МИАТ: Гуанжоу хотын шууд нислэг хийж эхэллээ
Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Азийн чиглэлд зах зээлээ тэлэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор Гуанжоу хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа өнөөдөр нээж байна.
МИАТ компани ийнхүү Гуанжоу хот уруу шууд нисдэг болсноор хоёр улсын иргэд харилцан зорчиход нэн таатай нөхцөл бүрдэхээс гадна худалдаа бизнес, аялал жуулчлал, боловсролын салбар цаашлаад БНХАУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж тус компанийн захирал Д.Баттөр хэлсэн үгэндээ дурдав.
Зорчигчидоо зорьсон газарт нь аюулгүй найдвартай хүргэхээр Агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа, Ч.Гэрэлт-Од тэргүүтэй нисэх бүрэлдэхүүнтэй В737-800 агаарын хөлөг 22:40 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Гуанжоу хотыг чиглэн хөөрлөө.
Гуанжоу бол БНХАУ-ын дөрөв дэхь том хот бөгөөд аялал жуулчин, худалдаа бизнес өндөр хөгжсөн хот юм. Сүүлийн үед манай улсын иргэд “Canton Fair” үйлдвэр худалдааны үзэсгэлэнд оролцохоор Гуанжоу хот уруу ихээр зорчдог болсон. Энэ өдрөөс эхлэн МИАТ компани зуны нислэгийн хугацаанд долоо хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гаригт уг чиглэлд шууд нислэг үйлдэх юм.
Зөвхөн өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын 1,4 сая иргэн Google хайлтын программаар Монгол Улсад хэрхэн аялах тухай мэдээлэл хайж үзжээ. Энэ тоо Хятадын улсын зах зээлд амжилттай ажиллах боломж байгааг бидэнд харуулж байна.