“Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ зохиолоо
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр монголын уламжлалт исэг цагаан идээ болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон болон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, цаашид наадмын томоохон эвент арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор “Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.
Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой билээ.
Тус наадмыг зохион байгуулах ажлын хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэчимэг, мэргэжилтэн О.Уянга, Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхзул, “Айрагны нутгаар” ТББ-ын тэргүүн, бригадын генерал Ч.Сосорбарам, гүйцэтгэх захирал Б.Тайванжаргал, гишүүн Г.Алтан-Оч, Ц.Ган-Оч, МУШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн дарга, академич С.Чулуун, “Байгаль соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын судлаач А.Дүүрэнжаргал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн продюсор Г.Чоглоонамжил, СУИС-ийн Уран бүтээлийн газрын дарга Б.Болормаа, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар нар ажиллалаа.
Уг наадамд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн С.Доржханд, Булган аймгийн Сайхан сумын иргэн Б.Даваасүрэн, Архангай аймгийн Хотонт сумын иргэн О.Баяндэлгэр, Цэнхэр сумын иргэн С.Самбуудорж, Т.Пагмадулам нар оролцож нийт 3 аймгийн 4 сумаас 5 малчид уламжлалт аргаар хөхүүрт исгэсэн айргаараа оролцсоноос гадна, айрагтай холбоотой соёл, уртын дуу, магтаал, ерөөл, зан үйлийг наадамчин олонд танилцуулав.
Наадмын үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр”-ийг I, II, III байраар шалгаруулж цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
“Сайхан айраг”-аар Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэнгийн исгэсэн айраг шалгарсан бол II байранд Архангай аймгийн Хотонт сумын малчин О.Баяндэлгэр, III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, тусгай байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадуламын исгэсэн айраг шалгарлаа.
“Шилдэг гэр” номинацийн I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Т.Пагмадулам, “Шилдэг хөхүүр” номинацийн I байранд Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, II байранд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин С.Самбуудорж, III байранд Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин С.Доржхандын хөхүүр тус тус шалгарав.
Мөн хөдөө орон нутгийн оролцогч болон наадамчин олны дунд дэмбээний тэмцээнийг 2 удаа зохион байгуулж Булган аймгийн Сайхан сумын малчин А.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Батдорж нар түрүүллээ.