ОУВС-гаас 700 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирэх хүлээлт байна гэв
Өнөөдөр буюу энэ сарын 11-нд Монголбанкнаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд 700 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт орж ирнэ гэсэн төсөөлөлтэй байгаа. Өнгөрсөн долдугаар сард Дэлхийн банкны захирлуудын зөвлөлдөх хурал хуралдаж, Монгол Улсад олгох 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. УИХ-ын намрын чуулганаар соёрхон баталбал Монгол Улсад 100 сая ам.доллар энэ оны IV улиралд орж ирнэ гэсэн хүлээлттэй байна” гэх мэдээллийг өглөө.
Дэлхийн банкнаас санхүүжилт орж ирэх болсонтой холбоотой Японы санхүүжилт буюу ЖАЙКА-ийн санхүүжилт болох 280 сая ам.доллар орж ирэхээр болсон. АХБ-наас 300 гаруй сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаа. Тэгэхээр нийт 700 сая ам.доллар орж ирэхээр байгаа аж.
Нөгөө талаар уул уурхайн томоохон төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалт төлөвлөсөн хэмжээндээ тасралтгүй орж ирж байгаа. Импортын өсөлт ч өнгөрсөн оны өндөр түвшнээс буурсан нь ханш цаашдаа тогтвортой байх нь гэсэн бидний төсөөлөл хийх шалтгаан болж буй” гэдгийг нэмж тайлбарлалаа.