“Гарааны бизнес 2018” төслийн уралдаанд 30 төсөл иржээ
Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд “Эрдэнэт ШУТП” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ “Гарааны бизнес 2018” төслийн талаараа танилцууллаа.
Тус парк гангийн электрод үйлдвэрлэж, 2018 онд 140 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүнийг иргэдэд хүүгүй, барьцаагүйгээр олгож бизнес санаа, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулахаар болсон. Ингээд төслийн уралдааныг нэг сарын турш зарлаж, өрхийн аж ахуй эрхлэх 19 төсөл, төр, хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр байгуулах 11 төсөл хүлээн авчээ.
Үүнээс “Эрдэнэт Уулын өгөөж” ХХК-ийн төслийг Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүдэд танилцууллаа. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал овоолгыг дахин ашиглах үйлдвэр байгуулах төсөл юм. Ингэхдээ 100 хувь үндэсний компани байгуулж 66 хувь нь “Эрдэнэт Уулын өгөөж” ХХК-д, 34 хувь нь “Эрдэнэт ШУТП” буюу орон нутгийн мэдэлд байхаар төлөвлөжээ. Эхний ээлжинд тоног төхөөрөмжийн туслалцааг тус компани хүсч байгаа аж. Уг төслийг дахин сайн судалж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах хэрэгтэй гэлээ.
Харин иргэдэд олгох зээл нь хоёр хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй бөгөөд эргэн төлөх нөхцөлтэй юм. Гол нь хүүгүй, барьцаагүй тул иргэдэд санхүүгийн хувьд хүндрэл учруулахгүй ажээ. Аж ахуйн нэгжид 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг төр, хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр байгуулах нөхцөлийн хүрээнд олгох юм.