ЭМЯГадаад харилцааЭрүүл мэнд

Энэтхэгийн мэс засалч эмч нартай хамтран ажиллав

Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр ОУ-ын Ротари байгууллагын 3080 дугаар дүүргийн Чиндигар болон 3450 дугаар дүүргийн Туул Ротари клубүүд хамтарсан Олон улсын Ротари сангийн санхүүжилттэй “Глобал Грант # 1982181” төсөл амжилттай хэрэгжлээ.

БНЭУ-ын 7 хүний бүрэлдэхүүнтэй өндөр мэргэшсэн мэс заслын эмч нарын баг 2019 оны 05 дугаар сарын 06-аас 17-ны өдрүүдэд тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс засал, нүдний мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын багтай хамтран нарийн төвөгтэй, ур чадвар шаардсан 23 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг нийт 47 хүнд үнэ төлбөргүй үзүүлж, холбогдох мэс заслын мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь дадлагажуулж сурган, хамтарсан үзлэг оношилгоонуудыг зохион байгууллаа.

Дээрх хугацаанд Энэтхэг улсаас ерөнхий мэс заслын 3 эмч, урологи, нүд, мэдрэлийн мэс засал, мэдээгүйжүүлгийн чиглэлүүдээр тус бүр 1 эмч тус эмнэлгийн холбогдох мэс заслын багуудтай хамтран ажиллаж, өрцний ивэрхийн дурангийн мэс засал, хэт таргалалтын үеийн мэс засал болон цээжний хөндийн хавдар, бөөрний хавдар авах болон түрүү булчирхайн дурангийн мэс засал зэрэг 18 төрлийн мэс засал эмчилгээг 27 хүнд, нүдний мэс заслын чиглэлээр 14 хүнд Болорын мэс засал эмчилгээ, мэдрэлийн мэс заслын чиглэлээр 6 хүнд гүүр, бага тархины булангийн хавдар, тархины боргоцой биеийн хавдар, нугасны төрөлхийн хавдар, өнчин тархины хавдрын мэс засал эмчилгээнүүдийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

ОУ-ын Ротари байгууллага болон Энэтхэгийн Чандхир Ротари клубын ерөнхийлөгч асан Ражендра Сабу, түүний эхнэрийнхээ хамт анх Африкийн Уганд улсаас эхлүүлсэн “Эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа” 21 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм байна. Энэ хугацаанд тэрээр энэ төрлийн үйл ажиллагаанд зориулж 2.4 сая ам.долларын хандив цуглуулж, 500 гаруй сайн дурын ажилтнуудыг нийт 43 оронд илгээж, 67,000 мэс засал, 250,000 эмнэлгийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн байдаг.

Энэ удаад тэрээр 23 эмчийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багаа дагуулан Монгол улсад хоёр дахь удаагаа ирж ийнхүү нарийн төвөгтэй эмнэлгийн тусламж шаардлагатай Монгол хүмүүст энэрэлийн гараа сунгажээ. Тэрээр тус эмнэлэг дээр болсон хамтарсан уулзалтын үеэр “Бид энэ удаа Монголын ард түмэнд туслахаар ирсэн хэдий ч ойрын ирээдүйд танай улсын эмч мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж хэрэгтэй Африкийн орнуудад ийм төрлийн үйл ажиллагааг хийх бүрэн чадвартай гэж бодож байна” гэж хэлсэн юм.

Ноён Ражендра Сабу болон түүний багийнхны хил дамнасан нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд эмнэлгийн хамт олон, үйлчлүүлэгч иргэдийнхээ өмнөөс гүнээ талархаж байгааг илэрхийлье.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version