Оросын Улс түмний найрамдлын их сургуульд Монголын 244 иргэн баклавр, магистр, докторын шатлалын боловсрол эзэмшсэн бөгөөд эдүгээ 101 оюутан суралцаж байгаагаас 23 нь хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа ажээ.
Тэдний сурлагын амжилт 2018-2019 оны хичээлийн жилийн өвлийн шалгалт, шүүлгийн дүнгээр 74,0 хувьтай байгаа юм байна. Энэхүү мэдээллийг Оросын Улс түмний найрамдлын их сургуулиас Москва хотноо ажиллаж байгаа Азийн орнуудын Элчин сайдын яамдын Боловсролын асуудал хариуцсан ажилтнуудад зориулан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан уулзалт, ярилцлагын үеэр тус сургуулийн удирдлагууд танилцуулав.
Уулзалт, ярилцлагын үеэр бэлтгэл болон нэгдүгээр курсын оюутнуудыг шинэ орчинд дасан зохицоход нь жинтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэн оюутнуудад Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн “Баярын бичиг” гардуулах ёслол болов. Энэхүү шагналыг Монголын оюутан, залуучуудаас тус сургуулийн бакалаврын 3 дугаар курсын оюутан Х.Марал, магистрын 2 дугаар курсын магистрант Б.Баттэлмүүн нар хүртэв.
Уулзалт, ярилцлагад Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов.