Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийлээ. Шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад холбогдох хуулиуд, дүрэм, журам, норм, стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор гуравдугаар сарын 18-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд хийв.
Монгол Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар 1751 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 52 хувь нь сүүлийн жилүүдэд олборлолт явуулаагүй байна. Шалгалтын явцад 32 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, есөн хувь нь эхлүүлэхээр бэлтгэл хангаж байсан бол 7 хувь нь байнгын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байв. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд уурхай дээр байх ёстой бичиг баримтын бүрдэл дутуу, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, тайлагнаагүй, ус ашиглах дүгнэлт, гэрээгүйгээр усыг их хэмжээгээр ашиглаж байгаа зөрчил илэрчээ. Мөн хүнд даацын автомашин, төхөөрөмжүүдийн ашиглалт, засвараас гарсан аюултай хог хаягдлаа зориулалтын дагуу хадгалаагүйгээс байгаль орчныг бохирдуулсан зөрчил илэрчээ.
Түүнчлэн ил уурхайн хажуугийн тогтворжилтын шинж чанар алдагдсанаас чулуулгийн гулсалт, нуралт үүсч болзошгүй нөхцөл үүссэн, аюул бүхий хэсэгт хориглох, анхааруулах тэмдэг, хаалт байгуулаагүй зөрчил нийтлэг илэрсэн байна.
Шалгалтын явцад нийт 592 зөрчил илрүүлснээс 90-ийг нь газар дээр нь арилгуулж, 28 аж ахуйн нэгж, 13 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоожээ.