Бялуу чимэглэх ур чадварын уралдаан болж байна
Бялуу чимэглэх “Ур чадвар”-ын улсын уралдаан өнөөдөр болж байна. Тус ур чадвар сорих уг уралдааныг Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, ажил мэргэжлээрээ бахархах, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх, сурталчлах, хэрэглэгчдэд зөв зүйтэй ойлголт төрүүлэх зорилготой гэдгийг тус уралдааныг зохион байгуулагчид онцолж байгаа аж.
Энэхүү тэмцээнийг Монголын хүнсчдийн холбооны гишүүн, нарийн боовны түүхий эд импортлогч Мөн хүнсний үйлдвэрлэлийн бүхий л чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг шаталсан сургалттай Технологийн дээд сургуулийн байранд зохион байгуулж байгаа бөгөөд “Арслангийн удам” ХХК, “Бурхан буудайн хишиг” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Уралдаанд “Талх чихэр” ХК, “Өгөөж” ХК, “Жүр-Үр” ХХК, “Мөнх-Ундармал” ХХК, “Монкек” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Хөвсгөл титаник” ХХК, Технологийн Дээд Сургууль, хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Ганзориг гэх мэт оролцогчид ур чадвараа сорих юм.
Бялууны амт, гадаад үзэмж, чимэглэл, гүйцэтгэгчээс шаардсан ур чадвар зэргийг үндэслэн Нарийн боов, бялууны салбарын мэргэжлийн инженер, технологич нараас бүрдсэн комисс шалгаруулан ажиллах болно.
Энэхүү тэмцээн нь БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын уралдаанд Нарийн боовны чиглэлээр уралдаанд оролцогчдод дадлага туршлага болох юм.
Ц.Оюунсарнай