Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
2019 он гарсаар 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж 13 байшин, 3 гэр шатсан байна.
Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 10 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн хойш 130 км зайд Бугант багийн нутаг “Халуун рашаан” гэдэг газарт 2019.07.16-ны өдрийн 14:00 цагт гарсан гарсан түймэр, мөн тус аймгийн Мандал сумаас хойш 50 км Тарни багийн нутаг “Атаа” уулын энгэрт 2019.07.12-ны өдрийн 15:30 цагт гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.