Байгаль орчинВидеоНийгэмЭнэ сардФото сурвалжлага

Төв аймгийн Баянцогт сумыг ойжуулж, жимсжүүлэх аян эхэллээ

Манай улсын нийт газар нутаг цөлжих аюулд өртөөд байгааг эрдэмтэн судлаачид  хэлж ярьж буй. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, цөлжилтийг бууруулахад чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлдэг төрийн болон хувийн, олон улсын байгууллагуудын нэг болох Ногоон Ази ТББ нь Монгол Улсын маань найман байршилд мод тарих ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрөгч бямба гаригт тус байгууллагаас Төв аймгийн Баянцогт сумын шинэхэн талбайд мод тарих ажлынхаа нээлтийг хийлээ. Хүйтэн салхи исгэрч, нүдээ ч олигтойхон нээх аргагүй шороогоор шуурсан энэ удаагийн “Мод тарих өдөр” байгаль дэлхийдээ ээлтэй, үр хойчдоо дурсамжтай ажлыг хийхээр цугласан хүмүүст тийм ч муухай санагдаагүй гэдэгт итгэж байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн чадал хүчийг зориулдаг олон хүмүүсийн нэгээхэн хэсэг болсон Ногоон Ази ТББ-ын мэргэжилтнүүд, “Ногоон нөхөрлөл” –ийн оюутнууд, Эко аялагчдын хөтөч залуус, Төв аймгийн Баянцогт сумын удирдлага, төрийн байгууллагын ажилтнууд, ахмад буурлууд энэ өдөр мод тарихаар цугласан билээ.

Тус суманд 2019-2023 он хүртэл БНСУ-ын “КБ банктай хамтран “КБ иргэдийн цэлмэг тэнгэр” төглийг байгуулна. Уг төслийн хүрээнд нийт 70 га газарт 100 мянган мод тарихаар төлөвлөсөн бөгөөд энэ жилийн хувьд 10 мянган чацаргана  жимсний мод тарих юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг тус ТББ нь Мьянмар болон Монгол улсад мод тарих ажлыг эрхэлдэг олон улсын байгууллага. тэдний Монгол улсад хэрэгжүүлж буй 9 дэх төсөл болох уг талбайд анхны 500 модыг тарихаар ийнхүү цугласан бөгөөд хэдхэн жилийн дараа Баянцогт сумын хүн ардад, хүүхэд багачуудад үр өгөөжөө өгч эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.  

н.Уранцчимэг: Ногоон хотхон сүндэрлэн босох их ажлын эхлэлийг тавьлаа

/Баянцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга/

Энэ өдөр хүрэлцэн ирсэн Баянцогт сумын ахмад буурлууддаа, Тамгын газар, сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэгийн байгууллагын ажиллагсаддаа, Улаанбаатар хотоос зорин ирсэн оюутан залуус та нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлж байна. Ногоон Ази ТББ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье. Манай Баянцогт сумын  хувьд өнөөдөр маш азтай, одтой өдөр тохиож байна.

Баянцогт суманд тэртээх 1961 онд анхны атар газрын суурь тавигдаж, залуучууд ирж их ажил өрнүүлж байсан. Харин өнөөдөр 2019 онд Ногоон хотхон сүндэрлэн босох хоёр дахь том ажлын нээлт болж байгаа тул өөрийн зүгээс болон Баянцогтынхоо ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, баяртайгаар хүлээж авсан юм. Ногоон хотхоны эхний шавийг тавьж, төслийг хэрэгжүүлж, Баянцогт сумын иргэдийг ажилтай, орлоготой ажлын байртай болгосон Ногоон Ази ТББ-ын залуус та нартаа талархал илэрхийлж байна. Та бүхний  үйлс үргэлж өөдрөг байж, амьдрал нь яг л ургаж байгаа модод шиг дэгжин дээшлээсэй хэмээн амжилт хүсэн ерөөж байна.

н.Тогоохүү: Сумынхан маань ажлын байртай, цалинтай болж байгаа нь үнэхээр сайхан

/Төв аймгийн Баянцогт сумын иргэн, Ахмадын хорооны тэргүүн/

Энд хүрэлцэн ирсэн залуучууд, хүүхдүүд та нартаа Баянцогт сумын ахмадуудаа төлөөлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай Баянцогт суманд 1961 оны 10 сард анхны Сангийн аж ахуйнууд байгуулагдаж байхад “Хөдөлмөрийн оч” нэртэй Нэгдэл гэж байгуулагдсан. Тэр үед хоёр трактор, хоёр гэртэй 20-иод хүн анхны атар газрыг эзэмшихээр ирж байсан. Өмнө нь манай сумын нутагт бороо хур ихтэй, өвс ногоо сайтай байсан. Сүүлийн жилүүдэд ган болж, байгалийн өнгө төрх үнэхээр эрс өөрчлөгдсөн  байна. Ялангуяа шорон шуурга ихсэж, эрс дулаарал мэдрэгдэж, өвөлдөө хавсрагатай байна. Тэрний үр нөлөөгөөр сумын маань урдуур урсдаг байсан гол маань байхгүй болчихлоо. Өвсний ургац муудаж байна.

Энэ бүх асуудлыг шийдэх гэж Ногоон Ази ТББ-ын хүүхдүүд манай нутагт ирж, ногоон төгөл бий болгох эхлэлийг тавьж байгаад Баянцогт сумын иргэд маш талархалтайгаар  хүлээн авч, дэмжиж байгаа. Цаашид ч байнга тусалж дэмжинэ. Хамгийн гол нь энэ сайхан моддыг ургуулж арчлах нь чухал. Энд ирж мод тарих ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Тарьсан моддыг маань дараа, дараачийн маань үеийнхэн харна. Тэдэнд маань маш сайхан ногоон цэцэрлэг хүрээлэн үлдэнэ гэж бодохоор үнэхээр сайхан байна. Тэр сайхан үед үр ач нар минь дурсаж, 2019 онд өвөө маань, ах эгч нар маань ирж энэ цэнцэрлэгт хүрээлэнг бий болгосон юм шүү гэж хэлнэ. Өөрсдөө ч санаачлан мод тарих болов уу гэж бодож байна.

Ногоон Азийн хүүхдүүд анх ирэхэд нь л талархалтайгаар хүлээж авсан. Тэгээд ахмадууд бид ярилцаад нэг хэсэг модыг нь хариуцаж, усалж торддаг, янзалдаг байя гэсэн. Тэгсэн энэ ажлыг хариуцаад явах тусгай хүмүүс ажиллах юм байна. Тэднийг сумын хүмүүсээс сонгон ажлуулж байгаа юм байна. Сумынхан маань ажлын байртай, цалинтай болж байгааг дууллаа. Үнэхээр сайхан, баярлаж талархаж сууна.

н.Хонгорзул: Газар тариалангийн бүс нутаг хэдий ч цөлжилтөд

нилээн өртсөн байсан тул судалж үзээд сонгосон

/Ногоон Ази ТББ-ын ахлах менежер/

Өнөөдөр Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист мод тарих өдөрлөг явагдаж байгаа. Өнөөдөр мод тарих өдөр. Энэ өдрийг тохиолдуулан манай байгууллагаас хамгийн отгон талбай Баянцогтын талбайд нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү талбайг сонгож авахад нилээдгүй бэрхшээлтэй байсан. Мэдээж шар шуурга, цөлжилттэй тэмцэх хэрэгтэй. Газар тариалангийн бүс нутаг хэдий ч цөлжилтөд нилээн өртсөн байсан тул судалж үзээд сонгож авсан. Энэ 70 га талбайг ойжуулж, жимсжүүлж, орон нутагтаа хүлээлгэн өгөхөд орон нутгийн иргэдийг цалинтай, орлоготой болгох боломжийг нээж өгч байгаа. Жил бүр ирж бидэнд тусалж байгаарай. Та бүхэндээ баярлалаа.

А.Нэргүй: Хоёр дахь атар газрыг эзэмших их аян эхэлж байгаа юм шиг л санагдаж байна

/Баянцогт сумын иргэн, “КБ иргэдийн цэлмэг тэнгэр” төслийн талбайд

орон нутгаас  ажиллах иргэдийн төлөөлөл/

Би Баянцогт сумандаа төрж өссөн уугуул иргэн. Манай сумыг Ногоон ази ТББ-ийн хамт олон сонгон хүрч ирсэнд их баяртай байна. Баянцогт сумын энэ талбайд мод тарих ажил нь байгаль орчинд үнэхээр ээлтэй. Хамгийн сайхан нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад бид өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нь эрхэм үйлс минь болж байна.  Үнэхээр сайхан. Орон нутгаас минь 25- 55 хүртэлх насны 20 орчим хүн ажлын байртай болж байна. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн энэ сайхан ажлын эхлэлийг залуучууд ирж хийж байгаа нь маш их урам зориг өглөө.

Миний хувьд хоёр дахь атар газрыг эзэмших их аян эхэлж байгаа юм шиг л санагдаж байна. Сэтгэл өндөр байна. Манай нутагт уур амьсгалын өөрчлөлт илт мэдрэгдэж, цөлжилт явагдаж, шороон шуурга үргэлж  болдог байлаа. Мод тарьснаар ногоон байгууламж нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөө багасна шүү дээ. Биднийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин зүтгэх боломж олгосон Ногоон ази ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж, ажил үйлсэд нь амжилт хүсье.

Б.Эрдэнэболор: Ирээдүйд амьдрах орчинг сайхан болгохын тулд сайн дурын ажил хийдэг

/ШУТИС-ийн Солонгос хэлний багш, Эко аялагчдад орчуулга хийдэг залуусын төлөөлөл/

-Эко аялагчдад орчуулагч болж, хөтөч хийх нь зүгээр л нэг хоёр орны иргэдийн асуудал биш байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хоёр улсыг холбосон маш том гүүр болж байгаа ажил гэж харагдаж байна.

-Тиймээ. Монгол орны 78 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа гэсэн шүү дээ. Түүнээс болж шар шороон шуурга Солонгост очоод байгаа. Энэ шар шороон шуурганы тархалтыг багасгаж, байгалийн таагүй үзэгдлийг бууруулах зорилгоор БНСУ-аас сайн дурын ажилчид манай улсад өөрсдийнхөө зардлыг даагаад ирдэг.  Тэд Монголд ирж мод тарьдаг. Тэднийг мод тарих хугацаанд нь Ногоон Ази ТББ-ын сайн дурын ажилчид буюу орчуулагчид орчуулга хийнгээ сайн дурынхаа ажлыг хийдэг. Сайн дурын ажил хийхдээ бид тусгайлан бэлтгэгддэг. Тухайлбал, эхлээд солонгос хүмүүст мод тарих аргыг нь зааж зөвлөнө. Хоёр дахь, орчуулга яаж хийх, мод тарих үеэр янз бүрийн хүндрэлтэй асуудал гарвал яах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт бэлтгэгддэг.

-Сайн дурын орчуулагчид дандаа оюутнууд байдаг уу?

-Үгүй ээ, оюутнууд болон сайн дурын байгууллагад орчуулагчаар ажиллах хүсэлтэй хүмүүс байдаг.

-Яагаад сайн дурын орчуулагч болохоор шийдсэн юм бэ?

-Миний хувьд цөлжилттэй холбоотой мэдээлэл их сонсдог. Хамгийн сүүлийн мэдээгээр Хэнтий аймагт хонь бэлчээрт нь өвсгүйгээс үлий цагаан оготно идсэн гэсэн шүү дээ. Тэр үнэхээр харамсалтай мэдээлэл. Өвсгүй бол мал яах билээ. Малгүй болчихвол монголчууд бид өөрсдөө хохирно. Бид өөрсдөө хохирохоос гадна одоогоор ногоон бэлчээр, ой харагдаж байгаа ч нилээн хэдэн жилийн дараа ногоон бүс байхгүй болчихвол яах вэ. Мэдээж шар шороо улам ихсэж, ирээдүйд уушгины янз бүрийн өвчлөлүүд ихсэнэ. Хойч үеийнхэн, бидний хүхдүүдийн амьдрах орчин хэцүү болохоос сэргийлж өнөөдөр өөрөөсөө эхэлж, сайн дурын ажил хийж байна.

-Байгаль орчин гэдэг үг өөрөө их нийтлэг утга агуулдаг. Тур ч утгаараа хүмүүс байгаль орчноо хамгаална гэхээр хэн нэгэн хүн, тусгайлсан байгууллага л хариуцах юм шиг хандах нь бий. Энэ маань хэр зөв ойлголт юм бол?

-Нэг үеэ бодвол залуучууд сайн дурын үйл ажиллагааг илүү сайн ойлгоод оролцдог болсон. Тухайлбал, Солонгос улсад сайн дурын ажил хийх нь ажилд орох, их дээд сургуульд суралцах магадлалыг нь ихэсдэг. Харин Монголд сайн  дурын ажил хийх нь ямар ч үр өгөөж байдаггүй бодохоор хүмүүс тийм ч идэвхитэй оролцдоггүй. Тэгэхээр хүмүүсийг сайн дурын ажлыг идэвхитэй хийсэн гэдгээр нь үнэлж дүгнэдэг системтэй болчихвол олон хүн хамрагдана. Тэр хэрээр хүртээмж нь нэмэгдэж, байгаль дэлхийдээ үр өгөөжөө өгнө гэж хардаг. Оюутанд элсүүлэх, ажилд оруулахад давуу тал нь болох юм боломжтой.

-Нөгөө талаар сайн дурын ажил нь хүний маш сайн төлөвшүүлж байгаа юм болов уу?

-Тийм сайн дурын ажилд би ганцаараа явахгүй. Өөр олон залуус, хүмүүстэй харилцана.  Хамтдаа ажлаа хийнэ. Багаар ажиллах чадварт суралцдаг.

Холбоотой мэдээ:

Ч.Оюундарь: Саарал дэлхийд амьдрах аюул нүүрлээд байна. Тийм болчихвол бидний хэн нь ч, юу ч хожихгүй

Ц.Батхүү: 10-15 жилийн дараа Баянцогт сум орчмын ургамлын бүтэц сайжирна

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

7 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Баадай
5 Жил

Ёстой нэг буянтай сайхан ажил хийж байгаа юм байна. Баянцогт сум хотод ойр байдаг болоод эргэн тойрон газар тариалан эрхлэнэ гээд хамаг газрыг нь хагалаад хаячихсанаас байнга шороогоор шуурч байдаг… Цааш унших

Зочин
5 Жил

Сайн сайхан үйлс дэлгэрэх болтугай

Амжилт
5 Жил

байгал дэлхийгээ унган төрхөнд нь оруулах ажил хийж байгаа хүмүүсийг яам төр засаг бодлогоор дэмжиж жинхэн тэрбумтанууд эдний дундаас л төрөх ёстой. 100 га газрыг ойжуулсан хүн тэрбумтан болж болно… Цааш унших

Зочин
5 Жил

Амжилт хүсье

Зочин
5 Жил

Баянцогт сумын иргэдэд баяр хүргэе.Орон нутгаа цөлжилтөөс хамгаалж мод тарих шиг буянтай ажил хаа байх вэ. Харин төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүстэйгээ үнэн сэтгэлээр ажлын өндөр хариуцлагатай ажиллаж шороо шуурсан Баянцогт… Цааш унших

Зочин
5 Жил

санаа сайхан юм. Ингэж хөлөөрөө чигжсэн мод ургах уу. Мөн модон шон хийхгүй бол салхинд хугарч гэмтээд ямар ч нэмэргүй дээ.

jopiy
5 Жил

Баяр хүргэе. Амжилт

Back to top button
wpDiscuz
7
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version