ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицаг өрөөндөө хүлээн авч уулзлаа.
ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирлаар Такаши Касе шинээр томилогдсоныг уламжлаад зургаадугаар сард манай оронд айлчлах явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлтэйг Др Сергей Диордица дамжуулав.
ДЭМБ-аас Номхон далайн Баруун бүсийн улс орнуудад явуулах бодлоготоо багагүй өөрчлөлт оруулж яаралтай, онцгой нөхцөл байдал, халдварт бус өвчин болон насжилт, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад техник туслалцааны чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэв.
Хүн амын эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн орны хувьд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар ДЭМБ-тай хамтарч дэмжин ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.