д гаргаад эргээд ирцгээсэн. “Нутаг, бэлчээр сайхан сэргэсэн байна” гээд үр дүнг нь харж мэдэрч байна. Мэдээж хурал зөвлөгөөнөөр хэл ам хийж “Сум орон нутгаас үлийн цагаан огтонотой тэмцэхгүй байна, нүүхгүй” гэж зөрүүдэлсэн айлуудад “Та нар сонгосон бэлчээр лүү нүүж чадахгүй бол малаа өлсгөөд үлдсэн бэлчээрээ талхлуулаад байж л бай. Сум орон нутгаас зохион байгуулсан ажилд нэгдээд үр шимийг нь хүртэж чадахгүй бол одоо яая гэх вэ. Суурингийн айл болоод байж бай. Та нарыг дагаад отроор ирсэн айлууд хамт зунжаад авчирсан мал нь үлдсэн бэлчээрийг чинь дуусгах байлгүй. Хүслээрээ бол доо” гэдэг байсан. Ямар ч байсан бүх айлууд төлөвлөсөн ёсоор бэлчээрээ чөлөөлсөний үр дүнг харж мэдэрч байна.
Төслийн хүрээнд орон нутагтаа мал угаалгын байр, бэлчээрийг усжуулах усалгааны худаг байгуулсан. Цаашдаа хадлангийн тоног төхөөрөмж, үлийн цагаан огтоно устгалын тоног төхөөрөмж, хадлан тэжээлийн агуулах байртай болохоор төлөвлөж байна. Малчид сүүлийн үед суурьшмал байх болсон. Суурьшмал байснаар бэлчээр маш ихээр талхлагдаж, өвс ургамал ургах нь хомсдож байгаа. Үүнийг дагаж үлийн цагаан огтоно ихэссэн. Тиймээс нүүдлийн байдалд нь оруулж, зун намрын бэлчээрийг холын бэлчээр ашиглаж, өвөл хавартаа багийнхаа төв хэсэгт өвөлжөө хаваржаандаа байхын ач тусыг малчид маань ойлгосонд үнэхээр баяртай байна. Цаашид ЗЗБУХ төсөл маань Норовлин суманд болон Монгол улсын туслалцаа дэмжлэг хэрэгтэй олон газарт хүрч бэлчээрийг сэргээх ажлууд хийнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Ангирт багийн малчин, Дэлгэрхаан Бэлчээр ашиглагч малчдын бүлгийн ахлагч Г.Баярмаа хэлэхдээ “Манай багийн малчид энэ жил талхлагдсан бэлчээрээ чөлөөлж, ашиглагддаггүй зах хязгаар нутаг руу нүүж, өвөлжөө хаваржааныхаа бэлчээрийг сэргээлээ. Ингэснээр талхлагдсан бэлчээрийн өвс ургамал сэргэж, халцгай газруудад өвс ургасан байна. Үнэхээр үр дүнтэй ажил гэдгийг мэдэрсэн учраас цаашдаа өвөлжөө хаваржааныхаа бэлчээрийг зөв ашиглаж сурцгаах юм байна. Манай багийн 20 гаруй айл хойшоо Улз гол руугаа нүүсэн. Урд талынхаа захыг бариад Дэлбэрхий, Ар хоолой, Хонгор, Цэгээн рүү айлууд нүүж, тэр хооронд үлийн цагаан огтонотой тэмцэж, бүрэн устгасан” гэв.
Ангирт багийн Бэлчээр ашиглах малчдын бүлгийн ахлагч Д.Сүхбаатар хэлэхдээ “Би Ангирт багт бригадын даргын ажлыг 16 жил хийж байсан. Намайг ажиллаж байх үед байгаль дэлхий минь дэлгэр сайхан, ус маань элбэг хангалуун байсан. Энэ баруун хоолойгоор урагшаа Хэрлэн гол хүртэл урсдаг, хойд талдаа Норовлин сумаар дайрч Улз голд цутгадаг хоёр сайхан голтой байсан. Тэр голоо дагаад хавар болохоор хойшоогоо даваад хойгуураа тойрсоор баруун талаараа намартаа орж ирдэг байлаа. Гэтэл тэр голууд маань ширгэж усгүй болсноос малчин өрхүүд устай газраа бараадаж, нэг бэлчээр дээрээ удаа суурьшдаг болсоноор бэлчээр талхлагдаж байна.
Энэ асуудлыг анхлан аравтаараа ярилцаад дараа нь баг дээрээ ярилцаж, бэлчээрээ чөлөөлөх шийдвэр гарснаар өнөө жилээс хэрэгжүүлж үзлээ. Малчид маань өнжөөж амраасан бэлчээр сэргэснийг хараад үр дүнгээ өгсөн сайн ажил боллоо, нутаг маань хачин сайхан болчихсон байна гэж байна. 3-5 жилийн дараа үр дүн нь бүр ч илүү сайн харагдах байх. Бригадын даргаар ажилладаг байхад оторт яваад намар орж ирэхэд шугуй шиг л их өвстэй бэлчээр угтадаг байсан. Тэр л хуучин төрхөндөө орно гэж итгэж найдаж байна. Уламжлал болгон хавар болгон нүүдэг болох хэрэгтэй. Гэхдээ эргэж ирэх хугацааг нь илүү ч сунгамаар санагдсан. Яагаад гэвэл ургамлын үр цацаж, тоосжилт явагддаг үеийг өнгөрөөж байж ирвэл дараагийн ургалтад илүү нөлөөлсөн үр дүнтэй бэлчээр чөлөөлөлт болох юм байна гэж харсан.
Ирэх жил малчидтайгаа ярьж байгаад 8 сарын 20 ныг 9 сарын 20 болгож ирдэг болчихвол ургамалын ургалт илүү сайжирна. Энэ асуудлыг малчдаараа хэлэлцүүлнэ. Мэдээж энэ жилийн хувьд холын бэлчээрт нүүсэн айлуудад ус булаг дутмаг байсан ч ирэх жил гар худаг гаргах боломжтой газруудыг тогтооно. Усны асуудлыг шийдвэрлэчихвэл манай багт нөөц бэлчээр хангалттай их байна. Тиймээс худаг, уст цэгийг нэмэгдүүлэхэд тусалж дэмжих нь малчин бидэнд их хэрэгтэй байна. Ямар ч байсан малчдаа уриалж гар худгаа гаргана. Сүүлийн жилүүдэд манай малчид бэлчээр дээрээ байшин барьж, суурин маллагааны байдалд шилжих боллоо. Энэ нь өөрөө бэлчээрээ тахлах, бэлчээрийн доройтолд хүргэх шалтгаануудын нэг. Байшин барьж, ая тухтай амьдрахыг чухалчилж болох ч өвөлжөө хаваржаан дээрээ байлга. Харин зун намартаа түүнийгээ орхиод нүүдэг байгаасай гэж хүсэж байна. Ингэхгүй бол бид бэлчээр нутгаа хайрлан хамгаалахад улам бүр хэцүү болно” гэлээ.
П.Нарандэлгэр