Монголчуудын архины хэрэглээ, донтолт хэрээс хэтэрснийг өдөр, цаг тутамд, хэн бүхний нүднээ ил болж. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, гуравхан сая монголчуудын 750 мянга нь архины хамааралтай болсон гэх. Архидалттай холбоотойгоор цөөн хүн амтай манай орны хувьд өвчлөл, нас баралт, гэмт хэргийн гаралт зэрэгт зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа нь нууц биш юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог. Манай улсын 21-ээс дээш насны нэг хүнд жилд дунджаар 7.13 л этилийн спирт буюу 38 градус бүхий 18.76 литр архи ногдох тооцоо гаргасан байна.
Индианчуудын архинд донтож, газар нутаг, удмын сангаа устгаж үгүй болгосон түүх бидэнд ойрхон байна….
Дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ жилд 5 литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байна. Монгол хүний цусан дахь архи задлах ферментийн түвшинг тогтоох нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар ферментийн агууламж европ хүнийхээс 3.5 дахин бага нь тогтоогджээ. Иймээс яагаад архинд донтоод байгааг нийгмийн шалтгаан, амьдралын хэмнэл, улсын хөгжилтэй холбохоос гадна физиологийн онцлогтой холбож үзэх хэрэгтэй.
Шар төрлийн арьстнуудад архийг бүрэн задалж боловсруулах фермент цагаан арьстантай харьцуулахад бараг байдаггүй. Тиймээс хурдан согтож, илүү гүн хорддог. Оросын умардын шар арьстан, жижиг үндэстнүүд, чукча, коряки, ненец, Америкийн индианчууд бидний адилаар архинд хавтгайгаар орж, гүн гүнзгий хордсон гэх түүх бий. Тиймээс бараг л дэлхийн түүхнээ устаж үгүй болж буй нь дээрх үндэстний гашуун түүх бидний хаалгыг тогшиход бэлхнээ болж гэдгийг төр засгийн төвшинд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
Хэвлийд байх үеэс буюу удмын санд, цаашлаад сурагчийн ширээнээс эхлэлтэйсархадын хэрэглээ
Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд архины хэрэглээний талаар судалгаа явуулахад 6.1 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулсан байдаг. Мөн ихэнх нь 11 орчим насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн хариулт өгчээ.
Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, мөн жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явцад гажиг үүсч, ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг. Уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрнө гэсэн үг. Энэ нь үр удамд үзүүлж буй архидалтын хамгийн том гашуун түүх. Мөн дээрээс нь тэмдэглэлт баярыг гэр бүлийн хүрээнд архийг тогтмол хэрэглэх нь үр хүүхдүүддээ үлгэрлэн дууриах сургуулилт гэж хэлж болно.
Идэр залуусыг онилсон сархад савнаасаа бусдыг дийлсэн бардамнал
Гэмт хэргийн дийлэнх нь архитай холбоотойгоор үйлдэгдэж, нэг нь эрүүл мэндээ алдаж, нөгөө нь эрх чөлөө, эд хөрөнгөө алдах явдал хаа сайгүй байгаатай хэн ч маргахгүй биз. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны иргэд буюу залуучууд эзэлдэг. Архины ааг омгоо хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхэн, найз нөхөд, бусдад гаргах тохиолдол улам гаарч байна.
Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо жилээс жилд өсч буй юм. Сүүлийн таван жилд 14453 хүн архины эмчилгээнд хамрагдсаны 3157 хүн нь албадан, 11296 хүн нь сайн дурын эмчилгээнд хамрагдсан байна. Улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 20.7 мянган хүн эрүүлжүүлэгджээ. Насны хувьд 40.4 хувийг 26-35 насны тодорхой эрхэлсэн ажилгүй, бага, дунд боловсролтой этгээд эзэлж байгаа бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн 173 этгээдээс 112 нь буюу 68.3 хувь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлджээ.
Архидалтыг бүрэн утгаар нь дэмжих тэмдэглэлт өдрүүд болоод хэрэгжихгүй цаасан дээр хадгалагдсан хууль тогтоомжууд…
Он солилцох өдрөөс эхлээд, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сар, Валентины өдөр буюу дурлалт хосын өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цэргийн баяр, Инээдмийн өдөр гээд цааш багагүй тэмдэглэлт өдрүүд, төрсөн өдөр, байгууллага хамт олны ойн баяр гэх мэтээр баяраас баяр тэмдэглэх маягаар эдийн засгаа ч, эрүүл мэнд болоод ирээдүйгээ “баллаж, баллуурдах” үүрэг архидалтыг дэмжсэн гэхээс илүү юу гэж ойлгох билээ.
За тэгээд амралтын өдрийг уртасгах зорилгоор зарим тохиолдолд ажлын өдрүүдийг нааш цааш болгох нь ч бас дэмжсэн гэхээс өөр юу гэх вэ. Шалтаг гарган архидах, бие биенээ шахах, идээний дээд гэж хэтрүүлэн хэрэглэснээр жилд дунджаар 100-аад мянган хүн эрүүлжүүлэгдэн, архины хордлогын улмаас 537 хүн нас барж байна гэх тоон судалгаа ч байна.
Улс орон даяар архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг 67000 аж ахуй нэгж байгууллага буюу хүнсний дэлгүүр, ресторан, паб үйлчилгээний газрууд байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21-ээс доош насны иргэнд архи болон согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон ч хэрэгжихгүй байгаа юм.
Энх цагт архинаас болж хэдэн зуугаараа нас барж байгаад төр засгаас анхаарал хандуулж, “чимээгүй дайн”-ы эсрэг арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлэхгүй бол оройтож байгааг хаа хаанаа анхаарах цаг болсныг дээрх тоон мэдээлэл харуулсан байх гэдэгт найдаж байна.
Ц.Оюунсарнай