НийгэмФото сурвалжлагаНийслэл

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгууллаа

НЗДТГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан бөгөөд нийт 60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед бэлэн эсэхээ шалгав. Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдлаа.

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, хотын удирдлагын баг Хан-Уул, Баянгол дүүргийн нүүлгэн шийлжүүлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүлгэн шилжүүлэх байрыг нэг цагийн дотор босгох боломжтой” хэмээн хэлж байв.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг түр орогнуулах байрыг ОУ-ын стандартын дагуу бэлтгэсэн бөгөөд хүүхдүүдэд дадлага, сургуулилт үзүүлэх сургалтыг мэргэжлийн байгууллагын багш нар шат дараатай орж байлаа. Сургалтад тус дүүргийн 189 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 25 хүүхэд оролцлоо. Хүүхдүүдэд ямарваа нэгэн гамшиг учирсан тохиолдолд “Суу, нуугд, хүлээ” гэдэг дохиогоор аюулгүй байдлаа хангаж чадна гэдэг ойлголтыг авч байлаа.

Харин Баянгол дүүргийнхэн “ДЦС-IV”-ийн урд буюу Дүүргийн агропаркийнхаа талбайд иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Тэд нийт 543 хүнийг нүүлгэн шилжүүлж, анхны тусламжаас авахуулаад бүхий л үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Уг дадлага сургуулийн зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед иргэд олон нийт өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэж байгаа юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй оролцож байна. Бүртгэлийн асуудал дээр л хүндрэл гарлаа. Үүнийг цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээн дээрээ бодолцох ёстой зүйл гэдгийг практикаас харлаа. Газар хөдлөлтийн гамшигтай холбоотой мэдээллийг 111 аюулгүйн талбайд цугласан иргэд, оршин суугчдад хүргэлээ. Одоо бид үргэлжлүүлээд газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцаж байна” гэлээ.

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн талбайд иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлж иргэдэд үйлчиллээ. Үүнд төрийн бус байгууллагууд болон сайн дурынхан ирж иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, хүнсээр хангах үйлчилгээг ч цогцоор нь шийдсэн, онцгой хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан нь онцлог байлаа.

Нүүлгэн шилжүүлэлтийн талбай дээр Хаан банк болон Улаанбаатар банкууд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, явуулын АТМ ажиллаж банкны цогц үйлчилгээг газар дээр нь иргэдэд үзүүлж байлаа. Мөн Скайтел үүрэн телефон холбооны харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн үйлчилгээг үзүүлж иргэдийг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ холбогдох нөхцлийг бүрдүүлсэн нь онцлог байлаа. Түүнчлэн хоол хүнсний хангамжийн асуудлыг мөн шийдэж ажилласан байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version