Д,Дагвадорж: Дэлхийн хэм ердөө 1-хэн хэмээр нэмэгдсэн. Гэвч …
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар “Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил” академийн Гүйцэтгэх захирал, доктор Д.Дагвадоржтой ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх үндсэн ойлголтын талаар мэдээлэл өгөөч?
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт хүний амьдралд нөлөөлж байна гэдгийг улс төрчдөөс эхлээд хөдөөгийн малчид хүртэл хэлж ярьдаг болсон байна. Уур амьсгал зайлшгүй ингэж өөрчлөгдөхөөс өөр аргагүй болсон гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй.
Агаар мандлын физикийн шинжлэх ухааны хуулиар дэлхий бол гэрэл өөрөө өөрөөсөө гэрэл, инерги цацруулдаггүй хар биет гэж үздэг. Хар биетийн дулааны горимын онол буюу Австрийн физикч Больцманы хуулиар “Тухайн гаригийн температур нарнаас гарч байгаа цацраг инергийн хүчнээс хамаараад ямар хэмжээний темпеаратуртай байхыг тогтоож болно” гэдэг.
Түүний тооцооллоор дэлхий дунджаар /-/ хасах 18-19 градус байна гэж үзсэн бөгөөд тийм байсан бол дэлхий дээр амьд организм оршин тогтнох хэцүү. Гэтэл бодит амьдрал дээр дэлхийн хэм дундажаар /+/ нэмэх 14 +15 хэм хүртэл дулаан байгаа. Энэ хоёр тооны зөрүү 34-35 градус. Энэ зөрүү хаанаас үүсдэг юм гэдэг нь гол асуудал. Дэлхийн агаар мандалд маш олон хий байгаа. 78 орчим хувь нь азотын хий, 21 хувь хүчилтөрөгч, үлдсэн 1 хувь нь нүүрстөрөгч CO2, карбоны төрлийн хийнүүд байдаг. Археновсийн хуулиар “Агаар мандал дахь нүүрсхүчлийн хий геометрийн прогрессоор өсөхөд агаарын температур архиметикийн прогрессоор өснө” гэдэг хууль байдаг. Тиймээс хүний үйл ажиллагаанаас үүдэн нүүрсхүчлийн хий улам бүр нэмэгдээд байгаа учраас агаарын температур дагаж өсөж байгаа юм.
Шинжлэх ухааны үндэслэлтэй ажиглалтын хэмжилтээр агаар мандал дахь хүлэмжийн хийн өсөлтийг дагаад агаарын температур яг л адилхан дагаад өөрчлөгдөж байгаа нь батлагддаг. 1750-иад оноос хүн төрөлхтөн аж үйлдвэрийг хөгжүүлж эхэлсэн. Харин Дэлхийн цаг уурын байгууллага 1880-аад оноос хойш байнгын ажиглалт хийж, хөгжил дэвшил агаар мандалд хэрхэн нөлөөлж байгааг судалж эхэлсэн. Түүнээс өмнө хүн төрөлхтөний агаар мандалд нөлөөлөх хор хөнөөл нь маш бага байсан. Харин үйлдвэрлэл эрчимжиж, уул уурхай, хүнд үйлдвэр баруун Европд хөгжиж эхлэхэд агаар мандал дахь хүлэмжийн хий улам бүр нэмэгдэж байна. 2017 онд дэлхий маань өмнө нь байсан хэмжээнээсээ 1 градусаар дулаарчихаад байгааг ажиглалтын дүнд тогтоосон.
-1 градус нь дэлхийн хувьд ямар өөрчлөлтийг авчрах вэ?
-1 хэмийн дулаан гэдэг энгийн сонсогдож болох ч тийм биш. Уур амьсгалын тогтолцоо гэдэг хэдэн зуун сая жилээр явагддаг үйл явц. Геологийн эринтэй уур амьсгалын дэлхийн системтэй харьцуулахад энэхүү 100 гаруйхан жилийн өөрчлөлт маш богино хугацаанд буюу хоромхон зуурын өөрчлөлт гэж болно. Өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлт нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Цаашид улам бүр эрчимжих хандлагатай байна.
Энэ өөрчлөлт нь байгаль экологи, эдийн засаг, хүний эрүүл мэнд, нийгэмд нөлөөлж эхэллээ. Тиймээс дэлхийн улс орнууд “Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй болжээ” гээд НҮБ-ын гэрээ, конфенцүүдийг гаргасан. Уур амьсгалаас хамааралгүй хүн гэж байхгүй. Баян ядуу, хөгшин залуу гэж ялгахгүй. Тиймээс НҮБ-ээс гаргасан гэрээ хэлэлцээрт дэлхийн бүх улс санал нэгтэй нэгдэж орсон байдаг. Хамгийн сүүлд 2015 онд “Парисын хэлэлцээр” батлагдаж, дэлхийн дулаарлын эсрэг зайлшгүй арга хэмжээ авахгүй бол болохгүй, тодорхой ажлууд хийх хэрэгтэй гэж үзсэн. Уг хэлэлцээрт дэлхий 1 градусаар дулаарсан байна. Дэлхийн дулаарлыг 2 градусаас хэтрүүлэхгүй барих болж өгвөл 1,5 градуст барих зорилт дэвшүүлсэн. Тэрхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүх улс орнууд бүгд хичээж байна.
Дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн агаар мандалд үзүүлж буй хор нөлөөг багасгаж 1,5-2 градуст барихын тулд 2030 он гэхэд 2010 онд ялгаруулж байсан хүлэмжийн хийг 45 хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэн. 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг хязгаарлаж, саармагжуулах шаардлагатай гэж үзэн улс орнууд техник технологидоо өөрчлөлт хийж эхэллээ. Ингэхдээ байгальд ээлтэй технологид шилжих, болж өгвөл цэвэр эрчим хүчний эх үүсвэр ашиглах болсон. Хүлэмжийн хийг ялгаруулдаг гол эх үүсвэр бол нүүрсний шаталт байдаг. Тийм учраас нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын тоогоо цөөрүүлж байна. Харин манайх шиг нүүрсээр ашиглан халаалт дулаанаа шийдвэрлэдэг улсын хувьд энэ бол үнэхээр тулгамдсан асуудал болсон.
-Манай улс энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?
-Парисын хэлэлцээрт улс орон бүр “Өөрийн хувь нэмрийн илтгэл” гэж оруулж өгсөн. Уг илтгэлийн хүрээнд “Танай улс хүлэмийн хийг 2030, 2050 он гэхэд хэдий хэмжээгээр бууруулах вэ” гэж асуусан. Манай улс 14 хувиар бууруулах зорилт тавьсан. Ингэхдээ “2030 он гэхэд 2010 онтой харьцуулахад 14 хувь бууруулна” гэсэн. Энэ бол манай улсын хувьд хөнгөн зорилт л доо. Манайх сэргээгдэх эрчим хүч илүү ашиглаж, нар салхины томоохон хэдэн станц барихад л болчих юм.
Тэгэхдээ зөвхөн тэр ажлыг хийнэ гэхээсээ илүү эхлээд бид нүүрснээс татгалзах ёстой. Бид нүүрснээсээ салж чадахгүй, дулааны эх үүсвэр нүүрс хэвээрээ л байна. Улаанбаатар хотын цахилгаан дулааныг 3 том станц хариуцан нүүрс түлж байна. Тиймээс эхний ээлжинд энэ нүүрсний боловсруулалт, шаталтыг сайжруулах, үр ашгийг нь сайжруулж эрчим хүчний хэрэглээг зөв болгоход анхаарах хэрэгтэй. Эрчим хүчний хэрэглээг зөв болгох хувь хүнтэй холбоотой болж ирнэ.
-Хувь хүнтэй гэдэг нь иргэдийн ажил амьдралтай холбоотой гэсэн үг, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Үйлдвэрлэсэн дулаан, эрчим хүчийг аль болох үр ашигтай зарцуулахаас л бүх юм эхлэнэ. Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд улс орон бүрийн өртөх байдал нь харилцан адилгүй. Тухайн улс орны байгаль цаг уур, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн чадамж их чухал бөгөөд шийдвэрлэх арга нь ч өөр өөр байдаг. Тухайлбал, Нидерланд улсын газар нутаг нам дор байрлалтай. Уур амьсгал өөрчлөгдөх тусам далайн усны түвшин нэмэгдэж аюул дагуулах болсон ч эдийн засгийн чадамж сайн учраас далан хаалт, хамгаалалтыг маш сайн хийчихсэн. Гэтэл манай улс жаахан ахиухан бороо ороход л үер усанд автчихдаг. Тиймдээ ч Олон улсын байгууллагын үнэлгээгээр эдийн засгийн чадавхи, техник технологийн хүрэлцээ хангамжаас үүдэн Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөнд өртөх байдлаараа эрсдэл өндөртэй улс орнуудын тоонд багтдаг.
-Эрсдэл өндөртэй гэдгийг тодруулвал?
-Уур амьсгал дулаарах нь нэг талаар манайх шиг хатуу ширүүн уур амьсгалтай улс оронд сайн зүйл мэт харагдана. Яагаад гэвэл, дулааны улирал уртасна, хавар эрт эхлэнэ. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс агаарын температураас гадна өөр олон асуудал хамаардаг. Хур тунадасны хэмжээ, салхины хүч, байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж, уур амьсгалын систем маш тогтворгүй болдог ба энэ бүхнийг даван туулах чадвар сул, эмзэг улсдаа орж байгаа юм.
-Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ямар арга байна вэ?
-Дэлхий нийтийн хэмжээнд явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, сааруулах нь хүн төрөлхтөний зорилго. Зөнгөөр нь орхиж хараад сууж болохгүй. Хязгааргүй үргэлжилнэ. Эрдэмтдийн тооцоогоор энэ бидний амьдарч буй 21 зууны сүүлч гэхэд дэлхийн зарим нутагт агаарын хэм /+/ нэмэх 6 градус хүрч дулаарах төлөв харагдаж байгаа. Тиймээс л НҮБ-ийн хэмжээнд 1,5-2 градусаас хэтрүүлэхгүй байхад анхаарч байгаа юм. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол зайлшгүй бидний өмнө тулгарч байгаа аюул.
Тиймээс хүн төрөлхтөн энэ аюулын эсрэг хоёр том зорилт тавьсан. Нэгд, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, зогсоох асуудал юм. Хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг өндөр хөгжилтэй орнууд үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манайх бол үйлдвэрлэл бага хөгжсөн, хүлэмжийн хий ялгаруулах нь бага улс орны тоонд ордог ч дэлхийн дулаарлыг сааруулах бүхий л үйл ажиллагаанд оролцох ёстой. Тэгэхдээ бидний хувьд үүрэг хариуцлагаас гадна боломж болгон ашиглах боломжтой. Яагаад гэвэл уур амьсгалын өөчлөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Олон улсын байгууллагын хүрээнд санхүүгийн механизм тодорхой хэмжээнд бүрдэж, тулгарсан асуудлаа шийдвэрлэхэд туслана. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө гаргах, техник технологийн дэмжлэг үзүүлэх тул түүнийг нь улс эх орныхоо хөгжлийн бодлоготойгоо уялдуулах боломжтой.
Хоёрдугаарт, өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж болох ч дараачийн хэдэн арван жил, зуун жилээр дэлхийн дулаарал үргэлжилнэ. Яагаад гэвэл агаарт гарсан хүлэмжийн хий утаа шиг замхараад алга болчихдоггүй. Хэдэн зуун жилээр саванд хийж байгаа шингэн шиг агаарт хуримтлагдан дүүрээд л байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй өөрчлөгдөж байгаа дэлхийн байгаль цаг уурын орчин нөхцөлд улс орнууд оршин тогтнохын тулд зохицож амьдрахаас өөр аргагүй. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг зогсоочихоод маргааш бүх юм сайхан болно гэсэн ойлголт байхгүй. Манайх шиг уур амьсгалын өөрчлөлтөд шууд өртдөг улсын хувьд хамгийн чухал анхаарах асуудал бол дасан зохицох юм.
-Дасан зохицох гэдэг нь?
-Хүлэмжийн хийг бууруулахад анхаарахаас илүүтэй дасан зохицох нь бидний гол зорилго байх хэрэгтэй. Мэдээж, манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд нэгд, цэвэр технологид шилжих. Хоёрт, уур амьсгал өөрчлөгдөж байгаа нөхцөлд яаж дасан зохицож амьдрах вэ гэдэг үндсэн чиглэлийг баримтлахад салбар салбарын хамтын оролцоо их чухал. Тиймээс бүх зорилго, зорилт салбарын хөгжлийн бодлоготой уялдуулсан. Энэ бүх бодлого, чиглэл Улаанбаатарт төвлөрөөд төр засаг, яам хэрэгжүүлэх ямар ч боломжгүй тул орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй зайлшгүй уялдуулах шаардлагатай. Үнэндээ уур амьсгалын өөрчлөлтөд өртөж, нүүр тулж байгаа нь хөдөөгийн иргэд малчид.
-Орон нутгийн иргэд уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөж байна гэсэн үг үү?
-Тийм. Уур амьсгалын өөрчлөлт гээд ярихаар “Биднээс хол 10-20 жилийн дараах үйл явц юм байна. Өнөөдөр л болж байвал 10–20 жилийн дараа ч яамай” гэдэг байдлаар асуудалд ханддаг хүмүүс олон бий. Нөгөө талаар “Уур амьсгалын энэ асуудлыг төр засаг шийднэ биз, бидэнд хамааралтай биш” гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ иргэдээс л бүх юм хамаарч байгаа. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдал, дасан зохицох чиглэл нь иргэдтэй зайлшгүй холбогддог. Хүлэмжийн хийг бууруулах тал дээр ч тэр иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Тухайлбал, автомашины хэрэглээ байна. Аль болох явган явах эсвэл бензин тос бага ашигладаг унаа тэрэг сонгох. Мөн эрчим хүчний нөөцийн хэрэглээ, үр ашгийг сайжруулах. Ингэхдээ эрчим хүч, дулааныг аль болох бага л хэрэглэж байвал станцад үйлдвэрлэж байгаа эрчим хүч, дулаан тэр хэмжээгээр бага боловсруулагдана. Нүүрс бага шатаана гэсэн үг. Тиймээс иргэд олон нийтийн оролцоо чухал.
-Иргэдэд өгөх хамгийн энгийн зөвлөгөө юу байгаа байх бол?
-Иргэдийн хувьд хамгийн эхлээд хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар минималист үзлийн талаар ярих болсон. Энэ бол байж болох хамгийн бага хэрэглээтэй амьдрах арга юм. Хүн давхар хувцас өмсөхгүй, хоёр дахиж хоол идэхгүй. Тиймээс өөрт байгаа бүхнээ аль болох зохистой эдэлж хэрэглэ. Хүмүүс тийм ч их хэрэггүй мөртлөө хэрэг болж магадгүй гээд элдэв зүйл сонирхолоороо худалдан авдаг шүү дээ. Дараа нь ашиглахгүй хаядаг тохиолдол олон бий. Тиймээс өөрт зохицсон хэрэглээтэй болох, хэт тансаг үрэлгэн байдлаас татгалзах хэрэгтэй. Хүмүүс үнэтэй машин сонгож унадаг. Үнэн хэрэгтээ машин гэдэг “А цэгээс Б цэгт хүргэх л үүрэгтэй”. Үнэтэй гоё машинаар явж байна уу, энгийн машинаар явж байна уу хамаагүй эцсийн эцэст үр дүн чухал, хүрэх газартаа л хүрдэг.
-Үрэлгэн, цамаан байдлаас татгалзах нь ирээдүйд үр хүүхэддээ үлдээх дэлхийгээ хайрлаж байгаагийн илрэл, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Бид өнөөдөр амьдраад дуусчихгүй. Дараагийн үе маань яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нэгэнт уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хэмжээнд яригдаж байхад цаашид яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Эрдэмтдийн судалгаагаар “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн биологийн олон янз буюу ховор амьтан ургамлын 30 орчим хувь нь устаад үгүй болчихсон” гэж байна. Цаашид байдал улам хэцүү болох тул биологийн олон янз байдлыг хамгаалах асуудал чухлаар яригдах боллоо. Мөн усны нөөцийн асуудал байна.
-Усны асуудлыг тодруулж өгөөч. Манай улсын хувьд усны нөөц тийм ч хангалттай биш гэдэг шүү дээ?
-Манай улсын гадаргыг усны ихэнх нь өндөр уулнаас эх авдаг ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр маш ихээр хайлж байгаа. Тухайлбал, Алтай таван богд уулын мөсөн голууд хайлж байгаа. Хайлж байна гэдэг чинь хайлсаар улам л багасна гэсэн үг. 30 жилийн дараа хайлаад дуусахад усны нөөцгүй болно. Тэр цагт түүнээс эх авдаг бүх л гол мөрөн байхгүй болно. Тиймээс бид өнөөдөр “Одоо яах вэ” гэдгийг бодож байх ёстой. Хамгийн энгийнээр хөдөө орон нутгийн иргэд хайлж урсаж байгаа цас мөсний усыг авч үлдэхийн тулд цөөрөм байгуулж болно. Хөдөө цөөрөм байгуулах боломжтой шүү дээ.
Гол мөрний ус нь гадагшаа урсгалтай манай орны хувьд хайлж байгаа усыг авч үлдсэнээр хаврын цагт малаа услаж, тэжээлийн ургамал тариалахад ашиглаж болно. Дээхнэ үед баруун аймгуудад өвлийн их цасыг дагтаршуулаад бэлчээрийнхээ дээд талд аваад үлдчихдэг айлууд цөөнгүй байсан. Боломжтой нэгэн нь хөрсийг нь хуулж, хучих маягтай болгож, тэр нь хавартаа хөрсөнд нэвчээд бэлчээрийг нь сайхан усалчихна. Заавал услалтын систем л хэрэгтэй гээд инженерийн байгууламжийн нүсэр тооцоо бодоод байлгүй тэмээн чарга хөллөөд цасыг түрээд, гуу жалга, хонхор газарт дагтаршуулж хадгалчихад болно шүү дээ. Жаахан санаачлага л хэрэгтэй. Хавар болохоор мал тэжээлгүй, уух усгүй гээд хэчнээн км туудаг билээ. Гэтэл тэгж усыг нөөцөлснөөр зунжин услахгүй ч хэдэн долоо хоног мал услах устай байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах тухай асуудлаар орон нутаг, хөдөөгийн иргэдийн түвшинд хийж хэрэгжүүлэх ажил зөндөө бий.
Мөн худгийн усны хангамж цаанаасаа доошлоод байна. Тэр бол хуурайшиж байгаагийн шинж. Монголын нийт газар нутгийн 60 гаруй хувь нь цэвдэгтэй. Цэвдэг нь дэд бүтэц, зам барилгад нөлөөлдөг. Улаанбаатар хотод Нүхтийн амын замууд хавар болохоор зарим газар нь овойгоод, зарим газар хонхойгоод овоолсон шороо шиг болчихдог. Тэр цэвдэгтэй хөрс хайлж, гэсэж байгаагийн шинж. Гэтэл тэр цэвдэг нь хөрсний чийгийг барьдаг гол эд. Хавар хөрсний чийгийг тодорхойлж, гүний усны хэмжээг барьж байдаг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цэвдэг маш ихээр хайлснаас хөрсний усны горим алдагдаж, улам доошлоход нөлөөлж байгаа юм.
Иргэдтэй шууд холбоотой өөр нэг асуудал нь байгалийн гамшиг. Байгалийн гамшиг илүү хүчтэй, хоруу чанартай аюул дагуулах боллоо. Өмнө нь манай улсад хуйлраа салхи гарсан тухай тэмдэглэгдэж байгаагүй. Гэтэл 2015 онд Архангай аймгийн Хашаат суманд хуйлраа салхи дэгдэж, машин тэрэг мал орж, айлын гэр өртсөн. Өмнө Хэнтий аймагт, Сүхбаатар аймагт 2-3 газарт бага зэрэг дэгдэж байсан. Тэр бол АНУ зэрэг улсад голдуу болдог Торнадо шиг салхи. Гэтэл манайд бүртгэгдэж эхэлж байна. Маш хүчтэй аадар бороо богино хугацаанд болж, гамшиг учруулж, зам харгуйг сэтэлж байна. Гамшигийн тухай асуудал бол яах аргагүй уур амьсгалтын өөрчлөлттэй холбоотой. Хуурайшилтаас үүдэн түймэр их гарч байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдохгүй юм гэж үнэндээ байхгүй. Тиймээс нэгэнт л уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулах учраас бүх хүмүүс бага гэлтгүй бэлтгэлтэй, санаачлагатай байж өөрийн чадал хүчийг зориулах цаг болоод байна.
-Өвөрмонголд амины орон сууцыг салхи, нарны зай хураагуур ашиглан халаалт, цахилгаанаа шийдсэн байна. Манайд тэр аргыг нэвтрүүлж, нүүрс түлэхгүйгээр байгальд ээлтэй амьдарч болох юм шиг санагдана?
-Хот суурин газрын халаалтын асуудлыг тэгж шийдвэрлэх бүрэн боломжтой. Ялангуяа зуслангийн айлууд өөрсдөө шийдээд энэ аргыг нэвтрүүлж болно шүү дээ. Хөдөөгийн малчин айлууд нарны зай хураагуур их ашигладаг болсон байна. Тог цахилгааны хувьд хот айлаараа эсвэл гудамжаараа хамгийн хэмнэлттэй системийг нэвтрүүлэх боломжтой. Ингэж чадвал эдийн засгийн хэмнэлттэй, ирээдүйгээ ч хамгаална.
Мөн хог хаягдал бага гарга. Хог хаягдал ялзарахдаа хүлэмжийн хий ялгаруулдаг тул бид зайлшгүй анхаарах хэрэгтэй сэдэв юм. Хогны асуудал үнэхээр хүнд байна. Сумын төвд, хээр хөдөө, хот гээд хаа сайгүй байна. Хог хаягдал нь аялал жуулчлалын салбартай ч холбогддог.
-Тодруулбал?
-Манай улсын хувьд аялал жуулчлал нь улирлын чанартай, хувь хүний ашиг орлого мэт харагддаг ч салбарын хөгжлөөр нь харвал ажлуулж байгаа хүмүүс нь илүү сэтгэлтэй, санаачлагатай баймаар байна. Нэгд, хог хаягдлын асуудлаа зайлшгүй шийдвэрлэх. Хоёрт, “нойл”-ын асуудал. Уур амьсгалын өөрчлөлтийг “Нойл”-той холболоо гэж бодож болохгүй. “Нойл”-ын ялзрал тодорхой хэмжээнд хүлэмжийн хий ялгаруулахад нөлөөлдөг. Учруулах хор хохирол бага байж болох ч хөрсийг их хэмжээгээр бохирдуулдаг. Нийслэлийн хувьд нойлын асуудлыг хүн бүр л ярьдаг. Хашаандаа нойл барих газаргүй болчихсон гэдэг. Хамгийн харамсалтай нь аадар бороо гэнэт орж үер болоход хэвгий газар байдаг айлын “нойл”-ыг борооны ус гудамж руу гаргаж, тэр нь бидний хөлд гишгэгддэг. “Нойл”-ын асуудлыг тодорхой ажлууд хийж шийдвэрлэх хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг хог хаягдал биш эрүүл ахуйн маш том эрсдэл дагуулах асуудал. Хэдэн жилийн өмнө нэг залуу гэнэтийн үерт охинтойгоо өртөөд усанд хөл алдсан охиноо хамаг чадлаараа аваад гарсан ч маргаашнаас нь бүх биеэр нь идээ гүйгээд шууд “илжрэл” явагдаж, хэдэн сар эмнэлгээр явж байж зүгээр болсон тухай сонинд нийтэлсэн байсан. Тэр бол “нойл-ын ус үерт урсаж, түүнээс халдвар авсны жишээ. Тиймээс хог хаягдал, “нойл” гэдэг зайлшгүй анхаарах асуудал.
-Уур амьсгалын өөрчлөлт яваандаа хүний эрүүл мэндэд ч нөлөөлж эхлэх болов уу?
-ДЭМБ, ЭМЯ-ны шугамаар дээрх асуудлаар хэд хэдэн судалгаа хийхэд нь би оролцсон. Судалгааны явцад санаа зовоох олон асуудал бий болсныг мэдсэн. Тухайлбал, экваторын бүсийн халуун оронд л бүртгэгддэг “холер тахал” манай улсад хэд хэд бүртгэгдсэн байна. Энэ нэг талаар хүний шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөө талаар “халуун орны” гэгддэг халдварт өвчин гарах орчин нөхцөл нь бүрдэж байгаагийн шинж гэж үзэн уг халдварт өвчний тархалтын судалгааг хийж байна. Мөн хэт халалтаас үүдэлтэй малаас хүнд халдварлах өвчлөл бүртгэгдэж байгаа нь зөвхөн эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудал биш болсныг харуулж байна.
Дэлхийн хэмжээний томоохон хурал зөвөлгөөний эхэнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцдэг болсон. Жишээ нь Давосын хурлын үеэр “Дэлхийн эрсдлийн илтгэл”-ийг тавьдаг болсон. 2017 онд болсон хурлын үеэр “Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн улс орнуудын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд үр дүнгүй болох нь хамгийн том эрсдэл” гэж танилцуулсан. Өөрөөр хэлбэл, улс орнууд нэгдэж гэрээ хэлцэл байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, гамшгийн эрсдлийг багасгахаар төлөвлөсөн ч тэр нь хэрэгжихгүй байж болно. Хэрэгжихгүй байх нь хамгийн том эрсдэл.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам эрчимжиж, хоруу чанартай болж байгаа гамшгийн эрсдэл нь дэлхийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг. Гэвч улс орон бүр, хүн бүр дэлхийнхээ төлөө байж чадахгүй байна. Жишээ нь, “Хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрсний хэрэглээгээ хязгарлая” гээд яриад эхлэнгүүт АНУ мэтийн том улсууд улс төрийн талаас асуудалд хандаж байна. Гэхдээ Европын улсууд, бусад том гүрнүүд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулахад бүрэн нэгдсэн. Тиймээс дэлхийн дулаарлын эсрэг улс орон бүрийн зөв үйлдэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Мөн хүн бүр үр хойчийнхоо төлөө ахуйн хэвшил, дадлаа өөрчлөх шаардлагатай чухал цаг үед амьдарч байгаа гэдгийг битгий мартаасай гэж хэлмээр байна.
П.Нарандэлгэр