НийгэмНийслэл

С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтан бүр иргэдийн дунд орж ажилла

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, хотын тохижилт, өнгө үзэмжийг  сайжруулах ажлын хүрээнд холбогдох албаны хүмүүсийн хамтаар нийслэлийн гудамж талбайгаар өнгөрөгч бямба гарагийн амралтын өдөр /2019.03.23/ явж, тулгамдсан асуудлын шийдлийг гаргаж ажиллах үүрэг даалгаваруудыг өглөө.

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эвдэрч хугарсан хашаа хайс, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тавигдсан зарлалын самбар, төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагын гаднах  өнгө үзэмж, хагарч эмтэрсэн шат гишгүүр, нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь эвдэрч цөмөрсөн явган хүний зам, иргэдэд аюул учруулж болохуйц унжсан цахилгааны утас, явган зорчиход төвөг учруулахуйц янз бүрийн хэлбэр хийцтэй траншейны таг, самбарын суурь төмөр зэргийг нэн даруй засч янзлуулахыг УБЗАА, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, дүүргүүдийн холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болгов.

Тэрбээр “Иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар хийх ажлууд дээр байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилла. Нэг нэгэнрүүгээ ажлаа займчуулдаг, манай хариуцсан ажил биш гэх мэтээр өөрсдөөсөө холдуулдаг, хариуцлагаас бултах байдлаар хотын ажилд сэтгэлгүйгээр хандаж болохгүй. Шаардлага тавих газарт нь шаардлагаа тавьж, хариуцлага нэхэж ажиллах хэрэгтэй. Аль ч газар хэлтсийн дарга удирдлага, мэргэжилтнүүд энэ нийслэлийн иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ажлыг нуруун дээрээ үүрсэн хүмүүс гэдгийг сана.  Хотын өнгө үзэмжийг сайжруулах асуудал дээр иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө оролцож, үүргээ хүлээх ёстой гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ядаж төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллагуудад ойр орчмын газрын тохижилт, аюулгүй байдал, стандартыг хангуулж, хог хаягдлаар дүүрсэн байдлаа цэгцэлж цэвэрлэх үүрэг чиглэл, хугацаатай даалгавар өгч ажилла. Үүнийхээ араас холбогдох байгууллагууд нь хяналтаа сайжруулж ажиллах хэрэгтэй.

Хотын ажлыг өрөөнөөс хийхгүй. Гудамж, талбайгаараа алх, иргэдтэй уулз. Нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилц. Бүх гудамж талбайг дүүрэг дүүргээр нь хувааж аваад нэн даруй явж, нөхцөл байдал дээр нь үнэлэлт, дүгнэлт хий. Иргэд, ААН-үүдээр өөрийн эзэмшлийн газар талбайн тохижилт үйлчилгээг нь хийлгэ” гэж холбогдох алба тушаалтнуудад хатуу сануулж хэлэв.

Түүнчлэн “Хотоос чамгүй хэмжээний хөрөнгө зарж олон нийтийн газруудад босгосон нийтийн бие засах газрууд хаалттай байна. Үүнийгээ яаралтай нээж, үйл ажиллагааг хэвийн болго. Иргэдийгээ гудамж талбайд бие заслаа гээд шүүмжлээд байгаа хэрнээ бие засах газар нь хаалттай байж таарахгүй” хэмээлээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдтэй уулзаж санал бодлыг нь хуваалцан  ярилцлаа. Энэ үеэрээ “Ажил хариуцсан хүмүүс нь хариуцлагатай, санаачлагатай байж гудамж талбайд өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцдаг, иргэд олон нийттэй санал бодлоо хуваалцаж асуудлаа шийддэг байх нь зүйтэй. Иргэд ч мөн асуудалд идэвхитэй ханддаг, оролцдог, хариуцлагатай ханддаг байх хэрэгтэй. Ингэж ажиллаж байж хотын ажил урагшаа явна. Аливаа шийдвэр, асуудлууд дээр хүн бүрийн оролцоог хангаж ажиллахыг нийслэл бодлогын хэмжээнд дэмжинэ” гэв хэмээн  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version