Урин дулаан хаврын улирал ирэхтэй зэрэгцэн нийслэл хотод хийж хэрэгжүүлэх их ажил ундардаг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд ч иргэдийн эрх ашгийн төлөө хийж хэрэгжүүлэх олон ажил бий. Гэвч дүүргийн Засаг даргагүй гурван жилийн нүүр үзсэн нь багадаж, “Муу дээр муухай. Муухай дээр улцан” гэдгийн үлгэр энэ дүүрэгт тохиожээ.
Тус дүүргийн нөхөн сонгуулийн маргаанаас үүдэлтэй улс төржилт иргэдэд төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломж олгохгүй байна. Тус дүүрэгт 2016 оны намар орон нутгийн сонгуулиар АН 22, МАН 19 тойрогт ялалт байгуулсан. Гэвч сонгуулийн дараа зургаан ч тойрогт маргаан гарч, дөрвийг нь хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан. Харин 10, 19 дүгээр тойрогт өнгөрөгч III дугаар сарын 23-нд дахин сонгууль явуулж, МАН ялалт байгуулсан. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, тус дүүргийн АН-аас эсэргүүцлээ илэрхийлж, дүүргийн байранд төдийгүй хороодод төрийн үйлчилгээг иргэдэд хэвийн хүргэх боломжгүй болгоод байна.
Энэ талаар БЗД-ийн V хорооны иргэн Б.Зоригтбаатар хэлэхдээ “Дүүрэг дээр асуудал үүссэн цагаас иргэд олон хоног, цагаар бичиг баримт бүрдүүлэх, гарын үсэг зуруулах зэргийг шийдвэрлүүлэх гэж хүлээж байна. Миний хувьд газрын бичиг хөөцөлдөж байна.
Газрын албаны байранд ажиллаж байгаа хүн алга. Тэгээд дүүрэг дээрээсээ орж ирж асуух гэсэн асуух хүн ч алга. Гайхаад л байна. Хэтэрхий улс төржөөд байна. Ингэж улстөржиж талцаад, хийсэн ч юм байхгүй яваад байж болохгүй” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнхийн бие төлөөлөгч, БЗД-ийн 22 хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ж.Батбаатар хэлэхдээ “Миний хувьд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Баярмөнхийн бие төлөөлөгчийн хувиар БЗД-ийн V дугаар хороотой нягт хамтарч ажилладаг. Нилээн олон хороодтой хамтарч хийж хэрэгжүүлэх ажлууд байдаг ч хэрэгжиж байгаа нь их бага байна.
НИТХ-ын төлөөлөгч маань тайлангаа тавьж мэдээлэл өгье гэхээр иргэдээ дуудаж өгдөггүй. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын бүртгэлийг хорооноосоо авах ёстой. Хорооноос бүх төрлийн мэдээллээр хангаад өгчихвөл төлөвлөсөн ажлуудаа хурдтай л явуулмаар байна. Гэтэл ажил ч ургашлахгүй, иргэдээс ч гомдол тасрахгүй юм. Иргэд тодорхойлолт авах гээд ирэхээр Засаг дарга нь эзгүй гээд авч болохгүй байна гэж байна.
БЗД -ийн иргэдийн хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хөрсний ус, замын эвдрэл гэмтэл. Өнгөрсөн онд бороо хур их орсноос хөрсний ус дээшилсэн тэрнээс үүдэн үзам талбай их гэмтсэн. Энэ бүхнийг ИТХ –ын гишүүний хувиар анхаарч засч янзлах ёстой. Хөрсний усны шинжилгээний хариуг авах гэж дүүрэг дээр 2-3 удаа очоод авч чадахгүй байна. Монелийн замын эвдрэлийг ч шийдчих бүрэн боломжтой байна. Тиймээс V дугаар хорооны Засаг даргад хамтран ажиллах саналтай байгаагаа хэлэх гэж ирсэн. Өмнө нь Ширэндэв гэдэг хүн байсан. Удаан ч гэсэн ажил урагшилдаг байлаа. Харин одоо сонгогдсон Засаг дарга нь “Сургалтад сууж байгаа” гэдэг нэрээр дүүрэг дээр яваад байгаа сурагтай байна. Хамгийн гол нь иргэд өнөөдөр дүүрэг дээр үүссэн нөхцөл байдлаас үүдэн хохирч байна” гэлээ.
Баянзүрх дүүргийн хувьд хог шороо, гэрэлтүүлэг, хөрсний ус зэрэг олон асуудлууд байдаг. Тухайлбал, тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрсний усны асуудал иргэдийн ая тухтай орчинд амьдрах боломжийг үгүй хийж байна. Хөрсний усны асуудал цагаан сарын дараах нь яригдаж эхэлсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд усны хэмжээ эрс нэмэгджээ. Тус хорооны Сэлбэ дагуух хэсэгт амьдардаг иргэд хэлэхдээ “Хөрсний усны асуудалтай холбоотойгоор гэрэл тогны аюулгүй байдлыг хангаад өгөөч, усыг хуучин урсдаг байснаар нь болгоод өгөөч, шороо асгаад өгөөч гэж Хорооны Засаг даргадаа удаа дараа хэлсэн. Өмн нь 30 -аад айл л хөрсний усны асуудал ярьдаг байсан бол одоо 100-гаад айл болчихлоо.
Хайлаастын гүүр тавьснаас хойш ус бүр ч их нэмэгдчихсэн. Бидэнд ямар ч улс төржих шаардлага алга. Энэ усыг л ингэж урсдаггүй болгомоор байна. Гэр орондоо тайван тухтай амьдармаар байна. Хороон дарга ажлаа хийгээд яваад байгаа гэдэг ч усанд автсан иргэддээ ямар ч анхаарал тавихгүй байна. Сандал суудалтайгаа булаацалдаад дүүргээр л яваа сурагтай. Усанд автчихсан айлуудын зарим нэг нь байр саваа түрээслэсэн байсан. Гэтэл ус ороод ирэхээр тэр хүмүүс нь нүүгээд явчихсан. Эзэнгүй хаягдсан байранд нь архичид орж цуглаад гал алдаад шатаах ч тохиолдол гарлаа. Манай хорооны айлуудыг уснаас гаргах сэтгэл байвал хийх ажил их, боломж ч зөндөө бий. Гэвч сандал суудал, улс төржилт л манай дүүргийнхэний ажил болоод байна” гэлээ.
Иргэд энэхүү мэдээллийг өгөхдөө зургаа авахуулж, нэрээ хэлэхээс татгалзсан бөгөөд 27 хорооны Засаг даргатай уулзаж, дээрх асуудлаар тодруулга авахыг хүссэн ч “Дүүрэг дээр яваа” гэсэн тайлбарыг хорооны ажилтнууд хэллээ. Харин тус хорооны зохицуулагч Н.Гантунгалаг хэлэхдээ “Бид хорооны хэсэг иргэдийн санал хүсэлтийн дагуу хөрсний усны асуудлаар мэдээлэл бэлтгүүлж хэвлэлүүдээр гаргуулсан. Дүүргийн холбогдох албаныханд бичиг өгсөн. Иргэдийн зүгээс “Хайлаастын гүүрийг барихдаа голын гольдрол өөрчилсөн. Энэ нь ус халих шалтгаан болсон” хэмээн хэлж байгаа. Үүнийг гүйцэтгэгч байгууллага болох “Мотор сервис” компанид мэдэгдэхэд “Манайх голын гольдрол өөрчлөөгүй. Ном журмын дагуу хийсэн. Та бүхэн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бичгээ аваад ир” гэсэн. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хариуг хүлээгээд л сууж байна. Усыг зайлуулж холдуулах боломжгүй тал талдаа хүлээлтийн байдалтай байна. Үнэндээ Хороо бол бичиг уламжилдаг л байгууллага. Төсөв хөрөнгөггүй. Гэхдээ зүгээр суугаагүй айлуудаас тог авч, мотор байрлуулж усыг зайлуулах ажлыг хийж байна. Айл өрхдөө тогны мөнгийг нь төлж байгаа. Бид зөвхөн иргэдийн асуудлыг шийдэхээс гадна хорооныхоо байран доорх усыг зайлуулах ажлыг хийж байна. Манай хорооны байр ч усанд автдаг. Усыг нь шахуургаар шавхаж гаргах ажлыг өдөр бүр хийдэг” гэлээ.
Ийнхүү Нийслэл хотын томоохон суурьшлийн бүс болох Баянзүрх дүүрэг “Засаг даргагүй”, дээрээс нь ажлаа мэдэж удирдах хороодын удирдлагууд нь намаараа талцаж ажлаа хийхгүй байгаагаас зарим айлууд нь гэрээсээ дайжих дээрээ тулж, бичиг баримт хөөцөлдсөн нэгэн нь хороо, дүүргийнхээ үүдийг сахин өдөр хоногийг өнгөрүүлсээр л. Нам дагасан улстөржилт хэрээс хэтэрч, иргэдийн өдөр тутмын амьдралд ийнхүү нөлөөлж эхэллээ. Төрийн ажил үйлчилгээг хэвийн явуулах нь дүүрэг, хороодод ажиллаж байгаа бүхий л албан хаагчдын үүрэг. Тиймээс намын ажил, улстөржилтөө төрийн ажил үйлчилгээтэй хольж, иргэдийн эрхийг зөрчиж болохгүй гэдгийг “Баянзүрх” дүүргийн үүрэг хүлээсэн эрхмүүдэд сануулахыг хүслээ.
П.Нарандэлгэр
tailandad gazar oldohgui usan deer gadsan suuri barij baishin barij bhad manaikhan gazar nutag ikhtei murtluu uchuukhen asuudliig shiidejchadahgui sandal shireenii heruul hiigeed bh yum daa yaj hugjij ard tumnee… Цааш унших
ямарч зөвшөөрөлгүй нөхдүүд голын ай сав,гуу жалын ам таглаж буусан одоо бүр сууришаад ,,,сонгуулиар МАНАН -н нөхдүүдийг дагаж хов зөөж гүйсээр байгаад газрын зөвшөөрөл авсан одоо ,,байгал-уур амьсгалын өлөөнд автаад… Цааш унших