НийгэмХууль эрх зүйЭх сурвалжШинэ мэдээ

Б.Батзориг: Хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд байдаг

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Нийслэлийн хэмжээнд 2018 онд 1128 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр буюу 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 оны 01 дүгээр сарын байдлаар 7.1 хувиар буурсан үзүүлэлтэй боловч цаашид өсөх хандлагатай байна. Энэ нь иргэдийн эрхээ хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдсэн, ихэвчлэн гэр бүлийн гишүүдээс гомдол гаргадаг байсан бол хөндлөнгийн этгээдээс тухайн гэр бүл дэх хүчирхийллийг мэдээлэх хандлага нэмэгдсэнтэй холбож үзэж болно.

Хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд байдаг. Хүүхдийн халдашгүй эрх нь насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас олон талаар зөрчигдсөөр байна. Ихэвчлэн зам тээврийн осолд өртөх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хуучнаар танхай, зодооны хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, зарим тохиолдолд хулгай, дээрэм, залилан, хүчиндэх гэмт хэргүүдэд өртөж байна.

Иргэн бүхэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байна уу гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Бүртгэгдсэн хэргүүдийг судлахад хүчирхийлэгч нь ихэвчлэн тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, гэр бүл, хамаатан садны холбоотой шалтгаанаар хохирогчийг буруутгах, төрсөн эх нь хүртэл гомдолгүй гэж мэдүүлэг өгөхийг ятгах зэргээр хүүхдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Үүнд тухайн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл бүр урт удаан хугацаанд хаалттай хаалганы цаана үргэлжилсэн байдгийг санаж байх ёстой. Насанд хүрсэн эрүүл хүний толгойд багтамгүй амиа хорлох аймшигт бодлыг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тээж явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ? Ямар үр дүн гарав

2019 оны 02, 03 дугаар сард Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх чиглэлээр “Цахим тоглоом”, “Илрүүлэлт-2019” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэ үйл ажиллагааны хүрээнд 78 удаагийн нэгдсэн шалгалтыг зохион байгуулж, 54 зөрчлийг илрүүлэн 157 иргэнийг 5.720.000 төгрөгөөр торгосон. Зөвшөөрөлгүй болон стандартын шаардлага хангаагүй 30 газрын үйл ажиллагааг түр зогсоож, зургаан газрын үйл ажиллагааг түдгэлзүүлжээ.

Хараа хяналтгүй байж болзошгүй нийт 192 хүүхдийг олж тогтоон хүүхдээ үл хайхарсан эцэг, эхэд Зөрчлийн тухай хуулиар 940,000 төгрөгийн торгууль ногдуулах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагатай хамтран зорилтот бүлгүүдэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Түүнчлэн ганцхан хормын уур бухимдлаа тэвчиж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадахгүй байгаа тул “Нэг хором” аяныг Цагдаагийн ерөнхий газар, “JCI Монгол” төрийн бус байгууллага, бусад газартай хамтран зохион байгууллаа. Үүний үр дүнд Эрүүгийн хуулиар зохицуулагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна.

Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аль нэг байгууллага дангаараа ажиллах нь үр дүнгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай мэдрэгдсэн. Иймд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна энэ чиглэлийн төрийн бус байгууллагатай тодорхой ажлуудыг үе шаттайгаар хамтран зохион байгуулж байна.

Он гарсаар хүчирхийллийн эрсдэлтэй хүүхдийн төлөө ажиллах үүрэгтэй хороодын “Хамтарсан баг”-ийн 650 алба хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сургалт нь тодорхой жишээнд дээр тулгуурлан ямар шийдвэр гаргах, хуулийн байгууллага шалгаж байгаа эсэх гээд орхиж болохгүй, хохирогч хүүхдийн хүчирхийллийн эрсдэл, сэтгэл санааны байдал бүрэн арилтал, эрүүл болтол “Хамтарсан баг” ажиллах шаардлагатай гэдгийг ойлгуулах нь чухал байна.

Мөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дэлхийн зөн, Монголын Сурагчдын Холбоо, Лидер Сурагч академи, Монголын Скаутын Холбоо, Дрем ТВ, Хөгжлийн хөтөч, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Монголын Грейт Лавуэрс хуулийн фирм, Монгол өрх зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран их, дээд болон Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг байгууллагад хүүхдийн төлөө нийт 361 багш ажилчид, 1644 эцэг эх, 4755 сурагч хүүхдүүдэд сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалт, өдөрлөг зохион байгуулж, хүүхдэд чиглэсэн контент цувралаар бэлтгэн хүргэж байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төр засгаас болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үндсэн бодлого чиглэл юу вэ?

Төрөөс хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, шаардлагатай зарим санхүүжилтийг шийдвэрлэж өгч байгаа нь үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа. Хүүхддийн төлөө үндэсний зөвлөлийн 2018-12-03 ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримтыг батлаж өгсөн. Үүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр эцэг эхийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, бүх талаар дэмжин ажиллах ёстой талаар тодорхой дурьдсан байгаа. Энэ нь тухайн байгууллагын алба хаагчдын гэр бүлийн тогтвоортой байдал, цаашлаад боловсон хүчний бодлогод ч эерэгээр нөлөөлнө. Яагаад гэвэл гэр бүлийн амар тайван тогтвортой байдал ямар ч байгууллагын ажлын үр дүнг дээшлүүлнэ гэдэг талаар тэр бүр бодохгүй байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлж, бусад хууль тогтоомжоо хэрэгжүүлээд явбал бид хүүхдээ хамгаалах бүхий л боломжууд байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

Хууль бол хэрэгжүүлэх ёстой эрх зүйн баримт бичиг. Хууль хяналтын байгууллагууд чиг үүргээрээ тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгаа ч зарим газар хангалттай биш байна. Тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэж байгаа тоо үзүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Хүн амын тоо, бүртгэгдэж байгаа дуудлага, мэдээлэл ойролцоо түвшинд байгаа ч хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн асуудлыг шийдвэрлэхдээ яагаад ийм зөрүүтэй байгааг сэтгүүлчид та бүхэн тодруулна бизээ. Энэ оны эхний 3 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчилсан хүний тоо Баянзүрх 347 Сонгинохайрхан 54 энэ арай дэндэнэ. Сонгинхайрхан дүүргийн шүүх хойд аав баавгайн талд бна уу үгүй юу. Сонгинохайрханы хүүхдүүд хүчирхийллийн аймшигт эргүүлэгт байсаар байх уу. Хүчирхийлэл үйлдснийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдэг нь шударга ёс бөгөөд хүүхдийн төлөө авч чадах хамгийн чухал арга хэмжээ.

Хүчирхийлэл бол өдөр харгалзахгүй бүртгэгдэж, хүүхдийн айсан, уйлсан, шаналсан, аврал нэхсэн дуу сонсогдсоор байхад дүүргийн шүүх гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ажлын 1-2 өдөр зааж, бусад өдөр хүлээн авахгүй дотоод ажилтай гэдэг. Энэ нь Хүүхдийн эрхийн конвенц, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гэх мэт олон хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байгааг анхаарах хэрэгтэй. Шүүх ажлын өдөр бүр ажиллаж хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэж байх ёстой. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэл үйлдэгч этгээдэд тохирсон хариуцлага хүлээлгэх саналыг тухай бүр прокурор, шүүхэд хүргүүлж байх бодлого баримталж байгаа.

Бүх хороодод “Хамтарсан баг” ажиллаж байна. Энэ хамтарсан багийн үүрэг чиглэлийн талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү?

Хороодын Засаг даргаар ахлуулсан “Хамтарсан баг” бол хүүхдийн төлөө ажиллах ёстой үндсэн нэгж байтал энэ үүргээ биелүүлдэггүй Засаг дарга нар олон байдаг. Үүргээ хангалттай биелүүлдэг нь цөөхөн дөө.. Хууль гаргах нь нэг хэрэг үүнийг дунд шат, доод шатандаа сэтгэл гаргаж хэрэгжүүлэх нь хамгийн гол асуудал болоод байна. Хамтарсан баг бүр хариуцсан хороондоо хүчирхийллийн эрсдэлтэй гэр бүл, хүүхдийг таньж мэдэх, тэдэн рүү чиглэсэн ажил, арга хэмжээ аваад хуулиа хэрэгжүүлээд ажиллавал маш их үр дүн гарна.

Хүүхдийн нүд их зүйлийг хэлдэг шүү дээ. Багш нар ангидаа байгаа хүүхдүүдээ ажиглаж таньж чаддаг байх, нийгмийн ажилтантайгаа нягт хамтран ажиллаж, харьяа цагдаа болон хамтарсан багт мэдээлэл хүргэж байж хүүхдийн хүчирхийллийг эрт шатанд нь таслан зогсоох, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.

Хүүхэд том хүн байж үзээгүй, та хүүхэд байж үзсэн. Хүүхэд таныг ойлгох биш, та хүүхдээ ойлгож найз шиг нь харьцах, охин хүүхдээ хэн ч чамайг доромжлох, зодох эрхгүй гэж зоригтой хэлж сур, эрчүүдтэй болгоомжтой харилцах, сайхан үгний цаана богино хугацааны сонирхол нуугдаж болзошгүй, аз жаргал бол зөвхөн мөнгө, материаллаг зүйл дээр тогтдоггүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөн бага насны охиноо сайн ажиглаж, нэг өдөр, нэг цаг ч гэсэн хяналтаас алдаж болохгүй. Эрэгтэй хүүхэд ч ялгаагүй. Эмэгтэй хүүхдийн биед хамаагүй хүрч болдоггүй, бусдыг хүндэлж сур гэдгийг ойлгуулж, зөв хүмүүжил, зөв сонирхолтой болгох нь чухал байна.

Чөлөөт цагаараа өөрийн сонирхож байгаа дугуйлан, секцдээ хамрагдаж, хоббидоо хөтлөгдөн явдаг хүүхдүүд ирээдүйд зөв төлөвшилтэй иргэн болж байдгийг залуу эцэг эхчүүд эрт ойлгох хэрэгтэй.

Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулах вэ?

Гэмт хэрэгт өртөж хохирч, холбогдож байгаа хүүхдийн дийлэнх нь гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүл салалтын улмаас хараа хяналтгүй болж, зарим нь гудамж талбай олон нийтийн газарт хоног төөрүүлж, гуйлга гуйж яваа нь харамсалтай. Иймд энэ хүүхдүүд рүү чиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх ажил нэн чухал учраас Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран улирал бүр энэ ажлыг эрчимжүүлж анэг ч хүүхэд удамжинд гуйлга гуйгаад хоног төөрүүлж сууж байлгахгүй тусламж үйлчилгээнд хамруулах юм. Урт хугацааны туршид хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах нэгэн том боломж нь хүүхэд, залуучуудад гэр бүлийн зөв боловсрол олгох явдал.

Бие биенээ бүрэн гүйцэд таньж мэдрээгүй, удам судар, ар гэрийн хүмүүжлийн судлаагүй байж сэтгэлийн хөөрлөөр дөнгөж танилцаад удаагүй байхдаа хүүхэдтэй болчихдог, удалгүй бие биенийхээ үнэн мөн чанарын таньж мэдрээд ирэхээрээ нөгөө хүчирхийлэлтэй тамын амьдрал нь эхэлдэг.

Үүнээс болж хүүхэд хохирч, цаашлаад энэ хүүхэд Монгол Улсад зөв төлөвшилтэй, зөв хүмүүжилтэй иргэн болон төлөвшихэд асуудал тулгараад байна. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдэд гэр бүлийн боловсролыг хэрхэн үр дүнтэй өгч байна вэ гэдэг асуулт, хүүхдэд боловсрол олгох багш нарын мэдлэг ур чадвар, өөрсдийнхөн үлгэр дууриал ямар байна вэ гэдэг асуулт гарна.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас сургууль бүрт, хороо бүрт охидын үзлэгийг сэргээн бэлгийн хүчирхийллийг эрт илрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Цаашид сургууль руу чиглэсэн хүүхдүүдэд гэмт халдлагаас өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэх ёстой гэх мэт эрх зүйн мэдлэг олгох сургалт мэдээллийг үргэлжлүүлэн явуулна. “Сургуулийн эргүүл буюу School police” загвар, бусад орны туршлагад тулгуурлан “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэх, хүүхдүүдийг үе тэнгийн хүүхдүүдээр нь төлөвшүүлэх, эх оронч зөв төлөвшил олгох зорилготой “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм гэх мэт ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version