УИХ-ын хаврын чуулган маргааш буюу энэ сарын 5-нд нээлтээ хийнэ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт хараахан гараагүй байгаа ч энэ удаангийн чуулганы хамгийн онцлох бөгөөд чухал үйл явдал нь АТГ-ын удирдлагуудыг чөлөөлж, тэдний орны хүнийг томилох.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь огцруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн гэдэг. Харин Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ямар үндэслэлээр огцруулсан нь одоо хэр тодорхойгүй. Үүнийгээ ч тайлбарлаагүй юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргаар Сийлэнгийн Ганбат, Зандраагийн Дашдаваа нарын нэрийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэх албан бус эх сурвалж байгаа аж.
С.Ганбат нь өдгөө хурандаа цолтой, Дотоодын цэргийн штабын даргаар ажилладаг. Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгчөөс тасгийн дарга, дэд дарга, ЭЦГ-ын дарга хүртэл дэвшин ажиллаж байжээ.
З.Дашдаваа нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан, одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажилладаг юм байна.