Тамирчдын амжилтЭнэ сардУрлаг спортЭх сурвалж

Цэргийн наадамд оролцогчид 31 төрлөөр өрсөлдөнө

“Армейские игры-2019” цэргийн мэргэжлийн олон улсын тэмцээн дэлхийн 10 улсын нутаг дэвсгэрт ирэх 8 сарын 3-ны өдөр нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байна. Цэргийн наадамд Азербайджан, Алжир, Бангладеш, Беларусь, Египет, ОХУ, Монгол Улс, БНХАУ зэрэг 34 улсын 216 багийн 6000 гаруй шилэгдмэл цэргийн алба хаагчид нийт 31 төрлөөр оролцох юм.

Манай улсын Зэвсэгт хүчнээс уг тэмцээний 5 төрөлд хүч үзэн өрсөлдөнө. Дэлхийн цэрэг дайчдыг нэгэн зорилгын доор мэргэшүүлэн чадваржуулж буй наадмын нэгэн шинэ төрөл болох “Аравт” морин цэргийн марафоныг манай улс эх орондоо зохион явуулах хариуцлагатай агаад нэр хүндтэй үүргийг хүлээн авсан. Оролцох тамирчид манай тал сайхан нутагт бэлтгэл сургуулиа хэдийнээ эхлүүлээд байгаа билээ.

Цэргийн наадмын Олон Улсын шүүгчээр ЗХЖШ-ын Стартеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн томилогдон Москва хотноо ажиллаж байна. Энэ сарын 25-ны өдөр “Танкийн биатлон”, “Инженерийн томъёолол” тэмцээнүүдэд оролцох бие бүрэлдэхүүн Москва хотноо байрлах “Алабино” сургалтын төв, “Тюмен” хотод ирлээ.

Танкийн биатлон тэмцээнд дэлхийн 25 орны 500 гаруй танкчид оролцох бөгөөд энэ сарын 29-ний өдөр оролцогч орнууд танкийн өнгө болон уралдах гараагаа сонгож, танкуудаа хүлээн авна. ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан танкийн биатлонд оролцох танкчид 6 дахь жилдээ оролцож байгаа. Энэ жилийн нэг онцлог нь 2018 онд оролцсон баг тамирчдыг чансаагаар нь ангилан 1,2 дугаар хэсэгт хуваан тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Манай танкчид нэгдүгээр хэсэгт буюу өнгөрөгч онд эхний 12 дугаарт эрэмбэлэгдсэн улсууд болох ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан, Серби, Иран, Армения, Венесуэла, Киргиз, Сири гэсэн 11 орны баг тамирчидтай өрсөлдөхөөр болоод байна. Манай танкчид чансаагаараа оролцогч 25 орноос ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан улсын дараа 6 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Энхцог “Инженерийн томъёолол” тэмцээнд оролцогч залуусаа ахлаж байгаа. Манай цэргийн инженерүүд ОХУ-ын “Тюмен” хотод болох дээрхи тэмцээнд анх удаа оролцохоор бэлтгэлээ сайтар базаасан нь лавтай.

ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг ахлагчтай ”Мэргэн буудагчийн зааг” тэмцээний тамирчид болон ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батням даргатай “Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцох цэргийн тогооч нар энэ сарын 26-ны өдөр эх орноосоо мордсон. Тэд 7 дугаар сарын 30-ны өдөр Москва хотноо ирж тэмцээний бэлтгэлээ хангаж эхэлнэ. Харин мэргэн буудагчид цааш Беларусь улсыг зорино.


Эх сурвалж: “Дуулга” студи. 2019.07.26

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version