УИХЕрөнхийлөгчВидеоУлс төр

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг зохиов

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу санал болгосноор Улсын Их Хурал энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд  өнөөдөр Хууль зүйн байнгын хороотой хамтран /2019.04.30/ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээж, хөтлөн явуулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, О.Батнасан нар оролцож, нэр дэвшигчдээс асуулт асууж  хариулт авахын зэрэгцээ, тэдэнд хандан  үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэний нийгмийнхэн нэр дэвшигчдээс авлигатай тэмцэх байгууллагын дарга, дэд даргаар томилогдох гэсэн хүсэл,  зориг, сонирхол болон авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар оновчтой, шийдвэртэй үйл ажиллагаа явуулах, томоохон хэргүүдийг илрүүлж, шалган шийдвэрлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, тайлагнах үйл ажиллагааг нарийн,тодорхой болгох зэрэг өргөн хүрээнд асуулт асууж, хариултаа авлаа.

Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр явуулж, иргэдээс нүүр буруулахгүй. Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалын чиг үүргээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэж байв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар “Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлнэ. Нэр дэвшигчдийн асуултад хариулт өгч байгаа болон байр сууриа илэрхийлж байгаа байдлаас энэ хүмүүсийг томилох боломжгүй үндэслэл байвал нэрийг нь санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжтой. Мөн УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ томилох, эс томилохыг шийдээд явна.

УИХ-тай зөвшилцдөг болон УИХ-аас томилдог албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар иргэд нэр дэвшигчдээс ач холбогдол бүхий асуулт асууж, хариулт авч байна. УИХ энэ үйл ажиллагааг хэвшүүлснээр иргэдийн УИХ-д болон төрд итгэх итгэл дээшлэнэ. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд  энэ мэтчилэн тодорхой хэмжээгээр оролцох нь олон талын ач холбогдолтой. Томилогдох гэж байгаа албан тушаалтнууд ч эргээд иргэдийн хяналтад орж байна. Цаашид УИХ-тай зөвшилцдөг болон томилдог бүх албан тушаалтныг олон нийтийн хараа хяналт дор хэлэлцэж байх болно” гэлээ.

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version