Эдийн засгийн байнгын хороо Зээлийн хэлэлцээрүүдийг зөвшилцлөө
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн аж.
“Биокомбинат” УТҮГ-ыг өргөтгөх төслийн саналыг 2009 онд анх боловсруулж, 25.0 сая ам.доллароор төсөвлөж байсан үеэс хойш хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Тухайлбал, Монгол Улсын мал сүргийн тоо, толгой сүүлийн жилүүдэд огцом өссөн ба 2018 оны эцсийн байдлаар 66.4 сая толгойд хүрсэн, эдийн засгийн хөгжил эрчимжиж, бүтцийн ихээхэн өөрчлөлтүүд орсон, мөн мал аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх болж мал эмнэлгийн салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэх шаардлага үүссэн аж.
Дээрх үндэслэлийн дагуу төслийн цар хүрээг өөрчилж, нэмэгдүүлсэн ба “Биокомбинат” УТҮГ-ын одоогийн барилгыг өргөтгөх байсан бол олон улсын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэ үйлдвэрийн барилга, лаборатори барихаар шийдвэрлэжээ. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадал /ОМРЛ-ын шаардлага хангасан вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм байна.
Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн нарийвчлал өндөртэй лабораторийн тоног төхөөрөмж суурилуулахаас гадна үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инжөнерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх аж. Түүнчлэн шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулалтын ажлыг хэрэгжүүлээр төлөвлөжээ.
Монгол Улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч нийт 7,525,000 ам.долларыг зарцуулсан байна.
Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэж жилд дунджаар 10.0 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15.0 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм байна.
Төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогч улс болон хөгжихөд “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газарт шинэчлэл хийх энэхүү төсөл чухал ач холбогдолтойг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва төслийн хүрээнд малын вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтойгоос гадна, урт хугацаандаа нэмүү өртөг шингэсэн экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг барьж ажиллах шаардлагатайг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл төслийн хүрээнд малын эрүүл байдлыг хангах, дэлхийн төвшний лабораторитой болох боломж давхар бүрдэж байгааг онцлох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэхүү төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, мал аж ахуйн салбарын хөгжил ойролцоо Уругвай улсын туршлагыг судалж байхад вакцин үйлдвэрлэл нь өндөр технологи шаарддаг, вирус алдагдах аюул их байдаг учраас үйлдвэрээ хааж байхад манай улс зээл авч “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газарт хөрөнгө оруулж байгааг дэмжих боломжгүй хэмээсэн.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэлэлцлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн аж. Энэ туршлага дээр үндэслэн Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн хүү нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, Санхүүгийн хамтын ажиллагааны хугацааг 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын дэд бүтцийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлэх юм байна.
Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх олон хөнгөлөлтэй зээлийн асуудал хэлэлцэгдэж байна, эдгээр зээлийн хөтөлбөрүүдийн зориулалт үр дүнг тооцож үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхи бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.4 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх ажээ.
Энэ хөрөнгөөр Хан-Уул дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах, хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн ажил, Улаанбаатар хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх, таван сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхыг хөгжүүлэх ажлууд хийгдэх аж. Хоёрдугаар үе шатны төслийн хүрээнд дараах Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчлэн засварлах, нэг сумын эрүүл мэндийн төвийг загвар төв болгон шинэчлэн засварлах, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх, нийслэлийн болон аймгийн эрүүл мэндийн газруудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт, хүний нөөц болон чанарын удирдлагын шинэчлэл хийх чадавхийг хөгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах ажил хийгдэх юм байна. Гуравдугаар үе шатны төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан өрхийн эрүүл мэндийн төвийг жишиг төв болгох хөгжүүлэх, Яаралтай тусламжийн үндэсний системийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын зээлийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээнүүдийн төслийг зөвшилцөв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийсэн. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон аж.
Хөтөлбөрийн хүрээнд харилцан тохиролцсон бодлогын арга хэмжээнүүдийг авах замаар төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн боломжуудыг дэмжих замаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдэд дэмжлэг болох юм байна.
Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авч буй бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, эргэн төлөгдөх хугацаа 30 жил байх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.