Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ
Хуралдаанд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.
ИЛГЭЭЛТ:
Монголчууд аа,
Ардчилагчид аа, анд нөхөд өө!
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярт зориулсан цуврал арга хэмжээний нээлтийн ёслолыг хийж буй энэхүү Олон улсын Ардчиллын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон ардчиллын төлөөх анхны цуглаанаас хойш монголчууд бид ардчилалд алхам алхмаар суралцсаар өнөөдрийг хүрч ирлээ. Ардчилал бол хэзээ нэг цагт хүрч очих цэг, эсвэл зорилт биш, байнга суралцах, үргэлж тордож сайжруулж байх ёстой тасралтгүй үйл явц юм.
НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхийг тухайн үеийн авторитар дэглэм бүхий нам төрөөс шаардаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон намын тогтолцоотой болох, чөлөөт сонгууль явуулахыг тулган зөвшөөрүүлж, улмаар 1992 онд Шинэ Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлуулснаар хуулийн засаглал, ардчилсан хэм хэмжээг хууль ёсны болгосон. Ардчилсан хувьсгалын эхэн үед монголчуудын олонх нь сонгосон шинэ нийгмийнхээ талаар ойлголт муутай байсан боловч, алхам алхмаар суралцсаар одоогийн түвшинд хүрсэн нь бодит үнэн мөн билээ.
Өнөөдөр ч бидний дунд ардчиллын талаар ихээхэн гажуудаж гуйвсан ойлголтууд амь бөхтэй оршсоор байгаа нь ч бас үнэн. Улстөрийн ардчилсан дэглэм дэх Ерөнхийлөгчийн ба парламентын засаглал гэсэн хоёр хэлбэрийн тухайд гэхэд туйлын гажуудсан ташаа ойлголт өргөн дэлгэрчээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ард түмнээс шууд сонгох, эсвэл парламентаас сонгох гэдэг дээр ялгаа оршихоос бус хууль тогтоох, улсын төсөв батлах зэрэг эрхийг парламентад хадгалдаг нь Бүгд найрамдах засаглалын суурь юм.
Ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилд Монголын нийгэм олон сорилтыг амжилттай даван туулсаар ирлээ. Хэдийгээр хүнд бэрх цаг үетэй тулгарч, цөөнгүй бэрхшээлтэй учирч байсан ч монголчууд ардчиллаас хэзээ ч үл ухран, ардчиллын үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил, амьдрах ажиллах орчноо болгон төлөвшүүлж чадсан нь өнгөрсөн он жилүүдийн гол ололт амжилт мөн. Ололтын хажуугаар алдаа эндэгдэл ч бас оршиж ирлээ. Нийтийн баялаг, газрын хэвлийн баялгийн талаар бүрэн гүйцэд ойлголтгүй байсны улмаас ашигт малтмалын хуулийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бид алдаа гаргажээ. Ашигт малтмалын лицензийг хэн түрүүлж өргөдөл өгсөн нь авах хууль гаргаснаар эрх мэдэлтэй байсан цөөнх баялагт хяналтаа тогтоох боломжийг олгож орхисон байна. Олигархи-цөөнх нийтийн баялагт хяналтаа тогтоон, үр шимийг нь сорон мөлжиж, баялгийн эзэд болох ард түмэн хоосон үлдсэн нь өнгөрсөн жилүүдийн том сургамж мөн.
Ардчиллыг шинээр бүтээх үйл явц амаргүй байдгийг бидэнтэй ижил цаг хугацаанд шилжилт хийсэн Зүүн Европын орнуудын жишээ нотолж байна. Бүгдэд нь ололт дэвшил, алдаа эндэгдлийн аль аль нь байна. Ганц монголчууд онож, алдаж байсангүй. Ардчилсан түүхийн алдаа эндэгдэл нь бидний багш, оноо нь ч бидний багш байсан.
Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлагыг УИХ-ын олонх хангаж чадсангүй. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оромдож, ардчиллыг улам бүр бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг барьцаанаас гаргах, хүчтэй Ерөнхий сайдаар удирдуулах замаар шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, оновчтой болгох, хариуцлагыг эзэнтэй болгох чиглэлд нэг ч алхам хийсэнгүй. Эсрэгээр, олигархи-цөөнхийн хяналтыг парламент, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалд хэвээр хадгалж үлдэх, өөрсдийн явцуу сонирхлоор нийтийн эрх ашгийг наймаалалцах санаархал бүхий хуулийн орчноо хадгалж үлдлээ.
Эрхэм анд нөхөд өө,
Өнөөдөр Монголын ардчилал амаргүй сорилттой тулгарч нийтийн эрх ашиг уу, олигархи цөөнхийн хязгааргүй шунал уу гэдэг ац сонголттой тулж ирлээ.
Цаашид ардчиллаа улам төгөлдөржүүлэхийн тулд монголчууд бид хууль тогтоогчдоо шууд сонгож ирсэн шигээ гүйцэтгэх засгийн тэргүүн Ерөнхий сайдаа ч шууд сонгодог болъё. Ингэснээр үндсэн хуулийн 3.1-д заасан засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт очно. Үндсэн хуулиндаа ийм агуулга бүхий өөрчлөлт хийж байж Монголын ардчилал аврагдана. Ийм өөрчлөлтийг Монголын нийт ард түмэн болон Ардчилсан нам, МАН, МАХН, Улсын Их Хуралд суудалгүй бусад бүх нам, хөдөлгөөн дэмжинэ гэдэгт итгэж байна.
Олон улсын Ардчиллын энэ өдөр монголчууд бид өндөр сонор сэрэмжтэй байж, ардчилсан үнэт зүйлсээ хамгаалах, олигархуудын санаархал нэвт шингэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг няцаах, түүнийг сөрөн зогсох тал дээр бат нэгдэлтэй байх нь нэн чухал байна. Эс тэгвээс, ардчилалд итгэх олонхын итгэл алдран, тэгш эрх, тэгш хуваарилалт бүдгэрэн холдож, нийгэм баян ядуугийн эрс ялгаралд өртөн улмаар нийгэмд тогтворгүй байдал үүсэх эрсдэл ч бий гэдгийг цаг үргэлж санаж явах учиртай.
Монгол Улс ардчилсан замналаасаа үл ухран, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмаасаа хэзээ ч хазайх ёсгүй гэдэг итгэл үнэмшил олонх монголчуудад байгаа ч, энэ нь бодит үйлс байх эсэх нь нийтийн сонор сэрэмж, хүчин чармайлт, нэгдмэл байдлаас шууд хамааралтай гэдгийг мартаж үл болно.
Олон улсын Ардчиллын өдрийг анх удаа бүх нийтийн баяр болгон зохион байгуулж байгаа Ардчилсан намд талархал дэвшүүлж, ардчиллаа хамгаалах зорилтыг дараагийн гучин жилд ч манлайлан тэргүүлж явахыг ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө үеийн үед хөгжин цэцэглэх болтугай.