“Ulaanbaatar Pro” Жюү жицүгийн Олон улсын тэмцээн эхэллээ
“Улаанбаатар Про” жюү жицүгийн олон улсын тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд зургаан орны 25 байгууллагын 279 тамирчин 84 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Монголын жюү жицүгийн холбоо эл спортыг улсдаа хөгжүүлж эхлээд даруй 12 жил болж байгаа бөгөөд “Улаанбаатар про” олон улсын тэмцээнийг гурав дахь удаагаа өргөн хүрээнд зохион байгуулж байгаа нь энэ. Манай улсын жюү жицүгийн баг тамирчид Азийн наадам, Ази тивийн АШТ, ДАШТ болон олон улсын шинж чанартай бусад тэмцээнүүдэд ч өндөр амжилттай оролцдог.
Жюү жицүгийн төрөл нь 2018 оны Жакартагийн Азийн наадамд албан ёсоор багтан орсон байдаг. Тус наадмаас манай улсын тамирчин Цогхүүгийн Удвал хүрэл медаль хүртэж байв. Монголын Жюү жицүгийн холбоо цаашдаа олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаан оруулахын төлөө ажиллаж байна.