Цэрэг спортын “Дөл” тэмцээний хоёрдугаар шат эхэллээ
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Батлан хамгаалах яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Батлан хамгаалах яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа н.Эрдэнэ-Очир, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албаны хүмүүс, ЕБС-иудын удирдлага, багш, сурагчид, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан баг тамирчдын ар гэрийнхэн оролцов.
Тэмцээнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын иргэн бүр эрүүл, боловсролтой, чадавхтай, оюун ухаан, бие бялдарын хөгжил өндөртэй байх нь улс орны язгуур эрх ашиг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас Нийслэлийн Засаг даргад эрүүл чийрэг ирээдүйн иргэнийг бэлтгэн гаргахад хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Энэхүү үүргийн хүрээнд цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн. Тэмцээний гол зорилго нь нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, сэтгэлзүйн тэвчээр суулгаж, багаар ажиллах ур чадварыг олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршдог” гэдгийг онцолж хэлээд нийт тэмцээнд оролцож буй дасгалжуулагч, баг тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.
Тэмцээний ерөнхий шүүгч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр “Дөл тэмцээн маань 9 дүүргийнхээ аваргыг шалгаруулахаар өнөөдөр жигдрэн жагссан байна. Тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд гуравдугаар сарын 18-наас өмнө 9 дүүргийн хэмжээнд 96 сургуулийн 1404 гаруй сурагчид оролцсон нэгдүгээр шатны шалгаруулалт болсон. Өнөөдөр бол дүүргүүдээс шалгарсан шилдэг багууд 12 төрөлд ур чадвараа сориход бэлэн болоод байна. Энэ тэмцээнээр дамжуулан сурагчдад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлдгээрээ онцлогтой юм” гэв.
Энэхүү тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын 80 жилийн ойн хүрээнд гуравдугаар сарын 05-18-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Хоёрдугаар шатны тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.