Б.Шинэтулга алтан медаль хүртэж, анхны Жюү жицүгийн дэлхийн аварга боллоо
Жюү жицүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр хөвгүүд болон залуучуудын ангиллын өрсөлдөөн боллоо. Энэ жилийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дээрх хоёр ангилалд нийт 980 гаруй тамирчид өрсөлдөв.
Манай улсаас дэлхийн аваргын дэвжээнд 21 тамирчин хүч үзэж, нийт 6 медаль хүртлээ. Өсвөрийн 45 кг-ийн жинд Шинэ Бадрахын Шинэтулга алтан медаль хүртэж дэлхийн аварга боллоо. Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргад мөнгөн медаль хүртэж байсан юм. Мөн манай улсын тамирчдаас С.Шинэхүү, Ө.Бат-Оргил нар мөнгөн медаль, С.Одбаяр, Ц.Хосбаяр, Г.Гарамхүү нар хүрэл медаль хүртлээ.
Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Мастерсийн өрсөлдөөнөөр үргэлжилж байна. Энэ жилийн мастерсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 тамирчин барилдах юм.